"Монголын эдийн засаг дэлхийн худалдааны дайны “шок”-д бэлэн үү" гэсэн ерөнхий сэдвийн дор “Бизнесийн орчин” форумыг өнөөдөр /2019.10.04/ “Bloomberg TV Mongolia” телевизийн Эдийн засагчдын клуб зохион байгуулж байна.
Уг форумд салбарын тэргүүлэх судлаач, эдийн засагчид оролцож, дэлхийд нүүрлэж болзошгүй хямрал Монголын эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, бизнес эрхлэх боломж хэр хумигдаж байна зэрэг асуудлын шийдлийг эрэлхийлж, мэтгэлцээн өрнүүлж байна. Форумын үеэр бид Санхүү, эдийн засгийн Их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхантай уулзаж, цөөн асуултад тодруулга авлаа.
– Ирэх жил эдийн засгийн хямрал болно гэдгийг Олон Улсад хүлээн зөвшөөрөөд байна.Үүнд Монгол Улс хэр бэлтгэлтэй байна вэ?
-Дэлхийн эдийн засгийн өсөлт харьцангуй саарч байна. Үүнтэй холбоотой Дэлхийн Төв банкууд нэлээн болгоомжилсон, мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа эрчимжүүлэх үйлдэл хийж байна. Өнгөрсөн есдүгээр сард нэлээн олон Төв банк бодлогын хүүгээ буулгалаа. Тухайлбал, Европын Төв банк -0,4-өөс -0,5 болгосон. Америк ч бас буулгаж байна. Тэгэхээр дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралаас болгоомжилж байна. Гэхдээ хямрал яг хэдийд болох талаар хэн ч зоригтой хэлж чадахгүй байна. Эдийн засгийн хурдтай өрнөж буй нөхцөл байдлыг харахад хямрал илүү ойр байгааг үгүйсгэх аргагүй. Монголчуудын хувьд хямрал болоогүй байлаа ч олон зүйлд бэлэн байх ёстой. Эдийн загийн бүтцээ сайжруулах, төсвийн алдагдлаа багасгах, ирээдүйд ирэх өрийн дарамтыг бууруулах, валютын ханшийн нөхцөл байдлаа тэнцвэржүүлэх гэх мэт анхаарах олон зүйл байна. Харамсалтай нь миний харж буйгаар бид хямралд бэлэн биш байна.
Тэр бүү хэл 2021 онд өрөө төлж эхлэхэд эдийн засгийн хувьд бэлтгэлгүй байгаа юм. Харин ч бүр өрийг өрөөр төлнө гэсэн байдалтай явж байх шиг байна.
-Уул, уурхайн салбар хямралд өртлөө гэхэд Монголд ирэх нөлөөлөл 20-30 хувь гэсэн хүмүүсийн судалгаа байна. Ер нь энэ салбарын хямрал Монголд яаж тусах вэ?
-Үүний тулд би 2014-2015 оны эдийн засгийг сануулмаар байна. Тэр үед нүүрсний үнэ огцом буурсан. Үүнийг дагаад Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт саарсан. Энэ үед өрхийн орлого хоёр дахин буурч, ядуурлын түвшин хоёрхон жилийн хугацаанд найман хувиар өссөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс дифляцид орсон. Одоо зэсийн үнэ 20-30 хувиар буурах, нүүрсний үнэ 50 ам.доллараас доош орвол тэр үеэс илүү хүнд цохилт бидэнд ирнэ. Энэ байдал удаан үргэлжилбэл бусад салбарт ч гэсэн сөрөг нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй. Тиймээс Монгол Улс эмзэг эдийн засагтай учраас тодорхой эрсдэлүүдэд бэлэн байх ёстой.
-Гадаад эрсдэлээс илүү дотоод эрсдэлийг энэ форумаар ярьж байна. Удахгүй сонгууль болно, тэгэхээр дотоод эрсдэл эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Ерөнхийдөө наанаа өнгөц илрээд байгаа нь эдийн засгийн асуудал мөн. Гэвч үүний цаана Монголын улс төрийн орчин, тогтворгүй байдал, улсыг удирдах цэгц, тогтвортой урт хугацааны бодлого байхгүйн улмаас өнөөдөр бид эдийн засгийн ийм өр, зээлтэй байдалд орсон гэж би хувьдаа үздэг. Бидний гол эрсдэл бол улс төр. Тиймээс энэ эрсдлийг засахгүйгээр бид эмзэг эдийн засгаас гарахад хэцүү. Тэгэхээр сонгуулийн нөлөөлөл маш хүчтэй байна. Одооноос нөлөөлөл нь мэдрэгдэж байна, хавар хүртэл үргэлжилнэ.
Эдийн засгийн байдлаа улс төрийн энэ нөлөөнд автуулахгүйн тулд бид олон жил ужгарсан, худал хуурмаг амлалтуудад итгэхгүй байх ёстой юм.
Дэлхийн эдийн засагчдын тооцоогоор ирэх жил хямрал нүүрлэх өндөр магадлалтай байгаа юм. Учир нь Америк, Хятадын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг бууруулж байна гэсэн дүгнэлт их гарч буй. Энэ нь Монголын эдийн засагт нөлөөлнө гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцож байгаа эдийн засагч, судлаачид ярьж байна. Тэгэхээр хямрал бидэнд яаж нөлөөлөх вэ, үүнийг хэрхэн даван туулах вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Эдийн засгийн клубын гишүүн, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадорж
-Монгол Улсын Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг харахад эдийн засгийн хямралд бэлтгэсэн зүйл хараахан алга. Нөгөө л төсвөө алдагдалтай баталдаг байдал нь хямрал болоход улам илүү нэрмээс болно гэж бид харж байна. Бидний экспортод гарч буй гол бүтээгдэхүүн бол зэс, нүүрс. Бид энэ экспортоо их өөдрөг төсөөлөөд байна. Ялангуяа дэд бүтцээ шийдээгүй, тээвэрлэх зардал ихтэй байж төсвөө хэт өндөр төсөөлж болохгүй. Экспортоор гаргаж байгаа зах зээл нь БНХАУ. Гэтэл энэ улс импортын хэмжээгээ багасгаж байгаа дохио аль хэдийн өгсөн байдаг.
Монгол Улс маань хэтэрхий эрсдэлтэй тооцоо гаргаад байна. Ер нь төсвийг их хэмжээгээр тэлж байна гэдэг эдийн засагт илүү дарамт учруулах нь тодорхой.
Холбоотой мэдээ