Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын тоглосон Францын уран сайхны кино аравдугаар сарын 30-нд Европ дахь нээлтээ хийх гэж байна. Хөвсгөлийн тайгад өрнөх “UN MONDE PLUS GRAND” киноны зураг авалтыг францын уран бүтээлчид өнгөрөгч 2018 оны зун Монголд хоёр сарын турш хийсэн байна.
Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд гол дүр болох удганы дүрд тоглосон бөгөөд Хөвсгөлийн тайгад амьдардаг цаатнууд оролцон тогложээ. Кинонд Францын жуулчин эмэгтэй Монголын тайгад амьдардаг цаатан ард түмний амьдралтай танилцахаар ирдэг байна. Гэвч гэнэт бие нь муудаж, онгод тэнгэртэй гэдгээ мэдсэнээр кино цааш өрнөдөг аж.
Түүний тоглосон уг кино ирэх арваннэгдүгээр сарын 4-нд 11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Монгол дахь нээлтээ хийх сурагтай. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзавын хувьд сүүлд “X-ТҮЦ” продакшны “Солиот эх” уран сайхны кинонд тоглосон. Тэрбээр дэлгэцийн бүтээлд тоглохоос гадна 2012 онд 10 гаруй жүжгийн зохиолтой “Оршихуй” ном болон 20 орчим жүжгийн зохиол бичсэн Монголын нэртэй, чадварлаг ахмад жүжигчдийн нэг билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ