АНУ, Их Британи, Австралийн засгийн газраас олон нийтийн сүлжээ “Facebook” компанийг мессеж түгжих технологидоо албаныхан нэвтрэх боломжтой “арын хаалга” бүтээхийг шаардаж, шахалт үзүүлж эхэлжээ. Хэрэглэгчдийн хувийн мессежийг унших боломжийг олгох тухай “Facebook” компанийн захирал Марк Цузербергт бичсэн засгийн газрын албаны хүний захидлыг “Guardian” сонин олж авсан аж. Тус захидалд Их Британийн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга, АНУ-ын хууль зүйн сайд, АНУ-ын дотоодын аюулаас хамгаалах яамны сайд, Австралийн дотоод хэргийн сайд нар гарын үсэг зурсан байжээ.
Тэд “Facebook” компанийг “End to End Encryption” /E2EE/ гэх нууцлалын технологийг мессенжерийн аппликейшндаа нэвтрүүлэх төлөвлөгөөгөө иргэний аюулгүй байдлыг хамгаалахын тулд хууль ёсоор албаныхан нэвтрэх боломжийг бий болгохоос нааш хэрэгжүүлэхгүй байхыг шаарджээ.
Харин Facebook” компанийн захирал Марк Цузерберг нууцлалын технологи нэвтрүүлэх шийдвэрээ хамгаалсан байр суурийг илэрхийлжээ. Facebook” компанийн “WhatsApp” аппликейшн нь хэдийнэ “E2EE” технологийг нэвтрүүлснээр 1,5 тэрбум хэрэглэгчийн мэдээллийг компани өөрөө ч нэвтрэх боломжгүйгээр хамгаалсан аж. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард E2EE” технологид бусад бүтээгдэхүүн болох “Facebook Messenger”, “Instagram” аппликейшнийг нэгтгэхээ мэдэгдсэн юм.
Үүний зэрэгцээ АНУ болон Их Британи улсууд хоорондоо “дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн” мэдээлэлд нэвтрэх гэрээг байгуулахаа зарласан юм. Ингэснээр хуулийн байгууллагаас бусад орны технологийн фирмүүдэд тодорхой дата, мэдээллийг тухайн засгийн газарт эхлээд мэдэгдэлгүй шаардах эрхтэй болох аж. Үүнээс өмнө АНУ-ын засгийн газраас ямар нэгэн технологийн компаниас мэдээлэл авахын тулд тухайн орны засгийн газарт хүсэлт гаргадаг ба энэ нь зургаан сараас хоёр жилийн хугацаа зарцуулдаг аж. Шинэ гэрээний дагуу долоо хоногоос хэдхэн өдрийн дотор уг мэдээллийг авах боломжтой болно гэж албаныхан үзжээ.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ