Ш.Раднаасэд: Хөөн хэлэлцэхтэй холбоотой заалтыг яаралтай өөрчлөх ёстой
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулсан дээрх хуулиудад тодорхой зүйлүүдийг тусгасан гэдгийг тодотгосон. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг зөрчлийн хугацаа тоолох зохицуулалттай уялдуулж, улмаар зарим гэмт хэрэг хөөн хэлэлцэх хугацаа тоолох зохицуулалтыг боловсронгуй болгохоор өөрчилсөн гэдгийг сайд онцолсон. Мөн аргагүй хамгаалалтын зохицуулалтад хамрах хүрээг өргөжүүлж, эрх хасах, хорих зэрэг зарим ялын хэмжээтэй холбоотой зохицуулалтын зөрчлийг арилгасан байна.
Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг, тухайлбал, биеэ үнэлэхийг зохион байгуулах, бэлгийн дарамт учруулах, гүтгэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг гэмт хэргийг тусгах, зарим гэмт хэргийн шинжийг ерөнхий ангид заасан нэр томьёотой нийцүүлсэн гэлээ.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
–2017 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үеэр Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн нэг нь хөөн хэлэлцэх хугацаанд нугалаа оруулсан. Одоо болохоор чи хийсэн гээд бие бие рүүгээ чихэж байгаа. Ямартай ч хэн нэгэн нь хөөн хэлэлцэх хугацааг багасгаж албан тушаалын хэрэгтнүүд ялаас мултрах боломжийг бий болгосон. Гэтэл нугалаа хийсэн ил болоод хугацаа өнгөрсөөр байхад яагаад өөрчлөхгүй хойрго хандаад байгаа юм бэ, Ц.Нямдорж гуай. Бид ахмад хуульч гишүүдийнхээ үгийг сонсоно. хөөн хэлэлцэх хугацааг хөндөж чуулган бүрээр хэлэлцэх ёстой гэж гишүүд ярих бүрт Ц.Нямдорж сайд үгүйсгэж, урт болсон гэдэг байсан. Та ХЗДХ-ийн сайдаар тав дахь удаагаа ажиллаад гэмт хэрэг улам л хэрцгий төрөл нь улам л олон болоод байна. Яагаад хариуцлагагүй байгаа юм бэ. С.Бямбацогтыг гоочилсоор байгаад л сайдаас нь буулгасан. Гэтэл та “би хийнэ, ингэх гэж байна” гээд л сайд болсон. Үүнээс хойш юу хийв, одоо хэчнээн хүн ял завших гэж байна вэ. Та прокурорынхон болохгүй байна гэхээр нь бид тэмцэл хийгээд сольсон. Одоо энд орлогч прокурор нь л ирж. Ерөнхий прокурор нь ажлаа хийж байгаа юм уу. Танд туршлага хангалттай байхад яагаад юу ч хийхгүй байгаа юм бэ.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
–Би 2017 оны сүүлээр ажлаа авсан. Энэ хуулийн төслүүд 2018 онд боловсруулагдаад, бүх газраас саналыг нь авч оны эхээр над дээр эцэслэгдэн орж ирсэн. Би хөөн хэлэлцэх хугацааг багасгасан бус харин ч уртасгасан гэж ойлгож байгаа. Яллагдагчаар татах гэдэг ганц заалтаар шүүхэд шилжүүлэх гэж өөрчилсөн. Хууль хяналтын байгууллагуудад юу явагдаж байгааг хэргийн зүйл заалт бүртэй нь тулгаж танилцаж байж ярина. Хуулиасаа болж асуудал удаж байна уу эсвэл хуулийн байгууллагын удаашралтай ажиллагаатай холбоотой байна уу гэдгийг хэрэгтэй нь танилцаж байж асуудлыг ярина. Би шулуухан байя. 2002 онд баталсан Эрүүгийн хууль, бусад хууль болж л байсан. 2015 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхдээ зарчмын хэд хэдэн том алдаа хийсэн. Үүний гор нь одоо гарч байгаа. 2002 оны Эрүүгийн хуульд онц, хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил байсныг 20 болгож бууруулсан. Хүнд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 15 жил байсныг 12 болгож мөн бууруулсан. Мөн хэргийн ангиллыг байхгүй болгосон. Ангиллыг байхгүй болгосноор хөөн хэлэлцэх хугацааны асуудал Эрүүгийн хуулийн бага ялтай болгосонтой холбоотой ийм асуудал үүссэн. Энэ заалтыг зүтгүүлж байхад нь би одоо энд сууж байгаа хууль гишүүний хамтаар бослого гаргаж хэвлэлийн хурал хийж УИХ-ын дарга асан З.Энхболд дээр О.Баасанхүү, Ж.Батзандан бид хэд орж байсан юм. Ингэж болохгүй ээ, гэж. Хүчээр л хийсэн шдээ. Эрүүгийн хуулийн нэг зовлонтой зүйл нь нэг л асуудлыг хөндчихвөл бүгд дагаад хөдөлчихдөг. Шинэчилсэн найруулга хийхээс өөр ямар ч аргагүй болгоод хаячихсан. Би ажлын хэсэг байгуулчихсан, ойрын үед Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хувилбарыг гаргаж цаашид ярина. Наад захын тооцооны эд гэдэг чинь дэлхийд ч байдаггүй.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
–Өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр нэлээд ярьсан. Байнгын хорооны хурлаар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэлээд ярьсан зүйлсийг байнгын хорооны дүгнэлтэд Х.Нямбаатар гишүүн оруулаагүй байна. Яагаад оруулаагүй юм бэ. 2017 оны тавдугаар сарын 16-нд Төрийн ордны 334 дүгээр өрөөнд ажлын хэсгийнхэн буюу Х.Нямбаатар, Дээд шүүхийн шүүгч Х.Батцэрэн, дэд сайд асан Б.Энхбаяр, Ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай зэрэг хүмүүс хуралдахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн. Гэтэл төгсгөлдөө намайг хийсэн болгож их захгүй ярьсан. Тэр нь эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хууль хоёрын бичлэгийг хольж тавьсан. Энэ хоёр хуулийг жирийн иргэд ялгахад ч бэрх, хоёулаа л эрүүгийн хэрэг ярьдаг. Үнэнээ өчигдөр хүмүүс хүлээсэн. Ц.Нямдорж сайдын хэлж байгаагаар Мөрдөх албан муу ажиллаад байгаа гэдэг асуудал. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга байгаа дээр асууя.Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэрэгсэхгүй болчихсон юм уу. Өчигдөр дээд шүүхийнхэн үгүй гээд толгойгоо сэгсэрч байна лээ. Хэрэв хэрэгсэхгүй болсон бол яагаад 2009 онд нээсэн хэрэг 2019 он хүртэл мөрдөөд байгаа юм бэ. Асуудлын хамгийн сонирхолтой нь үүнд байгаа юм. Энэ бүхнийг нийгмийн анхаарлын төвд оруулж, оруулсных нь дараа улстөрчид нь айж Х.Нямбаатараас эхлээд намайг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэж хэлчхээд зугтчихдаг. Тэгээд нүүр нүүрээрээ уулзахаар өөр юм ярьдаг. Үнэд гүйцэгдэнэ гэгчээр өнөөдөр уулзалдаж байна. Энэ хуулийг яаралтай засах хэрэгтэй. Эрүүгийн хууль бол бодлоо гүйцээж бичдэг ийм хууль. Ажлын хэсэгт нь нэлээд чамбай хүмүүс оруулахгүй бол прокурор нь нэг юм ярихаар за гэдэг, шүүхийнхэн мөн нэг юм ярихаар за гэдэг ийм байдлаар л өмнөх ажлын хэсэг ажилласан. Одоо байгуулах ажлын хэсэг байгуулбал ахлагчаар нь ноён нуруутай, байр сууриндаа байж чаддаг, аль нэг байгууллагын эрх ашгийг тусгахаасаа илүүтэй үндэсний эрх ашгийг нэгт тавих тийм хүнийг томилох хэрэгтэй. Дэд сайд Б.Энхбаяр тухайн үед өөрөө ажлын хэсэгт байсан атлаа одоо болохоор маш олон юм ярьж байгаа. Тухайн үед нь яагаад ярьж хэлээгүй юм. хөөн хэлэлцэх хугацааны төслийг боловсруулсан хүн.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Би өчигдрөөс хойш ихэд гүтгүүлж байна. 2017 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлахад хөөн хэлэлцэх хугацааг хөндөөгүй. 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тухайн үеийн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хөндсөн, санал оруулсан. Энэ тухай хуралдааны бичлэг олон түмэнд тарсан. Дээд шүүхийн шүүгч Х.Батцэрэнд үүрэг өгч, томьёолол гаргуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дахь хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг өөрчилсөн. Үүнтэй холбоотойгоор өмнө нь батлагдсан байсан Эрүүгийн хуулийг уялдуулж ажлын хэсэг дээр хууль зүйн техникийн хувьд шинэчилсэн. Ш.Раднаасэд гишүүнд хэлэхэд, надтай хамаарал бүхий этгээдүүдээс ганц худагт байтугай Дэнжийн мянгын цагдан хорихын баривчлах байранд хоригдож байгаа хүн байхгүй шүү. МХЕГ-ын нэр бүхий авлига авсан байцаагч нарыг чамайг томилуулсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Ажил хийснийхээ төлөө би гүтгүүлэх ёсгүй. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоо ахлах УИХ-ын гишүүн ч олдохгүй байгаа. Ажил хийсэн хүмүүсээ өөлж, баалдаг. Жастын Батхүүгийн хэрэг 2013 онд үүссэн. Өнөөдрийг хүртэл яагаад хууль хяналтын байгууллага шийдэж чадахгүй байгаа юм бэ. Зарим хэргийг сарын дотор шийддэг атал долоон жил өнгөрчхөөд байхад шийдэхгүй байгаа нь хардлага төрүүлж байгаа шүү.Богино хугацаа биш. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн журмын хуулиар өмнө нь хэрэгсэхгүй болсон бүх хэргийг сэргээх зохицуулалтыг оруулж ирье. Харин гишүүд бүгд дэмжиж, кнопоо дарна шүү.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Доромжлох үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах уу.Улстөрөөр далимдуулаад эцэг эхийг маань хүртэл доромжлох боллоо. Хөөн хэлэлцэх хугацаа одоо энэ заалтаар ороод ямар ч нэмэргүй. Яагаад гэвэл хэрэг бүртгэлтийг шалгаж байна гэсээр байгаад хэдэн жил болно. Хамгийн ноцтой зүйл нь ялын санкц хэрэг гарсан үйлдлээс гарах хугацаа хоёр хоорондоо шууд хамааралтай байна уу. Миний олж харснаар жишээ нь нэг жилийн ялтай нөхөрт нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаатай, таван жилийн ялтай нөхөрт таван жилийн хөөн хэлэлцэх хугацаатай, найман жилийн ялтай бол найман жилийн хөөн хэлэлцэх хугацаатай гэх мэтээр оруулчхаад байгаа юм. Энэ байдлаас болж маш олон хэргийн санкц нь буурч давхар хөөн хэлэлцэх хугацаа нь багасахаар байгаа. Хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөхгүйгээр энэ талаар мянга яриад нэмэр байгаа юм уу.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Сая бухимдахдаа Ш.Раднаасэд гишүүнийг батлагдаагүй авлигын хэрэгт холбож хэлсэндээ албан ёсоор уучлалт гуйж байна. МХЕГ-ын байцаагч нар авлигын хэрэгт холбогдсон асуудалд Ш.Раднаасэд гишүүн холбогдоогүй гэдгийг сая АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн албан ёсоор хэллээ.
Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүд 67.5 хувиар дэмжсэнээр төслүүдийг холбогдох байнгын хороонд шилүүллээ.
Үүгээр чуулганы хуралдааныг хаалаа.
Чуулган: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, олонхын саналаар хүлээж авлаа.
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр /2019.10.04/ хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж үзсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан уг албан бичгийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Харамсч байна. Урт хугацаанд олон хүний хөдөлмөрөөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх ажил явж байсан боловч энд хүрээд зогсч байна. Үүнд манай намын хэсэг нөхөд сөрөг хүчинтэй хуйвалдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг энд хүргээд оршуулж байна. Би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаас асууя. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах санаачилгыг аль намаас анх гаргасан юм бэ. Би нэг хүнд маш харамсч байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль хоёр жилийн өмнөөс ярьж судалж, хэлэлцүүлэг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Үндсэн хуулийг хэлэлцэж эхэлснээс хойш бүлгийн хурал дээр Ц.Нямдорж сайд байнга захиж, зөвлөж ирсэн. МАН-ын бүлэг Ц.Нямдорж сайдын хэлсэн бүрээр нь бүлгийн шийдвэрээ гаргаж байсан. Үндсэн хуулийг сөрөг хүчинтэй, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй бол болдоггүй баримт бичиг шүү залуучуудаа, гэж Ц.Нямдорж сайд захиж, зөвлөж ирсэн. Энэ дагуу бид Ерөнхийлөгчөөс саналыг нь авч мөн АН-ын зөвлөлийн саналыг авъя гэсэн шийдвэрийг гаргасан. Зөвшилцөх ажлын хэсэгт Ц.Нямдорж сайд орж ажилласан. Зөвшилцлөө гээд бидэнд саналаа хүртэл оруулж ирсэн. Төд удалгүй Ц.Нямдорж сайд өөрөө зөвшилцлийг хүлээж авахгүй гээд бүлэг дээр хэлж санал хураалгаад өөрийнхөө талд шийдүүлсэн. Гэтэл одоо Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав гэсэн байдлаар асуудалд хандаж байгаад харамсаж байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-АНСА-аар Үндсэн хуулийг батлах санаачилгыг хэн гаргасан бэ гэж асуулаа. 2016 онд МАН сонгуульд төрөө засах, ард түмнээ ядуурлаас гаргах, төр шиг төртэй, улс шиг улс болгохын тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийнэ, ингэхдээ ард түмнээсээ асууна гэж тусгасан. Үүний дагуу төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж бүтэн хоёр жил ажилласан. Нийт ард иргэдээс 5.7 сая саналыг цуглуулж байж 2019 оны зургаадугаар сард Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүн өргөн барьсан.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа дур зоргоороо хандаж болохгүй юм байна, ийм ийм зүйлийг зайлшгүй харгалзаж үзэх ёстой гээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг 2010 онд баталсан. Энэ хуульд нийцүүлэх гэж Ерөнхийлөгч хориг тавьсан. Эцэслэж батлахаасаа өмнө гаргасан алдаагаа зас, Үндсэн хуулийн өөрчлөлтийг явчихаасай гэж УИХ-д тус болох гээд хориг тавьсан.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Үндсэн хууль бол олон нийтийн эрх ашиг болохоос биш аль нэг намын эрх ашиг биш. 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа мэт яриад байх юм. Х.Нямбаатар зарим нөхөд нь сөрөг хүчинтэй нэгдэж зохион байгуулалтайгаар Үндсэн хуулийг унагалаа гэсэн ухаантай юм яриад байх юм. Танай нам л өөрсдөө унагасан. Бид анхны хэлэлцүүлгээс нь эхлээд шаардлага тавиад, анхааруулга удаа дараа өгсөн. Харамсалтай нь олонхдоо эрдээд хүч түрээд л явсан. Өнөөдөр сөрөг хүчин хамаг юмыг нь гацаачихсан мэт л ярих юм. Та нар манайхтай, манайхгүй шийдээд явах бүрэн эрх чинь байгаа. Ард түмэн та нарт үнэмлэхүй олонхийг өгсөн. Хамаг муу муухайгаа сөрөг хүчиндээ наах гэдгээ болих хэрэгтэй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад, алдаагаа зас.
Хуульзүйн сайд Ц.Нямдорж:
-УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан бичигт би гарын үсэг зурсан нь үнэн. Бас идэвхтэй оролцоогүй нь ч үнэн. Зөвшилцлийн хаалга хаагдсан. АН-ын оролцоогүйгээр, Ерөнхийлөгчийн оролцоогүйгээр шийдвэр гаргах гэж яваад түгжээнд орсон учраас зөвшилцлийн зарчмаар явах нь зөв гэсэн байр сууриа би хатуу баримталж ажилласан. Намайг хүсээгүй байхад л зөвшилцлийн ажлын хэсэгт оруулсан. Одоо ч гэсэн хүсээгүй байхад сүүлд байгуулагдсан ажлын хэсэгт оруулсан. Зөвшилцөх ажлын хэсэг ярилцаад хоёр гурван асуудлыг нь бүлгээр оруулж хэлэлцүүлье гэж үзсэн юм. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил, сонгуулийн тогтолцоо, байгалийн баялагтай холбоотой заалтыг асуугаад бүлэг дээр унагасан. Ингэж л явсан. Гишүүдийн тоо 108, бүрэн эрх таван жил гэдгийг ард түмэн эсэргүүцэж байна гээд бүлгийн хурал дээр яриад л унагаасан. Гэтэл одоо надтай холбох шаардлагагүй. АН-аас болсон болоогүй зөвшилцөх бичиг ирүүлсэн. Би нэг зүйл дээр хатуу зогсч байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын зөвлөлийн оролцоогүйгээр шийдэж огт болохгүй. Үгүй бол улс төрийн тогтворгүй байдал үүснэ. Төр даахгүй шүү. Үүнийг л би хараад хэлсэн. Хуульзүйн сайдын хувьд надад хүлээсэн үүрэг гэж байна. Гурван сая хүнийг гудамжинд гаргачихгүй байх амгалан байлгах үүргийг цагдаа, хууль зүйн салбар хариуцдаг юм. Түүнээс би хүчлээд алтан загасны үлгэрийн эмгэн шиг хандсан зүйл байхгүй.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ процессын алдаа гаргасан гэж Ерөнхийлөгч хоригтоо дурдсан байгаа юм. Үүнд Хууль зүйн байнгын хороо болон Д.Лүндээжанцан гишүүн тайлбар өгөөч.Бид санал хураалтаас өмнө итгэл үнэмшилтэй болмоор байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хуулийн хэлбэрээр өөрчилж, хуулийн бүтэц, зохион байгуулалт, хэлэлцэх журам гээд хуулийн хэлбэрээр нь явсан. Нэрийн хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг нэрээр явахгүй бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэчихвэл болохгүй байгаа юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар:
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.2.4т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэсэн зохицуулалт бий. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Үндсэн хуулийн 68,69 дүгээр зүйлийг удирдлага болгон барьж байгаа. Үндсэн хуулийн 68,69 дүгээр зүйлд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц УИХ-д өргөн мэдүүлж болно гэж заасан.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-ШИНЭ намын УИХ дахь төлөөлөл анхнаасаа энэ хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэр гаргасан. Яагаад гэхээр, өнөөдөр бид Үнсдэн хуулийн өөрчлөлтийг хэрэгтэй өөрчлөлт болгон гаргая гэвэл гаргах чиглэл рүү ажиллах ёстой. Ерөнхийлөгч хориг тавихдаа хууль яриад байгаа юм. Хууль ярьж байхад бид намын бодлого ярьж эсэргүүцэх осолтой. Яг дордуулсан 7 өөрчлөлтийн замаар явж байна.МАН-ынхны хувьд яаж ийгээд өөрчлөлт оруулаад батлах гээд байна. Үүний цаана Монголын ард түмэн итгэхгүй. Өөрчлөлт хийгдэж байгаа хэлбэрийг ард түмэн гэмт хэрэг гэж харна. Тиймээс хоригийг авахаас өөр арга байхгүй. Хүлээн аваад эцсийн шатны зөвшилцлөө хийгээд оролцох ёстой Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын төлөөлөл болон гол намын төлөөлөл энд суугаад гарцаа олох ёстой. Энэ бол ард түмний язгуур эрх ашгийн асуудал юм. Ийм бололцоо байна уу? Бид ямар хүүхэд шиг тоглож, эрхэлж наадаж байгаа биш. Бид Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Тиймээс энэ өөрчлөлт ард нийтэд сайн зүйл авчрах нь гэсэн итгэл найдварыг авчрах ёстой юм. Дордуулсан 7 өөрчлөлт бол эрх мэдлийг өөртөө авч үлдэх гэсэн оролдлого байсан. Үүнд нь ард түмэн хариуг нь өгч чадсан. Гэсэн ч одоо бий болсон завхралын эхлэлийг эдгээр өөрчлөлтүүд бий болгосон. УИХ-ын ирц, давхар дээл гэх мэт. Тиймээс ард түмнийхээ төлөө сонгогдоод сууж байгаа гишүүд энийг маш сайн ухамсарлаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Хоригийг би ямар талаас нь дэмжиж байна вэ гэвэл хахир өвөл ард түмнээс асууя гэвэл ирц хүрэх эсэх нь тодорхойгүй байна л даа. Ирц хүрсэнгүй гээд гацчихвал ард түмний буруу болох уу. Энэ талаас нь харвал Ерөнхийлөгч боломж олгосон гэж харж байна. Гэхдээ Ерөнхийлөгч бүх юманд бүхэлд нь блок тавьдгаа одоо болих хэрэгтэй. Төсөвт хориг тавина, дараа нь хоригийн талыг нь аваад, талыг нь орхичихгүй юу гэнэ. Одоо Үндсэн хуульд тавьсан хоригийнх нь заримыг нь ав гэдэг. Хууль зөрчсөн заалт байна эсвэл зөрчөөгүй ч заалт байна. Тэгэхээр хоригийг яаж хэсэгчлэн авах уу гэдэгт УИХ-ын дарга чиглэл өгч санал хурааж болох уу. Өөрөөр хэлбэл хоёр саналт хураалтаар буюу хоригийг бүхэлд нь хүлээж авах, дараагийнх нь хоригийг хэсэгчлэн хүлээж авах гэсэн ийм хоёр санал хураалтаар бид Ерөнхийлөгчийнхөө алдааг засаж өгөхгүй бол том хүн том л юм тавина гэсэн байдлаар бүхэлд нь дандаа хориг тавих юм. Дараагийн удаад хориг тавивал тодорхой тавьдаг баймаар байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
–Шулуухан хэлэхэд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цааш явахгүй, зогсоно. Дахин зөвшилцөл хийх боломжгүй. АН зөвшилцлөөр юу хүсч байгаа вэ гэхээр гишүүдийн тоог 108 , бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, намын жагсаалтаар сонгогддог болох энэ бүхнийг шахаж байгаа. Энэ тохиолдолд би хэлэлцүүлгээс гарна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа. Шалтгаан нь ард нийтийн санал асуулга цаг үеэ олоогүй байна. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажил, ханиад томуу, утаа униар гээд асуудлууд хөвөрнө. Энэ үед санал асуулга явуулах нь ирц хүрэхгүй цааш гаргалгаагүй болох асуудал үүснэ. Зөв мэдрэмжтэй цагаар асууж болно шүү дээ. Түүнээс биш санал асуулгыг огт асууж болохгүй гэж хэлээгүй, цаг үе нь л биш байна. Ерөнхийлөгчийн хоригийг нь хэлэлцэж байхад өөрөө алга. Ерөнхийлөгч ажлаа хийгээч ээ. Өөрийнх нь тавьсан хоригийг хэлэлцэж байхад бие оторлодог юм уу, эсвэл тэр чигтээ бантан болоод баларцгаа гээд байгаа юм уу. Уг нь намрын чуулганы нээлт болон энэ хориг дээрээ орж ирээд саналаа хэлмээр байгаа юм.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, санал хураалт явуулахад 53 гишүүн оролцсоноос 13 гишүүн дэмжиж 35.8 хувийн саналаар хоригийг хүлээж авлаа. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах шийдвэр гарсан учраас Ард нийтийн санал асуулга явуулахгүйгээр УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, батлах боломж үүсч байгаа юм.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэхийг дэмжлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд 62.5 хувиар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Тус төсөл нь Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилготой юм.
Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 49-н гэрээг сонгон шалгаруулалтгүй явуулсан
УИХ-ын чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн 67,9 хувиар хэлэлцэн баталлаа. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг дэд хорооны дарга З.Нарантуяа танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭ:
-Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан тухай ярьж эрх баригчид өөрсдийгөө магтаж байгаа. Манай улсын мөнгөний хэтэвч дотроо мөнгөтэй үлдэнэ гэдэг хэнд ч сайхан сонсогдох нь аргагүй Гэхдээ Сангийн сайдын магтан дуулж байгаа энэ тайлангаар цаасан дээр гаргасан дансны зөрүү болохоос бодитой гарсан ашиг биш болох нь аудитын дүгнэлтээ тодорхой харагдаж байна. Засгийн газар 2018 онд төсвийн алдагдлаа гадаадаас 1 их наяд 275 тэрбум 500 сая төгрөгтэй тэнцэх валютын нөөц авч нөхсөн талаар аудитын дүгнэлтэд байна. 2018 он эдийн засгийн хувьд таатай үе байтал яагаад ийм их хэмжээний зээл авсан юм бэ.
Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:
-2010 оноос хойш анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнийг олон улсын аргачлалаар бодож гаргадаг. Өөрсдийгөө магтах хуурдсан тоонууд биш ээ. Бодит тоо. Төсвийг ашигтай гарахад голлож нөлөөлсөн хүчин зүйлс нь эдийн засгийн идэвхжилт сайн явагдсан.2013 оноос хойг тасралтгүй унасан эдийн засаг идэвхжиж байна. Үүнийг дагаад ААН-үүдийн төлөх татвар нэмэгдэж байна. Дампуурч хаалгаа хаасан ААН-үүд эргэж сэргэж татварын өрөө төлж барагдууллаа. Гаднаас зээл авч төсвийн алдагдал нөхсөн асуудал огт байхгүй, харин ч эсрэгээрээ гаднаас авсан зээл зөвхөн зардлын төрөлд бүртгэгдээд явдаг. Бүтээн байгуулалтын ажлуудад гаднын зээлүүд зарцуулагдсан. Зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхсөн гэсэн ойлголт байхгүй. 2018 онд гоё гоё нэртэй бондууд гаргаагүй. Арилжааны банкуудаас бид нэг ч төгрөгийн зээл аваагүй. Харин эсрэгээрээ У.Хүрэлсүхийн Засгийн газар 7.5 их наяд төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан. Сангуудаас ч мөнгө авах шаардлага бидэнд байхгүй.
УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:
-2018 оны төсвийн гүйцэтгэлд сайшаалтай олон тоон мэдээллүүд бий.Саар зүйл ч бий. Үүндээ цаашид анхаарах тал дээр хэлж байгаа гишүүдтэй ч санал нэг байгаа. Тэр дундаа ЖДҮ-ийн сантай холбоотой том асуудал үүссэн. Засгийн газрын тусгай сангийн холбогдох журмыг хангаагүй гэж аудитын дүгнэлтэд ч байна. Гэтэл Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг энэ талаарх дүгнэлт алга байна. Тиймээс дэд хорооны даргаас байр суурийг нь тодруулъя. Санхүүгийн тайлантай танилцахад нийт 47 тэрбум төгрөгийн төлөвлөгөөтэй 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй өнгөрсөн оны сангийн үлдэгдлээс 19 тэрбум төгрөг зарцуулсан ийм асуудал бий. Үүнд мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хэрхэн хандаж байна вэ. Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын төсвийн гүйцэтгэл батлагдахтай холбогдуулан УИХ-ын бие даасан тогтоол гаргаад цаашид анхаарч, авч хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг тусгах ёстой. Гэтэл тогтоолын төсөл оруулж ирсэнгүй. 2018 онд хөрөнгө оруулалтын гүйцэтгэл маш бага хувьтай байсан. Гэтэл санхүүгийн тайлангийн мөнгөн дүнг нь харахад 500 сая гаруй төгрөгийн төлөвлөгөөтэй үүнээсээ 400 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байх жишээний. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтыг зарим ажлууд яагаад өнөө хэр хүртэл хийгдээгүй байгаа юм бэ. Хоёр жил дамнаад ч хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэхгүй байгаа нь маш анхаарах асуудал шүү. Мөн Эрдэнэс Тавантолгой зэрэг төрийн өмчит компаниуд бий. үүгээр маш их хэмжээний нүүрс экспортод гарч байна. Экспортод гарч буй нүүрсний гэрээ, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу үнэн, бодит явагдаж байна уу. Үүнд хяналт шалгалт хийх үү.
УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг дэд хорооны дарга З.Нарантуяа:
-Манай дэд хороо хэлбэр төдий ажиллаж байгаа гэж би шууд хэлнэ. Яагаад гэвэл АН-аас би ганцаараа энэ хороонд ажилладаг. Бусад гишүүн нь бүгд МАН-ынх. Төсвийн зарлагын хяналтын дэд хороог хуралдуулах сонирхол нь тун бага. Зайлшгүй асуудалд хэлэлцэхэд л ирдэг. Хэрэв хамтраад ажиллаж байсан бол бид илүү их ажиллах байсан. ЖДҮХС-гийн асуудалд манай дэд хороо маш их анхаарч байсан. Төсвийн байнгын хорооны сангуудын авлага их байна гэдгийг ч тусгай сангийн хуулийг шинэчилж батлах шаардлагатай байна гэдэг чиглэл ч өгч байсан. Харамсалтай нь цаасан дээр үлдсэн. Дараа нь ЖДҮ-гийн асуудал гарсан. Сангийн сайд өчигдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг шинэчлэхээр болсон тухайгаа хэлсэн. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хангалтгүй байгаа гэдэгтээ санал нийлнэ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тухайд мөн санал нэг байна. Надад гомдлууд ирсэн. 49 гэрээг сонгон шалгаруулалтгүйгээр явуулсан гэсэн гомдол ирсэн. Өчигдөр ч гэсэн би байнгын хорооны хуралдааны үеэр хэлсэн. “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан дэд захирал, 200 гаруй хүн ажиллах шаардлага байгаа юм уу гэж асуусан.
Үүгээр чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Чуулган: ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжлээ
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байсан А.Ганбат үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн тул Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Довчинсүрэнгийн Ганзоригийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудлыг зөвшилцөх тухай албан бичгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн.
Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ–ын гишүүн А.УНДРАА:
"Батлан хамгаалах салбарын төсөв бүрдэхгүй байгаа тухай асуудлыг бид байнгын хорооны хурал дээр ярьсан. НҮБ болон гаднаас тусламжаар орж ирдэг төсвийн асуудал бүрдэхгүй, гадаад хүчин зүйлээс хамаарч байгаа асуудал байна. Та энхийг сахиулах хүчинд ажиллаж байсан. манай улс энхийг сахиулах үйлсэд оролцож байгаа оролцоо асар чухал байна. монгол цэргийн нэр хүндийг олон улсад өргөсөн. 2 жил сувилагчийн рот энхийг сахиулах үйлсэд явсан. Инженерийн рот явах тухай яригдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ? Анхаарч ажиллаарай. Төсвийн бүрдэлтийн асуудал түр зуурынх байх. Гэхдээ та энэ тал дээр ямар алсын хараатай байгаа вэ?
Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх нээлттэй байх ёстой гэж үздэг. Мөн цэрэг эх оронч үзлийг ард түмний дунд бэхжүүлэх асуудлыг дэмжиж байна. Дээр үед цэрэгжилтийн хичээл гэж ордог байсан. Багаас нь цэрэг эх орны төлөвшлийг олгож, боловсролын системдээ уялдаж ажиллах нь зөв. Гэхдээ мөрдэс зүүсэн цэргийн өндөр албан тушаалтан ТББ-аар дамжин, зарим нь сошиал дээр эх орон дуудаж байна. Одоо босцгооё гэх мэт хагарал, таагүй хандлага байна. Та тодорхой хариулт өгнө үү?
УИХ–ын гишүүн Ш.РАДНААСЭД:
Говь-Алтай аймагт барилгын цэргийн анги байгуулах шийдвэр гаргаад таван жил болж байна. ЗХЖШ-ынхан очоод үздэг, судалдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна. Гаргасан шийдвэрийг хэрэгжүүлвэл хэрэгжүүлээд хэрэгжүүлэхгүй бол болохгүй юм байна гээд нэг мөр болгомоор байна. Энэ асуудалд шинэ дарга онцгой анхаараач гэж хэлмээр байна. Хоёрдугаарт цэргүүдийн амь настай холбоотой асуудал. Цэргийн алба хааж байхдаа амиа алддаг. Эцэг эх, ах дүү нар нь эр хүн болоод ир гээд явуулдаг, хүн нь биш зураг нь ирж байна. Хэвлэлээр мэдэгдэж байгаа нь энэ. Мэдэгдэхгүй өнгөрч байгаа нь хэд бол? Хууль зүйн яаманд ажиллаж байхад гэмтэж бэртсэн, амиа алдсан өргөдөл ирдэг байсан. Энэ тал дээр онцгой анхаараарай. Тоолж үзвэл ямар тоо гарах бол. Аавын хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахад онцгой анхаараарай. А.Ганбат дарга ямар шалтгаанаар ажлаа өгснийг тодруулж үзмээр байгаа юм. Эрүүл мэнд үү, улс төр үү. Цэргийн алба бол тоглоомын алба биш шүү.
ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.ГАНЗОРИГ:
-Цэргийн алба хаагчид улс төрөөс ангид байх дүрэм, хууль бий. Таны ярьж буй "Эх орон дуудахад нэгдэхэд бэлэн байна" гэдгийг сошиалд алба хааж байгаа хүн ингэж бичсэн гэж бодохгүй байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
-Ерөнхийлөгчийн зүгээс аравдугаар сарын 1-нд ЗХЖШ-ын даргын томилгоог зөвшилцөх асуудлыг өргөн мэдүүлсэн. Энд А.Ганбат генералыг удаан хугацаанд эмчлүүлэх шаардлагатай тул өөрийнх нь өгсөн өргөдлийг үндэслэн чөлөөлсөн гэсэн байсан. Хуулиар ЗХЖШ-ын даргыг чөлөөлөх асуудлыг зэвсэгт хүчний ерөнхий командлагч түүгээрээ шийддэг учраас байнгын хорооны хуралдаан дээр чөлөөлөгдөж байгаа хүнээс асуух боломж гараагүй. Албан бусаар авсан мэдээллээ энд хэлэх боломжгүй байна.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-О.Баасанхүүгийн яриад байгаа асуудал ноцтой зүйл шүү. Үүнийг төр анхаарах ёстой. Зэвсэгт хүчин гэдэг бол гадаадын түрэмгийллээс эх орноо хамгаалах ийм чиглэлд ажилладаг хүмүүс. Дотоодын асуудал элдэв улс төр цэргийнхэнд хамаагүй. Генерал хувцас өмсчхөөд фронт гэдгийг байгуулаад явж байгаа нь ноцтой асуудал шүү. Анхаарах асуудал шүү, нэр дэвшигч ээ. Ямар фронт байгуулж, хэнтэй тэмцэлдэх гээд байна. Генерал цолтой хувцас өмсөөд ингэж явж болох уу. Мөрдэс зүүсэн хүн бүхэнд хамаатай асуудал шүү. Өнөөдөр цагдаагийн генерал байж байгаад маргааш нь фронт байгуулаад явах юм уу. Эрүүл биш үзэгдэл.
Батлан хамгаалахын сайд Н.ЭНХБОЛД:
"Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэгт хүчний ерөнхий командлагч. ЗХЖШ-ын даргыг халах, солихдоо өөрөө шийддэг. Ингэхдээ УИХ-тай зөвшилцдөг. Д.Ганзориг нь цэргийн удирдлагын дээд байгууллага, цэргийн ангид ажиллаж байсан. Мэргэжил, туршлага зэргээрээ шаардлагуудыг хангасан хүн. Тиймээс Батлан хамгаалахын сайдын хувьд дэмжиж байгаа.
Хуулиараа 2 удирдлагатай ажилладаг хүн. ЗХЖШ дарга нь БХ-ын сайд болон ЗХ-ний Ерөнхий командлагчийн удирдлага дор ажилладаг.
ТББ-уудтай холбоотой асуудал бий. Албаа хашиж байгаа албан хаагч ТББ-ын үйл ажиллагаанд биечлэн шууд оролцож болохгүй гэдэг шаардлага сайдын хувьд тавьдаг. Байгууллагуудын хүсэлтээр, цэцэг эх оронч хүмүүжлийг олон нийт, залуу үеийн дунд зохион байгуулахад хуулийн хүрээнд ТББ-д тусламж үзүүлж болно гэж үзэж байгаа.
Үндсэн хуулиараа батлан хамгаалах салбар бол иргэний удирдлагатай салбар. БХЯ-ны хийх гол ажлын нэг нь цэрэг иргэний харилцааг бэхжүүлэн, иргэний хяналтыг сайжруулах, алба хаагчийн нийгмийн хамгаалал, хүний эрхийн хамгаалалд онцгой анхаарах чиглэлд ажиллах ёстой. Тиймээс ЗХЖШ-тай хамтран хяналтын тогтолцоонд давхардал их байсныг шинэ тушаал баталсан. Цэргийн мэргэжлийн байгууллага мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулна. Яам нь иргэн-цэргийн харилцаа, санхүүгийн хяналт цэргийг хариуцан ажиллах чиглэлийг тодорхой болгосон."
Ингээд гишүүд асуулт асууж дууссаны дараа ЗХЖШ-ын даргаар Д.Ганзоригийг томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн 76.9 хувийн саналаар дэмжлээ.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл, холбоонд байхгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Хуралдаанаар
1.Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал
2.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
3.Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
4.Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
5.Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
6.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оюутолгой төслийн шалгалтын хүрээнд УИХ-д тогтоолын төсөл боловсруулах Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан тогтоолыг УИХ-аар яаралтай хэлэлцэж асуудлыг нэг талд нь гаргамаар байна. Хоёрдугаарт, УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдах гэхээр ирц нь хүрэхгүй хүндрэлтэй байна. УИХ-ын чуулганы хуралдаанд огт ирдэггүй Б.Наранхүү Ёс зүйн дэд хорооны гишүүн. Энэ хүнийг сольж өгөөч гэж чуулганы хуралдааны үеэр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хандаж хэлсэн. Үүнээс гадна Ёс зүйн дэд хорооны гишүүдэд Засгийн газрын хэд хэдэн гишүүн бий. Ёс зүйн дэд хорооны бүтэц бүрэлдэхүүний асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс манай дэд хороонд шаардлага хүргүүлсэн. Гэтэл Ёс зүйн дэд хороо УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлогыг шалгахад нэлээд цаг хугацаа орох юм билээ. Тийм учраас Бид уучлахгүй хөдөлгөөнөөс тавьж буй шаардлагуудыг бид хүлээж авах ёстой.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлаар өнгөрсөн долоо хоногт чиглэл өгсөн. Ирцээ бүрдүүлж хуралд. Ирэх Мягмар гаригт Ёс зүйн дэд хороог хуралдуулна.
Үүгээр хэлэлцэх асуудалдаа орлоо. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:
-Яагаад цэргүүд амь насаа алдаад байна вэ. Энэ асуудалд яаж анхаарч байна вэ. Хоёрдугаарт Монгол Улс нэгдмэл тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Хамгийн улстөржилтөөс хол байх ёстой цэргийн мөрдөстэй хүмүүс Цэргийн нэгдсэн холбооны гишүүнээр нэгдэх эрх байдаг юм уу.
ЕТГ-ын дарга З.ЭНХБОЛД:
-Ерөнхийлөгч ямар нэгэн эвсэл, холбоонд байхгүй. Үндсэн хуульд заасан эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу ТББ –ыг байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан хүмүүс ТББ байгуулж болно. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй учраас энэ талаар хариулах боломжгүй байна.
ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.ГАНЗОРИГ:
-ТББ-уудын үйл ажиллагаа манай улсын одоогийн мөрдөж буй хууль, эрхзүй хүрээнд явж байгаа. О.Баасанхүү гишүүний асуусанчлан Цэргийн нэгдсэн холбоо, Засаг дарга нар нэгдсэн холбооны тэргүүн болж байна гэсэн асуултад хариулах боломжгүй байна. Учир нь зарим асуудал нууцын зэрэглэлд ордог учир танд тусгайлан илтгэж болно. Батлан хамгаалах салбарын хуульд эх оронч үзлийг хөгжүүлэх үндсэн чиглэл бий. Залуусыг эх оронч болгон хүмүүжүүлэх чиглэлд бид анхаардаг.
ХЗДХ-ийн сайд Ц.НЯМДОРЖ:
-Нэр дэвшигчээс асуух зүйл алга. Ажлаа сайн хийх байх гэж найдъя. ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан А.Ганбат 10-аад жилийн өмнө хувийн компанид ажиллаж байгаад буцаад ЗХЖШ-ын даргаар томилогдоход нь би ихэд гайхаж байсан. Гэтэл томилогдоод жил ч хүрээгүй атал ажлаа өгөх өргөдөл өгсөн байх юм. Саяхан л томилогдсон. Томилох шийдвэрт нь гарын үсэг зурсан үзгийн бэх нь хатаж амжаагүй байхад өргөдлөө өгснийг юу гэж үзэх юм бэ. Ер бусын гайхширал төрүүлж байна. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлдэг ийм байгууллагын удирдлагаар гадуур явж байсан хүнийг яагаад томилсон юм. Яагаад зэвсэгт хүчний байгууллагаар тоглоод байгаа юм. Цаашид битгий ийм зүйл болоосой.
УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:
-Өмнөх А.Ганбат гэж генерал дөрвөн хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас би Үндсэн хуулийн Цэцэд өгөх гэж байсан. Үүнийг сонсчхоод чөлөөлөгдөх шиг боллоо. Өнөөдрийн Д.Ганзориг генерал цэргийн бүх шатанд ажилласан, бүх зүйлийг туулаад гарсан, цэргийн зовлонгоо мэдэх хүн. Залуу үе батлан хамгаалах салбарыг аваад явах цаг нь ирж байна. Орчин үеийн цэрэг техникийн боловсролыг бусад оронд эзэмшсэн үе ирж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Холбоотой мэдээ