Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Сэтгэлдээ нүдтэй хүн

Хэрвээ та хараа орчихвол хамгийн түрүүнд юу хармаар байна гэж би саваагүйтэж асуухад тэр эхнэр, хүүхдээ гэж хариулсан юм. Учир нь түүний хувьд гэр бүл гэдэг юугаар ч сольшгүй эрхэм нандин. Би өөрийгөө “Сэтгэлдээ нүдтэй хүн” гэж бодож явдаг хэмээн яриагаа эхэлсэн энэ хүнийг Жамьяаншаравын Батнов гэдэг. Тэр хорвоо ертөнц ямар өнгөтэйг мэдэхгүй, хүний царай төрхийг ч үзээгүй. Зөвхөн төсөөлж, мэдэрч чадна.

Хөл доор хөглөрөх шаргал навчис, салхинд найгах алтан тариа, элч нь харих бараан тэнгэр. Энэ бүгдийг тэр харахгүй ч сэтгэлдээ зураглаж яваа. Намрын өнгө түүний хувьд харин яаж буудаг юм бол оо…

Уг нь Ж.Батнов эхээс эрүүл, саруул төрсөн аж. Тэрбээр 1953 онд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд айлын ууган хүү болон мэндэлжээ. Төрөөд дөнгөж нэг сартай байхад түүний нүд нуухдаж өвджээ. Мэдлэг, мэдээлэл хомс тэр үед ээж, аав нь айж, сандрахдаа хэн нэгний зөвлөснөөр нүдэнд нь иодийн уусмал дусаачихаж. Ингэж тэр хорвоог үүрд харахгүй болсон юм. Аав ээжийнхээ өхөөрдөх царайг тогтоож чадаагүй нялхаараа шүү дээ. Нар ямар өнгөтэй, намар ямар байдаг, цэлмэг тэнгэр, цагаахан үүл алийг нь ч тэр харж амжаагүй.

Та хааяа аав, ээждээ гомддог уу гэхэд Ж.Батнов гуай “Үгүй, хараагаа алдаад ч болов би  араасаа таван сайхан дүү дагуулсан. Миний дээр гурван хүүхэд эндсэн юм билээ. Ер нь манайх хүүхэд тогтдоггүй айл байв. Тэгээд би төрсөн. Хэдий ертөнцийг харах хоёр нүдээ алдсан ч би аав ээжийнхээ элгийг дэвтээж чадсан. Үүндээ ах нь баярлаж явдаг даа” гэсэн юм.

Ямар сайхан, ямар уужуу сэтгэл вэ. Ер нь Ж.Батнов гуай уурлана гэж үгүй. Амьдралыг дандаа гэрэлтэй, гэгээтэй сайхан талаас нь бодож төсөөлнө. Өөрийгөө хэзээ ч тэр хараагүй хүн гэж бодож байгаагүй, харин сэтгэлдээ нүдтэй л гэж ойлгодог.

Тэрбээр “Хүн хараагүй байж болно, харанхуй байж болохгүй” гэж хэлэх дуртай. Тиймдээ ч алхам тутамдаа сурч, боловсорч байхыг хичээдэг. 1975 онд Ерөнхий боловсролын тусгай 29-р сургууль, 1990-ээд онд Улс төрийн оройн Их сургууль төгсжээ. Сүүлд Удирдлагын академийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн удирдах ажилтны сургалтад хамрагдсан байна.

Эрхэлж явсан ажлын хувьд:

1975-1990 онд Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэрийн нормчин

1990-1993 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бичмэл сэтгүүлийн эрхлэгч

1993-1997 онд Хараагүйчүүдийн Нийгэмлэгийн Улаанбаатар хот дахь салбарын дарга

1997-2001 онд Монголын Хараагүйчүүдийн Нийгэмлэгийн Тэргүүн

2005-2014 онд Нийгэмлэгтээ ажиллаж байгаад тэтгэвэртээ гарчээ. Одоо “Эрүүл мэлмий” ТББ-ыг тэргүүлж, илтгэл, лекц уншдаг байна.

Ж.Батнов гуай шүлэг, яруу найраг их сонирхоно. Бичиж, бясалгах дуртай. 1979 оноос ажилчны районы утга зохиолын нэгдэлд элсч, улмаар 30 жилийн дараа Зохиолчдын Нэгдсэн Эвлэлийн гишүүн болжээ. Тэрбээр шүлэг бичихдээ харахыг хүссэн зүйлээ яг л харж буйгаар төсөөлөн бичдэг ажээ. Түүний “Сэтгэлийн нартай явна” шүлгийг сонссон хэн бүхэн бодолд автахгүй байхын аргагүй. Тэр "Сэтгэлээрээ харсан он жилүүд" дурдатгал номоо саяхан өлгийдөн авчээ. Ерөнхийдөө Ж.Батнов гуай гэгээлэг, оюунлаг, сайхан сэтгэлтэй нэгэн.

Тэрбээр шүлгэндээ “Тэртээ хол явж юм үзэх гэхээс илүү дэргэдээ байгаа бүхнээс сайхныг олж харахсан” гэж бичжээ. Тэр энэ ертөнцийн сайхныг сэтгэлдээ мэдрэхийг хүсчээ. Гэтэл хараатай мөртлөө хорвоогоос сайхныг харж чадахгүй харалган хүмүүс бидний дунд олон шүү дээ.

Хүн өөрийнхөө зурсан зураг, заяа тавилангаар л явдаг. Би хараагүй гэж гуньж, гутрах хэрэггүй. Харин энэ байдлаа яаж давуу тал болгох вэ гэдгээ бодох хэрэгтэй гэнэ.

Хараагүй хүний дотоод мэдрэмж илүү хөгжсөн байдаг. Хайрлаж, дурлахад хүртэл харцаараа бус сэтгэлээрээ ширтэлцэж болдог аж.

Ж.Батнов гуай ингэж л анх ханьтайгаа танилцаж байжээ. Тэр хүний дотоод сэтгэлийг би мэдэрч чадсан учраас өдий 40 жил хамтдаа сайхан амьдарч явна хэмээн дурслаа. Түүний ханийг Д.Нарантуяа гэдэг. Хараагүйчүүдийн “Цацрал” чуулгад дуучин байгаад тэтгэвэрт гарчээ. Хоёул ижил хувь тавилантай. Тиймдээ ч нэгнээ бусдаас илүү ойлгоно, мэдрэнэ. Хоёр хараагүй хүн айл болно гэхэд эхэндээ амаргүй байж. Олон түмнийхээ дэмжлэгээр үр хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн дээ хэмээн Ж.Батнов гуай дурсав. Одоо тэд гурван хүүхэд, таван ач зээтэй.

Тэрбээр ярихдаа “Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг. Зовлон, жаргал ээлжлэх энэ орчлонд би дотоод хүнээ л алдахгүй байхсан гэж хичээдэг. Заримдаа хэцүү үе байлгүй яах вэ. Хараагүй хүн хоёр, гурав алхаад л хана мөргөнө. Хүссэн бүхнээ хийж чадахгүй шүү дээ. Амьдралын гоё, сайхныг тэмтрэхээс биш харж чадахгүй.

Нүд бол хүний хамгийн чухал эрхтэн. “Мянга сонсохоор нэг үз”, “Нүдний чинь хөөрхөнд аргагүй даслаа даа” гэж монголчууд ярьдаг. Тиймээс хүн нүдээ л хайрлаж байх ёстой.

Орчин үед хүүхдүүд утас, зурагт их ширтэж, олдмол хараагүй болж байна. Хараа цуцах, хараагүй болох энэ айхтар зовлон гуниг бид нараар дуусаж, сайхан сэтгэлт Монгол түмний минь галтай, цогтой мэлмий үргэлж эрүүл, тунгалаг байгаасай хүсэх юмдаа” гэсэн юм.

Тэрбээр хараа хамгаалах асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс “Эрүүл мэлмий” ТББ байгуулжээ. Хүүхдүүдэд анхааруулга хүргэх зорилготой “Харж баясахын жаргал” лекц уншдаг. Монголд одоо харааны бэрхшээлтэй 16 мянган иргэн амьдарч байна. Ж.Батнов гуай тэдний эрх ашгийг хамгаалж, “нүд, чих” болох гэж хорвоод ирсэн мэт. Тиймдээ ч өөрийгөө “Сэтгэлдээ нүдтэй хүн” гэж тодорхойлсон байж мэднэ. Хорвоо ертөнцийг “Сэтгэлдээ харж” бичсэн түүний шүлгийг уншигч та бүхэнд хүргэе.

СЭТГЭЛИЙН НАРТАЙ ЯВНА

Хан хорвоод хүн болж төрөхдөө

Харж баясахын тэмүүллээр дүүрэн ирсэн

Харин хорвоо надаас гэрлээ хармалж

Харанхуйгаас гэгээ ялга гэж хатуухан тушаасан

Орчлонгийн оноосон тэр л жамаар

Оюуныхаа мэлмийг нээж явна

Агь гангын анхилууныг үнэрлэж би харсан

Адуу малын шимийг амталж бас харсан

Алсад хөхөө донгодохыг аниртан чагнаж харсан

Аав ээжийнхээ ачиллыг шүтэж, биширч харсан

Сайн хүн байдгийг нөхөрлөж, таньж харсан

Санаа муутан байдгийг үзэн ядаж харсан

Ялдам зантай бүсгүйг уярч, бахдаж харсан

Яхир хатуу сэтгэлтнийг явдал бүрээс нь харсаан

Тэртээ хол явж юм үзэх гэхээс илүү

Дэргэдээ байгаа бүхнээс сайхныг олж харахсан

Ганднах өнгийг нь хараад гайхан шагширч байхаар

Гариг ертөнцийн жамыг дотроо эргэцүүлж байхсан

Зөөлөнтэй, хатуутай хорвоогийн зөндөө олон өнгийг

Зүрх сэтгэлээрээ ялган харж, зөв бурууг тунгааж чадвал

Хэн ч намайг хараагүй хүн гэхгүй

Хийморь, ухаан бүхнийг минь тэнгэр бурхан тэтгэнэ ээ.

Тийм ээ, би харж явна

Тэнхлэгт орчлонг эргэцүүлж явна аа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж