Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Шинэ ном: Популизм

Популизм орчин үеийн ардчилсан үзэл баримтлалын нэг хэсэг ч биш мөн бодлогогүй иргэдийн зүгээс гаргадаг ужиг өвчний хэлбэр ч биш. Сонгогдсон төлөөлөгчдийг байнга дагалддаг сүүдэр. Эрх мэдэл бүхий дээдэстэй тэмцэхийн тулд “жинхэнэ ард түмний” нэрийг барьж хэн нэгэн жүжигчний ярих бололцоо. Яг ийм тодорхойлолт бүхий зурагт хуудсаар эхлэх орчин үед дэлхий нийтэд бий болсон улс төрийн шинэ үзэгдэл, араншинг энгийнээр тайлбарласан “Популизм” хэмээх шинэ ном мэндэлжээ.

Номын зохиолч нь хуульч, багш бас улстөрч Ч.Өнөрбаяр. Зохиолч “21-р зууны улс төрийн амьдралд моодонд орсон үгчийн нэг ч нь яах аргагүй популизм. Дэлхий нийтэд популизмийг маш өргөн утгаар нь ойлгох, тайлбарлах эсвэл олон янзын тодорхойлолт байдаг учраас хамгийн энгийнээр тайлбарлахыг оролдлоо” хэмээн  өөрийгөө даруухнаар үнэлэн өмнөтгөлдөө тодотгожээ.

Популист номын ишлэлээс,

  • Популизм захиргаадалтад дуртай хүмүүсийг соронзон мэт татдаг.
  • Тэд сөрөг хүчнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй.
  • Үндсэн хуульт ёсыг популистууд таашаадаггүй.
  • Популизм ба үндсэрхэг үзлийн төгс хоршил.
  • Заримдаа тэд “гаран-гаран” болдог.

Жилийн өмнө популизмын давалгаа дэлхий даяар эрчимжих хандлага ажиглагдаж буйг олон улсын ажиглагчид онцолж байж. Бразил, Итали, Мексикийн сонгуульд популистууд ялсан талаар өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр “The World Politics Review” мэдээлж байв. Харин Монголд популизм 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр илүү тод мэдрэгдсэн гэж судлаачид үздэг. Түүнээс хойш ч зөвхөн популизм хийдэг улстөрч, иргэний нийгмийн хөдөлгөөнийхөн гээд хэсэг бүлэг бий болсон. Гэхдээ популистуудын эцсийн зорилго нь мөнгө, эрх мэдэл. Тиймээс нийгмийн сүлжээгээр давалгаалж буй худал хуурмаг мэдээлэл, баг зүүсэн поп улстөрчдөд итгэхгүй байх, дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх нь зөв гарц гэдгийг ч хэлдэг. Италийн Ерөнхий сайд асан Маттео Ренци “Өнөөдөр ямар ч тэнэг улстөрч худлаа ярьж, гайхалтай уран популизм хийх боломжтой. Харин амласнаа биелүүлнэ гэдэг нь том сорилт болсон. Өөрөөр хэлбэл, аварга болох амархан, харин аваргаа хамгаалах хэцүү. Популизм бол ердөө айдас. Шулуухан хэлэхэд популист улстөрчдийг сонгож толгой дээрээ залсан ард түмэн шинэ үеэс болон ирээдүйгээсээ айдаг хулчгарууд. Популистууд айдас дээр дөрөөлөн залуусын нүдийг сохолдог. Иймээс залуус аа, та нар ирээдүйгээсээ бүү айгаач, диктаторуудыг хэзээ ч бүү дэмжин, хүлээн зөвшөөрөөч” гэж хэлсэн байдаг.

Тэгвэл уншигч танд хүрч буй Популизм бэсрэг номоос та попуудаас татгалзах, тэдний үнэн төрхийг таньж болох юм. Яг л цаг үеэ олсон, зөв мэдрэмж гэж тодорхойлж болох юм.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж