Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр БНХАУ-ын Бээжин хотноо эхэлсэн билээ. Хоёр жилд нэг удаа зохиогддог тус тэмцээн Ази тивд дөрөв дэх удаагаа (1991, 2007 онд Япон, 2011 онд БНСУ), БНХАУ-д анх удаа болж байна.
47 төрлийн тэмцээн, уралдаанаас хамгийн сонирхолтой нь эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлт бөгөөд энэ төрөлд Ямайкын Усайн Болт, АНУ-ын Жастин Гэтлин нарын дунд гол өрсөлдөөн болох болов уу. Өчигдөр болсон 100 метрийн урьдчилсан гүйлтэнд Гэтлин 9,83 секундын амжилтыг үзүүлж, тэргүүлсэн бол Усайн Болт 9,96 секундын амжилтаар V байрт бичигджээ. Харин өнөөдөр шигшээ уралдаан болох бөгөөд орон нутгийн цагаар 21.15-д эхэлнэ.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 10 метр, марафон, 20 км-ын спорт алхаа, эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрлүүд болж, Эритрей, Герман, Их Британи, Испани улсын тамирчид алтан медаль хүртэж, 10 орон ямар нэгэн медаль аваад байна.
Үүнд.
1. Эритрей 1 алт
2. Герман 1 алт
3. Их Британи 1 алт
4. Испани 1 алт
5. БНХАУ 2 мөнгө
6. Кени 1 мөнгө, 1 хүрэл
7. Этиоп 1 мөнгө
8. Канад 1 хүрэл
9. Уганда 1 хүрэл
10. АНУ 1 хүрэл тус тус аваад байна.
Манай улсын хувьд энэ удаагийн ДАШТ-д марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн ангилалд гавьяат тамирчин Б.Сэр-Од, эмэгтэйчүүдийн төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар оролцох юм.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн тэмцээн болж, Эритреин марафонч Гирмай Гебресласси түрүүлж, Этиопын Еман Цегай, Угандагийн Муньо Соломон Мутаи нар мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од 2.32.08 цагийн амжилтаар 38-р байрт орсон бөгөөд уралдааны явцад 10 хүн замаас гарч, 42 тамирчин барианд оржээ.
Ч.БОЛОР