Л.Эрдэнэбулган: Найруулагч бол ховор хүн | News.MN

Л.Эрдэнэбулган: Найруулагч бол ховор хүн

Хуучирсан мэдээ: 2019.10.07-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэбулган: Найруулагч бол ховор хүн

Л.Эрдэнэбулган: Найруулагч бол ховор хүн

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)-ын уран бүтээлчид 57 дахь тоглолтын улирлын нээлтээ өнгөрсөн баасан гаригт /2019.10.05/ хөгжмийн зохиолч Л.Мөрдорж агсны 100 жилийн ойг тохиолдуулан шинэчлэн найруулсан “Хөхөө Намжил” дууриар хийлээ. Уг дуурийн ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажилласан. Тэрбээр домог анх зохиогдсон тэртээх үеийг үзэгчдэд ойртуулахаар дуурийг шинэчлэн найруулжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


 –Та “Хөхөө Намжил” дуурьтай гурвантаа холбогджээ. Залуудаа уг дуурийн Галдангийн дүрд тоглож байсан бол найруулагчийн хувиар хоёр дахиа шинэчлэн найруулж байна гэлээ. Энэ удаагийн "Хөхөө Намжил" дуурийн найруулгын онцлог юу вэ?

-“Хөхөө Намжил” бол Монголын театрын урлагийн түүхэнд чухал байр суурь эзэлдэг дуурь. Энэ дуурийг бүтээгчид Монголын тухайн үеийн сор болсон уран бүтээлчид байсан. 1961 онд тайзнаа анх тавигдахад найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Лхасүрэн, Ардын зураач Ц.Доржпалам, удирдаачаар Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжав нар ажиллаж, дуурийн цомнолыг нэрт яруу найрагч Ч.Чимид, найруулагч Л.Ванган нар бичсэн байдаг. Өнөөдөр бид дөрөв дэхээ шинэчлэн тавьж байна. Хэрэв энэ дуурь өндөр түвшнийх биш байсан бол аяндаа тайзнаас халагдаад буучих ёстой. Гэтэл үе үеийн уран бүтээлчид шинэчлэн тавьсаар байгаа нь энэ дуурь хөгжмийн ертөнцөд өөрийнхөө байр суурийг тодорхойлж байгаа хэрэг л дээ. Би бүх амьдралаа энэ театрт өнгөрүүлсэн. Анх найрал дуучнаар ороод, дараа нь  гадаад, дотоодод сурч энэ мэргэжлийг эзэмшсэн. Залуудаа Галдангийн дүрд хэд хэдэн удаа тоглож байв. Энэ бол эерэг дүр биш, эсрэг дүр. Тэгэх тусмаа миний анхаарлыг их татсан, басхүү гайгүй шиг бүтээсэн дүрийн нэг гэж боддог.

Нөгөө талаар “Хөхөө Намжил” дуурийг одоо шинэчилж буйн утга учрыг би зүгээр нэг байсан юмыг шинэ сайхан болгоё гэж бодоогүй юм. Яагаад гэвэл “Хөхөө Намжил” гэж ардын домог бий болохоос өгсүүлээд дуурь болтлоо, ахин дахин тоглогдтолоо энэ бүтээл өөрөө хөгжсөөр яваа шиг надад санагддаг. Ийм учраас би энэ удаа шинэчлэн найруулъя гэж, тэгэхдээ энэ домгийн гол санааг илүү томруун оруулж ирье гэж зорьсон.

-Энэ удаагийн шинэчилсэн найруулгаас үзэгчид юуг анзаараасай гэж бодож байна вэ?

-Хэдэн жарны тэртээх элэнц хуланцын үед энэ домог зохиогдсон. Тэгвэл энэ удаа тэрхүү домог зохиогдсон ертөнцийг үзэгчдэд ойртуулахыг зорьж байна. Нөгөө талаар, өмнө нь энэ дуурийг шинэчлэн найруулахдаа Л.Мөрдорж гуайн хөгжмийг бусад хөгжимтэй нэлээд хольж хутгасан нь ч бий. Харин энэ удаад түүнээс зайлсхийсэн. Ерөөс аливаа юмыг шинэчлэхдээ анх бүтээгдсэн тэр л ертөнцийг нь хадгалах ёстой юм. Тэрнээс биш, энийг нь тасдаад авчихъя, өөр юм нөхөөд хийчихье гэж хандаж болохгүй. Тийм учраас Л.Мөрдорж гуайн анх бий болгосон тэр ертөнцийг баяжуулахаас гадна өмнөх найруулгуудад орхигдсон олон сайхан хөгжмүүдийг оруулж ирсэн. Ингэхдээ би хөгжмийн номеруудыг нааш цааш сэлгэж, сольж оруулсан. Басхүү Алтай дагиныг л гэхэд зүгээр хүн гэж биш, Монгол эх орон гэдэг гүнзгий төсөөллөөр, үүн дотор ан амьтан, Алтайн уулын ертөнцийг нээж харуулахсан гэж зорьсноо гүйцээлээ.

-Театрын уран бүтээлчид нэлээд залуужсан нь харагдаж байна. “Хөхөө Намжил” дуурьт л гэхэд олон залуу уран бүтээлчид өөрсдийгөө анх сорих бололтой?

-Тийм ээ. Хамгийн сонирхолтой нь сургуулиа төгссөн шинэ залуучууд ажиллаж байгаа нь “Хөхөө Намжил” дуурийн ирээдүйг тодорхойлж байгаа хэрэг юм. Жишээ нь удирдаач нь цоо шинэ, балетмастер нь цоо шинэ, дуулж байгаа дуучид нь цоо шинэ. Зураачийн ажил нь ч мөн шинэлэг. Тийм ч учир би энэ дуурийг шинэчилж буй нэр зүүж байгаагийн хувьд нэлээд хөдөлгөсөн. Үззэгчид магадгүй зэмлэж мэднэ, эсхүл талархаж мэднэ.

-Театрын урлагийн төрлүүд дотор дуурь гэдэг тун сонирхолтой төрөл санагддаг. Найруулагчийн хувиар та дуурийн онцгой шинж нь юундаа байдаг гэж боддог вэ?

-Ер нь театрын урлагийн дотор хамгийн оргил бүтээгдэхүүн бол хөгжмийн театр буюу дуурь байдаг юм. Энгийнээр илэрхийлбэл, хүний үгээрээ хэлж чадаагүй тансаг яруу сайхныг хөгжимтэй дуулаад илэрхийлэхээр бүр илүү яруу болно оо доо. Тиймээс л хүний ой ухаанд илүү сайхан “наалддаг” гэж боддог. Магадгүй “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Нансалмаа хоёрын дууг шүлэг болгоод унших юм бол хүнд яаж очих бол? Гэтэл аялгуутайгаа хоршоод ирэхээр огт өөр. Монголын ард түмэн энэ дуурийг 3000 гаруй удаа сонсохоосоо яагаад уйдсангүй вэ? Энэ бол хөгжмийн гайхамшиг гэж боддог. Тиймээс дуурь гэдэг нэг талаас их эмзэг болоод тансаг, нөгөө талаас хүн бүхэн сайхныг нь мэдэрдэггүйд оршдог гэж би боддог юм. Тэр нь ч магадгүй зөв байх.

-Тус театраас дэлхийд чадал чансаагаараа танигдсан олон дуучид Монголынхоо нэрийг өргөж яваа. Гэтэл Азид хүртэл манайх шиг бүхэл бүтэн эрдмийн театртай улс байдаггүй юм билээ?

-Өнөөдөр “Чингисийн Монгол” гээд л хүн бүхэн хашхираад байна. Харин тэгж хашхираагүй мөртлөө Монголынхоо нэрийг, түүхийг аваад явж байгаа газар бол манай театр гэж би санаа зовохгүй хэлчихье. Дэлхийн хөгжмийн өндөр соёлтой зургаан оронд манайхан дуулж, магнайд нь манай Э.Амартүвшин явж байна. Бүр эх орондоо ирэх зав чөлөөгүй болчхож. Үүнийг бахархал гэхээс яах вэ. Ерөөс Монголын ард түмэн бол гайхамшигт авьяастай ард түмэн юм. Дэлхийн хөгжмийн театрын түүхтэй харьцуулах юм бол бид “нялх” шүү дээ. Дэлхийн хөгжмийн театр 500 жилийн түүхтэй. Гэтэл бид тавь, жархан жилийн түүхтэй байж ийм амжилттай яваа нь монголчуудын суу билиг.

-“Хөхөө Намжил” дуурийг Л.Мөрдорж гуайн 100 жилийн ойг дашлуулан тайзнаа тавьж байна. Танд энэ эрхэм хүнтэй холбоотой сайхан дурсамж бий л байх. Түүнээсээ хуваалцвал сонин болов уу?

-Энэ дуурьтай би хувь заяагаараа холбогджээ. Анх 1999 онд уг дуурийг өөрчилж тавих гэж байх үедээ Л.Мөрдорж гуай дээр очтол “Би энэ том найруулагчид юу хэлдэг юм. Чи өөрөө учрыг нь ол” гээд буцааж байв. Дараахан нь юм даа, зуны сайхан дэлгэр цагт, намайг даагатай хөшөөний дундуур гарч явтал нэг хүн “Хөөе!” гэж дуудлаа. Харсан чинь Мөрдорж гуай, “Том найруулагч чи нааш ир дээ” гэлээ. Яваад очтол өврөөсөө нэг шил “юм” гаргаад “Миний хүү архи уудаггүй гэлүү. Энэнээс нэг уучихгүй юм уу?” гэнэ. Би ч нээрэн уудаггүй болохоор нэг амсчхаад “Баярлалаа Мөрдорж гуай, сайхан байна” гэж хэлээд явах гэлээ. Гэтэл гэнэтхэн надад Монголын сод авьяастан, “Хөхөө Намжил”-ыг бичсэн хүнтэй учирчхаад өгсөн идээний нь дээжээс уухгүй байна гэдэг нэг л дундхан санагдаад эргээд очлоо. Л.Мөрдорж гуай ч “Чи яаж яваа юм?” гэж загнаж байна. “Би таны сая өгсөн юмнаас уучихмаар санагдаад хүрээд ирлээ” гэсэнд “Чи уудаггүй гэсэн биз дээ?” гэх мөртлөө аягалж өгсөн. Би тэрийг нь уучхаад хажууд нь уначихжээ. Сэрэхнээ, Мөрдорж гуай хажууд зогсчихсон “Чи ямар балай нөхөр вэ? Чадахгүй байж яах гэж уусан юм. Чамайг сахиж би бүтэн цаг боллоо” гэж загнасан. Ингээд ярихаар архи сархад гэдгээрээ хүний чихэнд чимэггүй сонсогдож байж болно. Гэвч миний хувьд Мөрдорж гуайгаас тийм хишиг хүртэнэ гэдэг магадгүй би өнөөдрийн насыг насалж, дуурьт нь зориг гаргаж гурав дахь удаагаа хүрэх гэж байгаа нь надад, миний амьдралд ховор тохиосон сайхан зүйл. Магадгүй тэр хундага архи надад өнөөдрийг бэлэглэсэн байж мэднэ (хоолой нь зангирав. Сур).

-Найруулагчийн ажил гэдэг хамгийн их мэдэлтэйнхээ хэрээр төчнөөн хариуцлага дагуулдаг байх. Ингэхэд та өөрийнхөө мэргэжлийг юу гэж ойлгодог вэ?

-Мундаг найруулагчдыг бол үзэгч түмэн аяндаа шагшиж магтаж л байдаг. Ер нь найруулагчийн мэргэжил хүнд нэг их сайхан хэлэгддэг мэргэжил биш шүү дээ. Шууд үнэнээ хэлэхэд би дуурийн театрт 50-иад жил дарангуйлагч нь байсан. Тэгэхээр дарангуйлагчийг ялангуяа өнөөдөр бүр ч олигтой хэлэхгүй байх. Гэхдээ Монголд болон дэлхийд өндөрт гарч байгаа  уран бүтээлчдийн амьдралд нь зөв мөрийг нь зааж өгдгөөрөө найруулагч хүн онцлогтой. Өөрөөр хэлбэл уран бүтээлч хүн алхаж гишгэхээсээ өгсүүлээд бүх талаараа найруулагчтай харьцаж байж сая тэр мэргэжил нь батжиж, дуучны агуу их хүч чадал нь бэхжиж, хөл дээрээ тогтох боломжийг гаргаж өгдөг байх. Үүгээрээ найруулагч нэг талаас муу хүн, нөгөө талаас ховор хүн гэж л би боддог. 

Ц.ДЭЛГЭРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-07 202.126.89.176

Ховор хүн. Хүн нь ховор юм уу ? Найруулагч нь ховор авьяастай юм уу ?

Avatar

Зочин 2019-10-07 66.181.167.213

Мундаг л гэдгийн, Чингис хаан кино нь сайн болоогүй гэж бодож байна

Avatar

РН 2019-10-07 66.181.190.27

НЭГ түүхэн киноны мөнгө юу ч бүтээсэн юмгүй алга болгоож биздээ одооны ханшаар төлнө биз. Захиалгаар бичүүлхээ больчих

Avatar

Зочин 2019-10-07 202.131.243.186

САЙХАН ХҮН ДЭЭ. ТАНД УРТ УДААН НАСЛАХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж