Махны үнэ буурсан нь Хятадуудтай холбоотой юу?

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Махны үнэ буурсан нь Хятадуудтай холбоотой юу?

Махны үнэ буурсан нь Хятадуудтай холбоотой юу?

Махны үнэ энэ хавар тэнгэрт хадаж иргэдийг сөхрүүлэх шахав. Хавартай харьцуулахад махны үнэ нэлээд буурчихжээ. Цаашаа лангуунд нь махны үнэ 200 төгрөгөөр хямд байна. Бид чинь ямар гулуузаар нь мах авах биш байгаа мөнгөндөө тааруулан мах авахаар ирсэн хэмээн иргэн Б.Дашдаваа бидэнд учирлав. Түүнтэй “Хүчит шонхор” захын хонины махны лангуунд  таарсан нь энэ юм.  Тэрбээр шинэ мах авахаар ирсэн бөгөөд өглөө эрт ирвэл, амт шүүс сайтай, шинэ мах байдаг талаар хэлэв. Харин худалдагчид махны худалдагчид  “шинэ мах ирсэн, доошоо долоон мянгаар ав, зөөлхөн мах байна” гэсээр ам булаалдан ярилцана.

“Хүчит шонхор” захад өглөөний 08.30 цагийн байдлаар жижиглэнгийн хонины цул мах 7000-7800, адууны мах 8000-8500, үхрийн мах 9500-11500, ямааны мах 7500-9000 төгрөг байна. Харин бөөний үнээр хонины цул мах 5100-5600, адууны мах 6000-6300, ямааны мах 6000-6500 төгрөгийн хооронд байна.

Махны үнэ долоо хоног бүр өсөлттэй байгааг Нийслэлийн статистикийн газраас мэдээллээ. Тухайлбал, аравдугаар сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9549 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11252 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 101 төгрөгөөр буурч, харин үхрийн цул махны үнэ 58 төгрөгөөр өссөн байна. Энэ долоо хоногт үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 12500 төгрөг байна. Мөн  хонины ястай мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 8500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 10500 төгрөгөөр худалдаалж байгаа юм.

МАХНЫ ҮНЭ БУУРСАН НЬ ХЯТАДУУДААС ШАЛТГААЛЖ БАЙГАА 

Махны үнэ тогтвортой байгааг худалдаачид ийнхүү тайлбарлаж байна. Махны лангууны худалдагч Б.Батсайхан “Орон нутгаас махны нийлүүлэлт сайн байгаа нь үнэ хямд байх шалтгаан болж буй. Хүйтрэхээр Хятадууд мах аваад эхэлчихнэ. Иргэд биднийг махны үнэ хөөрөгдүүлдэг гэж ярьж байгаа ч цаана нь Хятадууд их хэмжээний мах авахаар хомсдол үүсчхээд байдаг. Эмээлт, Налайхад Хятад эзэнтэй мах боловсруулах үйлдвэр зөндөө байна. Эднийг төр засаг яагаад шалгаж болдоггүй юм. Бид нар үнэ өсгөлөө гэхэд хэлэн төгрөг л нэмнэ шүү дээ. Одоо Хятадууд их хэмжээгээр мах авах юм бол ирэх хавар Монгол хүн идэх махгүй л болно. Энийг болиулах хэрэгтэй” гэлээ.

МАХНЫХАА ҮНИЙГ НЭМЭЛГҮЙ ЭНЭ ЧИГЭЭР НЬ ТӨР ЗАСАГ БАРЬЧИХМААР БАЙГАА ЮМ

Иргэдийн зүгээс махны үнэ буурсанд ам сайтай байна. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэн З.Ганбат “Мах ер нь энэ зун үнэтэй байсан. Идэш, уушийн цагаар арай илүү хямдрах байх гэж хүлээж байсан. Гэтэл хавар, намартаа махныхаа үнийг нэмээд байвал бид нар яах билээ. Манайх ер нь голдуу гулуузаар нь мах аваад идшиндээ бэлдээд тавьчихдаг. Монгол хүний хэрэглээ бол яах аргагүй мах учраас одоо махныхаа үнийг нэмэлгүй энэ чигээр нь төр засаг барьчихмаар байгаа юм” гэв.

ӨДИЙД МАХНЫ ҮНЭ ЯГ БОЛОМЖИЙН БАЙНА

Б.Батдэлгэр “Махны үнэ зуныхаас арай дээрдсэн байна. Хонины шулсан мах 8300-гаар авлаа. Махны үнэ цаашдаа нэмэгдэнэ гэж ченжүүд ярьж байна. Ченжүүдийн хэлснээр Хятадууд хэд хоног амарч байгаа болохоор худалдан авалт муу байгаа талаар тайлбарласан. Түүнээс  биш 10 мянга гараад явчихдаг. Өдийд махны үнэ яг боломжийн байна. Жоохон хүйтрээд ирэхээр махны үнэ буцаад тэнгэрт хадчих байх” гэлээ.

МАХ ХЯМДХАН БАЙХАД ЭРТХЭН НӨӨЦӨӨ БЭЛДЭЭД АВАХ ХЭРЭГТЭЙ

Н.Баатар “Хонины шулсан мах 8500, үхрийн мах 9500 төгрөг байна. Махны үнэ ер буурсан харагдаж байна. Төр засгаас махны үнийг яг ингээд барьчихвал иргэдийн ачаа нэг ч гэсэн хөнгөрч байгаа нь тэр. Нөгөөтэйгүүр мах хямдхан байхад эртхэн нөөцөө бэлдээд авах хэрэгтэй” гэж ярилаа.

НӨӨЦИЙН МАХНЫ ҮНЭ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТЭЙ ХАРЬЦУУЛАХАД 14-31 ХУВИАР ХЯМД БАЙНА

Махны үнийн хөөргөдлөөс сэргийлж жил бүрийн хавар нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн тухайд нийслэлийн хүн амын хэрэгцээнд зориулж жилд дунджаар 12 мянган тонн махыг бэлтгэдэг байсан бол энэ жил өмнөх жилүүдээс гурав дахин бага буюу дөрвөн мянган тонн махыг бэлтгэсэн. Үнийн хувьд нөөцийн махны үнийн хувьд, үхрийн ястай мах 7200, хониных 6000, ямааных 5500 төгрөгийн үнэтэй байна. Нөөцөлж бэлтгэн борлуулж байгаа махны үнийг зах зээл дэх жижиглэнгийн үнэтэй харьцуулахад 14-31 хувиар хямд байна салбар яамнаас мэдээлсэн юм. Жил бүр улсын төсвөөс махны үнийг буулгахаар өчнөөн тэрбум зарцуулдаг боловч ченжүүд, хятад эзэдтэй махны үйлдвэр махны үнийг нэмж, хөөрөгдүүлдэг шударга бус өрсөлдөөн манайд тогтоод удаж байгаа бололтой. Хөөрөгдсөн үнэ, түүнийг дагасан зохиомол махны хомсдолд нийслэлчүүд бид удахгүй дарлуулах вий.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж