АН-ынхан Хэнтийг зорино

Хуучирсан мэдээ: 2015.08.23-нд нийтлэгдсэн

АН-ынхан Хэнтийг зорино

Өнгөрсөн долоо хоногийн турш улстөрийн хүрээнийхний дунд сайд нарын сунгаа явсан ч өнөө хэр нь нэр нь албан ёсоор тодроогүй л байна. Ирэх долоо хоногт ч энэ байдал үргэлжилж болзошгүй аж. Учир нь АН сайд нарынхаа нэрс дээр тодорхой шийдэлд хүрч чадаагүй байгаа юм. Тиймээс УИХ-ын даргын зүгээс ирэх долоо хоногт ч ээлжит бус чуулган зарлаж чадахгүй бололтой. Харин тэрээр цаг хугацааг ашиглаж, Хэнтий аймгийг зорих мэдээлэл байна. Тодруулбал, наймдугаар сарын 26-нд Хэнтий аймагт Аварга тосноо “Монгол хүн 2020-өнөөдөр, маргааш” чуулга уулзалт зохион байгуулагдах аж. Зүүн бүсийг хамарсан энэхүү чуулга уулзалтад Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн АН-ын гишүүд цуглаж, тус намаас 2012 онд зарлаж байсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө дүгнэж, мөн эрх барьсан өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнах, цаашид хийж хэрэгжүүлэх ажлууд дээр иргэдийн санал бодлыг тусгах юм байна.

Жил хүрэхгүйн хугацааны дараа УИХ-ын сонгууль болно, тиймээс АН-ын удирдлагууд сонгуулийн их тулаандаа бэлтгэж эхэлсэн нь энэ бололтой.

Сөрөг хүчин болох МАН-ын орон нутаг дахь гишүүд “Манай намынхан ингээд ажиллахад яана даа. Ирэхээрээ ууж, идэхээ л тэргүүнд тавьдаг” гэх үгийг ч хэлээд амжжээ. Өнгөрсөн долоо хоногт буюу наймдугаар сарын 17-18-ний өдрүүдэд Увс аймагт баруун таван аймгийн АН-ын гишүүд, дэмжигчдийг оролцуулсан чуулга уулзалт болж өнгөрсөн юм. Тус арга хэмжээнд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн АН-ын салбар нэгж байгууллага, удирдлага гишүүдээс бүрдсэн 420 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд ажил хэрэгч чухал арга хэмжээ болж, өндөрлөжээ. Энэ үеэр АН-ын зарим гишүүд удирдлагаасаа Чингис бондоор юу хийснээ тайлагнаж, улс орноо өрөнд унагасан эсэхээ тодруул гэх лүндэнг буулгасан байна. АН-ын удирдлагуудын тайлбараар бол Чингис бондын 2 их наяд төгрөгөөр 1055 үйлдвэр босчээ. Үйлдвэр бий болсноор монголчууд их хэмжээний валют гадагшаа урсахаас сэргийлж чадсан. Өөрөөр хэлбэл, АН эрх мэдлийг гартаа авсан үеэс төрийн бодлого өөрчлөгдөж, зүгээр сууж бэлнээр мөнгө авч амьдарч улсаа өрөнд оруулах бус ажил хийж, амьдралаа дээшлүүлж, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлох зарчимтай болсныг сануулаад авсан байна. АН-ын хувьд сонгууль болсон ч энэ зарчмаа хадгална. Учир нь МАН Засгийн эрх барьж байх үедээ иргэн бүрт 21 мянган төгрөг бэлнээр тараасан, сонгууль угтаж, ахмад настнуудад мөн 1 сая төгрөг тараасан байдаг. Залуу гэр бүлд 500 мянган төгрөг өгч байсан нь ч мөн сонгуулийн амлалттай нь холбоотой аж.

Харин одоо АН өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахад анхаарна. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд энэ тухай “Ардчилсан нам өнгөрсөн гурван жил улсынхаа ажлыг хийж хэрэгжүүлсэн ч хийснээ сурталчилж таниулаагүй дутагдал байсан. Тэр нь сөрөг хүчний улс төржилтийн гол сэдэв болсон. АН хийсэн ажил, хэлэх үгтэй нам” хэмээн томроод авчээ.

Онцлохолд, “Монгол хүн 2020 –Өнөөдөр, маргааш…” сэдэвт  чуулга уулзалтыг АН орон даяар зохион байгуулах аж. Монгол орныг нийт 5 бүст хуваан зохион байгуулах чуулга уулзалтын салхийг Увс аймагт ийн хагалсан бол хоёр дахь нь Чингис хааны өлгийн нутагт болох нь.

Г.ХОРОЛ

  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж