Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ даваа гаригт Казахстаны Астана хотноо эхэлнэ. Энэ удаагийн Дэлхийн аваргад 120 орны эрэгтэй 432, эмэгтэй 297, нийт 729 жүдоч өрсөлдөх бөгөөд тэмцээний сугалаа өнөөдөр боллоо. Манай улсаас 18 жүдоч Астананы татамид өрсөлдөхөөс эхний тойрогтоо 9 жүдоч гоц мөргөөд байна.
Тэмцээний эхний өдөр буюу маргааш эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Эдгээр жинд манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана. Дэлхийн аваргуудын хувьд эхний тойрогт гоц мөргөсөн бол Ц.Цогтбаатар Швейцарийн Ч.Лудовичтэй оноолт таарчээ. Харин Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй ОУХМ Г.Отгонцэцэг эхний тойрогт хийлсэн байна.
Урьдчилсан барилдаан өдөр бүр 14.00 цагаас эхлэх бол шигшээ барилдаан 20.00 цагаас эхэлнэ. ДАШТ-ийг МҮОНТВ, ETV, SPORTBOX, C1 телевизүүд наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд эх орон даяар шууд дамжуулна.
Ч.БОЛОР