Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд НИТХ-д өргөн барихыг дэмжлээ. “Эдийн засгийн өсөлт өрх бүрт”, “Хот байгуулалт, дэд бүтэц”, “Байгаль орчин, ногоон хөгжил”, “Нийгмийн хөгжил” , “Засаглал” гэсэн 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 485 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 1 их наяд 496 тэрбум 250 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шаардлагатайг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Нийслэл Улаанбаатар хотын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үйлдвэрлэл, бүтээмж, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулан ажиллуулах нь  “Эдийн засгийн өсөлт өрх бүрт” бүлгийн гол зорилт юм. Паркуудын бүтээн байгуулалтын төслийн бэлтгэл ажлыг ханган, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй дэд бүтцийн ажлыг үргэлжлүүлэн ашиглалтад оруулна. Улаанбаатар хотод бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлж, төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурласан цаашдын хамтын ажиллагааг бий болгоно.

Хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх ажлын хүрээнд хотын хэт төвлөрлийг задалж, нэг төвөөс олон төвт суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан хотыг байгуулна. Уг зорилтын хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд баригдаж буй нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулан, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Толгойт, Шархад дэд төвүүдийн дэд бүтцийн барилга угсралтын ажлуудыг эхлүүлнэ. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох боломжгүй гэр хорооллын дундын бүсэд “Дэд бүтцийн төв”-ийн төслийг 2 байршилд хэрэгжүүлж, 400 гаруй айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбоно.

Байгал орчин, ногоон хөгжлийн бодлогын хүрээнд сайжруулсан түлш нөөцлөх, түгээх борлуулалтын цэгийг Сүхбаатар дүүрэгт байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлж, сайжруулна. Шөнийн цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлтөд гэр хорооллын 150 мянган айл өрхийг хамруулна. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн тогтоож, агаарын чанарыг сайжруулах бүсэд агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийж, бүсийн дэглэм мөрдүүлнэ.

Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэлийн хүн амын өсөлттэй уялдуулан, нийгмийн хамгаалал, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой, амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. 2020 онд он дамжин хэрэгжих улсын төсвийн 19, шинээр 3 сургууль, Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 3, Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 4 сургууль барина. Ингэснээр 19 мянга 310 хүүхдийн суудал бүхий 35 сургуулийн барилгын ажил эхэлнэ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн өмнөх насны хүүхдийг боловсролд тэгш хамруулах “Жаргалтай үрс” төсөл хэрэгжинэ. Орон сууц, гэр хорооллын дунд спорт тоглоомын талбай байгуулж, хүүхэд залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл орчинг бий болгоно. Дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн тархины цус харвалт, зүрхний шигдээсийн дараах сэргээн засах тусламж үйлчилгээг хөгжүүлэх ажлын хүрээнд дүүргүүд сэргээн засах иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдана.

Засаглалын зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежмент нэвтрүүлэх, мэдээллийн технологийн ухаалаг шийдлүүдийг ашиглах, төрийн албан хаагчийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх замаар төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш, нээлттэй хүргэнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэчлэл хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлнэ.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэх үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд саналаа хэллээ.

Тухайлбал, Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа хэлэхдээ “Газрын алба жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дутуу хийдэг. Улсын төсөвт газрын асуудлыг нь шийдвэрлээгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга олныг тусгасан байдаг. Үүнээс болоод сургууль, цэцэрлэгийн барилгын ажил дандаа хоцордог. Үүнд анхаараарай” гэлээ.

Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Төрийн өмчийн барилгын дулаалгын ажил үргэлжлэх ёстой. Дэлхийн банкны цэвэр агаар төслийн хүрээнд энэ жил 12 сургууль, цэцэрлэгийн барилгыг дулаалсан. Энэ бол цахилгааны хэмнэлт. Тийм учраас энэ заалтуудыг оруулж байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нэг зүйлийг олон талаас нь шийднэ гээд олон зардал тавиад аль нь ч бүрэн гүйцэд шийдэгдэхгүй, нэг үгээр оромдоод орхиж болохгүй. Үндсэн чиглэлд тусгагдсан ажил, төслүүдийн давхцлыг сайн харж нягтал” хэмээн холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө.

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг маргааш Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барина.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж