М.Ариунтуяа: Монголын их сургуулиуд багш нарт судалгаа хийх цаг гаргах хэрэгтэй | News.MN

М.Ариунтуяа: Монголын их сургуулиуд багш нарт судалгаа хийх цаг гаргах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

М.Ариунтуяа: Монголын их сургуулиуд багш нарт судалгаа хийх цаг гаргах хэрэгтэй

М.Ариунтуяа: Монголын их сургуулиуд багш нарт судалгаа хийх цаг гаргах хэрэгтэй

Монгол залуус дэлхийд чансаагаараа тэргүүлдэг топ сургуулиудад суралцдаг, суралцахыг мөрөөддөг болсон. Бидний сонирхдог  топ сургуулиуд нь яг юугаараа топ хэрнээ  бид юуг нь мэддэггүй вэ.

Энэ талаар нийгмийн шинжлэх ухааны доктор, Васэда их сургуулийн судлаач М.Ариунтуяатай ярилцлаа. Тэрбээр Японы Хитоцубаши их сургууль, Нийгмийн шинжлэх ухааны зэргийн дараах сургуульд магистр, доктороо  хамгаалж, тэндээ үргэлжлүүлэн судлаачаар (туслах профессороор) ажиллаж байсан юм. Боловсролын салбарын хөгжилтэй холбоотой судалгаа хийдэг судлаачтай Монголд түр хугацаагаар ирээд байх үед нь таарч, арвин туршлага, мэдлэгээс нь уншигч тантай хуваалцаж байна. Мөн тэрбээр “Топ их сургууль юугаараа топ вэ” номыг монгол хэлнээ хөрвүүлээд байгаа юм.


-Топ их сургууль юугаараа топ вэ гэсэн асуултаас хоёулаа яриагаа эхэлье?

-Энэ асуултад “Топ их сургууль юугаараа топ вэ” номын агуулгын хүрээнд хариулъя.

Топ сургуулийг хүмүүс ойлгохдоо орчин, сургалт, багшийн чадвар, оюутны дотуур байр зэрэг бүх зүйлээр нь топ гэж ойлгодог. Энэ ч утгаараа Америк болон Японы топ сургуулийг маш гоё гэж төсөөлдөг. Энэ ойлголт нь бодит эсэхийг номын зохиогч Сато Жин тодорхой тэмдэглэсэн байгаа. Дээрх номын зохиогч Сато Жин нь Токиогийн их сургуульд багшлахын зэрэгцээ АНУ-ын “Princeton” их сургуульд зургаа дахь жилдээ багшилж байгаа хүн. Судлаачид Японы их сургуулиуд АНУ-аас суралцдаг, тэднээс их хуулдаг гэж үздэг. Гэвч топ сургуулиуд дотор ороод ажиллахаар бүх зүйл нь топ байдаггүй, сайн ч зүйл бий, саарч зүйл байдаг гэдгийг зохиолч тэмдэглэсэн байгаа.

-Тэмдэглэсэн зүйлсээс онцлон дурдахгүй юу. Бидний гоё, сайхнаар төсөөлдөг топ сургуулийн “тогоонд” яг юу өрнөдөг юм бэ?

-АНУ-ын топ их сургуулиудын багш нар нь судалгаа хийх тусгай цагтай, багш нар нь зөвхөн хичээл заах үүрэгтэй байдаггүй, судлаачдыг сургуулиар дамжуулан бэлтгэх бодлоготой байдаг юм байна. Тэр ч бүү хэл, их сургуульд багшлаад 3-5 жил болбол судалгаа хийх чөлөө олгодог. Харин Японд багш нарт судалгааны чөлөө авна гэдэг бүтэшгүйтэй адил юм байна. Үүнийг хэрэгжүүлэхийг тэмдэглэсэн байгаа.

Мөн АНУ-д багш нарыг судалгааных нь үр дүнгээр үнэлдэг юм байна. Харин Японд ажлын туршлага нэмэгдэхийн хэрээр, мөн насны эрэмбээр цалин нь нэмэгддэг. АНУ-д бол бүтээл арвинтай залуу хүн ч өндөр цалин авах боломжтой. Үүний сайн болон сайн бус талыг номонд дурдсан байгаа. Сөрөг тал нь илүү үнэлүүлэхийн тулд тоонд захирагдаж, оюутнуудад хичээл заах гол ажлаа орхигдуулж магадгүй гэж үзэж байгаа. Судалгаа нь үнэлэгдвэл багш тухайн сургуулийн брэнд болно. Энэ хэрээр багш оюутнуудад өөрөө хичээл заалгүйгээр туслах багшаар хичээлийг заалгах магадлалтай. АНУ-ын энэ жишгийг дуурайвал Япон чирэгдэнэ гэж зохиолч үзэж байгаа юм.

Ер нь дэлхий даяар судалгаа гэдэг зүйлийг маш их чухалчилдаг болсон. Ялангуяа судлаачдын инноваци буюу шинэ бүтээл, оновчтой санааг дэмжиж, шинэ мэдлэг, бүтээх ажлыг их сургуулиар дамжуулан бэлтгэх ёстой гэж дэлхийн эрдэмтэд үздэг. Энэ үзүүлэлтээр АНУ нэгдүгээрт явж байгаа. Япон ч мөн энэ жишгийг дуурайж байна. Мөн АНУ-ын топ сургуульд ороход наад зах нь дөрөв-таван шалгуур давах шаардлагатай бол Японы топ сургуульд ороход зөвхөн нэг л шалгуур бий. Үүнд чанарын маш том шалгуур байна гэж зохиолч үзсэн.

Японы топ сургуульд элсэхийг хүсч буй бүх хүнд нэг асуулт өгч, шалгалтыг бичгээр авдаг. Бичгийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан оюутныг сургуульд элсүүлдэг. Ингэхээр тухайн оюутны ар гэр, амьдралыг харгалзалгүйгээр сурсан, мэдсэн зүйлийг харгалзан элсүүлж байгаа нь шударга үнэн байж чадаж байна.

Харин АНУ-ын топ их сургуульд  элсэхэд ахлах сургуулиа ямар дүнтэй төгссөн болон спорт, урлагийн ямар авьяастай, мөн нийгэм, сайн дурын ямар үйл ажиллагаанд оролцдог, түүнчлэн элсэхийг хүсч буй оюутныг үнэлсэн багшийн тодорхойлолт, яагаад тус сургуулийг сонгох болсон талаарх эссэ, зэргийг шаарддаг. Иймэрхүү шалгуурыг давахын тулд оюутны дүн, эссэ, тодорхойлолт сайн байхаас гадна ахлах сургуульдаа AP хичээл авсан байвал элсэх боломж маш өндөр. Энэ шалгалтыг ахлах сургуулийн төгсөгч бүр өгөх боломжгүй, өндөр төлбөртэй сургуулийн төгсөгч л авах боломжтой. Гэтэл топ их сургуулийн оюутнууд дунд санхүүгийн боломж муутай оюутан харьцангуй цөөн. Эндээс зохиолч топ их сургууль нь нийт масс, суралцах чадамжтай хүн тус сургуульд элсэх боломжийг нээхгүй байна, шударга бус байна гэж үзсэн. Энэ байдалтай харьцуулахад Японы топ сургуульд жирийн ардын хүүхэд ч элсэх боломжтой гэж үзсэн. Тиймээс АНУ-ын системийг хуулбарлаж байгаа Япон энэ хэсгийг хуулбарлах шаардлагатай юу гэсэн асуултыг тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, цөөн хэсгийг элит болгоод байх уу гэсэн асуултыг гаргасан. Ингэж үзсэнээр бидний гоё, сайхан гэж төсөөлөөд, хараад байгаа зүйлийн доторх үйл явцыг ил болгосон. АНУ-ын топ их сургууль ийм олон шалгуур гаргаж байгаа нь цагаан арьстан тухайн улсыг удирдах ёстой гэсэн үзэлтэй холбоотой. Тухайлбал, Еврейчүүд топ их сургуульд олноор элсэх болсоныг хязгаарлах замаар топ их сургуульд элсэх шалгуурт өөрчлөлт оруулсан тухай өгүүлсэн байгаа. Еврейчүүд амьдардаг дүүргээс, бүсээс олон хүн элсүүлэхгүйн тулд бүсийн квот тогтоосон. Ингэснээр нэг бүсээс олон хүн тус сургуульд элсэхгүй. Энэ нь АНУ-ын топ сургуулиуд нь хэдийгээр арьс, өнгөөр ялгаварлалгүйгээр бүх хүмүүст тэгш үйлчилнэ гэдэг санааг өнгөн дээрээ илэрхийлж байгаа ч элсэлтийн систем нь ийм байж чадахгүй, хаалттай байна гэж зохиолч үзсэн.

-Дэлхийн топ сургуулиудын сайн жишгээс Монголын их сургуулиудад хэрэгжүүлбэл зохимжтой зүйл юу байна вэ?

– Миний хувьд боловсролын хөгжил ба олон улсын дэмжлэг, гадаадад суралцагсдын шилжилт хөдөлгөөн ба хүний нүүдэл гэсэн чиглэлээр судалгаа явуулдаг. Энэ утгаараа дээрх чиглэлтэй холбоотой судалгааны бүтээлтэй танилцаж, сүүлийн үеийн хандлага болон өөрчлөлтийн талаарх мэдээллээс хоцрохгүй байхыг хичээдэг. Гэхдээ дэлхийн топод тооцогддог хоёр гүрний топ сургуулиудад ажиллаад үзсэн, тэр тогоонд ямар үйл явц өрнөдгийг илэн далангүй бичсэн энэ хүний номоор дамжуулж Монголын боловсролын системд юуг тусгаж болох вэ гэдгийг харуулахын тулд энэ номыг орчуулсан юм.

Монголдоо сайнд тооцогддог томоохон сургуулиуд нь багш нартаа судалгаа хийх цаг гаргаж өгөх шаардлагатай. Багш нар тухайн судалгаагаа олон улсын томоохон сэтгүүлүүдэд нийтлүүлбэл тэднийг урамшуулдаг байх шаардлагатай санагдсан.

Топ их сургуулиудын оюутнууд өөртэйгөө маш сайн ажилладаг. Үүнийг дээрх номонд  ч тусгасан байгаа. АНУ-ын топ сургуулийн оюутнуудад хичээлээс гадуурх цаг нь маш их байдаг. Гэхдээ энэ нь хичээлтэй холбоотой, судалгаа, мэдлэг олж авахад зарцуулж буй цаг. Харин Япон оюутнуудад сургууль дээрээ хичээллэх цаг нь их, хичээлээс гадуур зарцуулах цаг нь бага гэж үзээд байгаа. АНУ-ын оюутнууд багшийн орсон лекцийн хүрээнд асуугдаж, шалгагдаж үнэлгээ авдаггүй. Харин орсон хичээлийнхээ хүрээнд хийх даалгавар маш их өгдөг. Олон хуудас бүхий ном унших даалгавар өглөө гэхэд түүнийг халтуурдаж унших ямар ч боломжгүй. Учир нь, байнга хэлэлцүүлэг өрнөдөг тул тухайн номын агуулгыг сайн ухаж ойлгох шаардлага тулгардаг. Энэ утгаараа номтой, өөртэйгөө маш сайн харьцаж сургадаг. Энэ туршлагаас суралцах хэрэгтэй. Монголд багш нар олон цагийн хичээл заадаг. Ингэхээр тухайн багш шинэ мэдлэг олж авч, түүнийгээ оюутанд заах цаг гардаггүй. Уг нь багш судалгаа явуулж, шинэ зүйлд суралцаж, өөр салбараас суралцаж, өөрийгөө цэнэглэж байж оюутанд шинэ мэдлэг олгодог. Гэтэл ийм цаг Монголын багш нарт бараг байдаггүй юм уу даа. Энэ үүднээсээ судалгааны байгууллага болж ажиллая гэж бодож байгаа бол их сургуулийн багш нарт цаг гаргах хэрэгтэй. Магадгүй энэ зүйлийг туршилтын журмаар оролдоод үзсэн ч болмоор санагддаг.

Орчныг өөрчилж, ая тухтай болгох, номын сангаа өргөжүүлэх зэрэг  санхүүжилттэй холбоотой асуудал үүсэх байх. Манай нөхцөлд нэг амьсгаагаар бүгдийг шийдэхэд хэцүү гэж боддог. Гэхдээ бүх юмыг санхүүжилт байхгүй, тиймээс шийдэж чадахгүй гэдгээр тайлбарлаад байвал угаас бүтэхгүй. Харин зарчмын хувьд оюутан багшаас, их сургуулиас юуг хүсч байна, ингэснээр нийгэмд ямар үр дүн бий болгох вэ гэдгийг бодолцвол өөрчлөлтийг хаанаас эхлэх гаргалгаа гарна.

-Таны бодлоор эхний алхам нь юу байвал зүгээр вэ?

-Их сургуулийг хөгжүүлэх эхний алхам бол оюутан өөртэйгөө тулж ажиллах. Оюутан зөвхөн багшийн заасан лекцийн хүрээнд асуугддаг байх нь зохимжгүй. Гэхдээ туйлширч болохгүй. Үндэсний онцлогийг тусгах хэрэгтэй. Хүн амын өсөлт, прогнозыг харж, хувийн сургуулийг хэд байлгах, хуулийн чиглэлийн, эрүүл мэндийн зэргийн салбарын сургууль хэд байвал зохимжтойг тодорхойлох хэрэгтэй.

Семинарын хичээл бол өөрийн уншсан зүйлээ, мэдлэгээ бататгах асар том боломж. Энэ хичээлийн цагийг нэмэгдүүлэх нь Монголд зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна.

-Та Японд магистр, докторын зэргээ хамгаалсан. Японы сургуульд сурахад сул болон сайн тал нь юу байсан бэ?

-Маш зөв асуулт байна. Хамгийн их таалагдсан зүйл нь семинарын систем байсан. Миний төгссөн их сургуульд үндсэн болон туслах семинар гэж байдаг. Семинарын цаг нь оюутнууд өөрийн уншиж судласнаа, нэгтэж дүгнэснээ бусаддаа танилцуулах, бусдын санал шүүмжийг сонсох, ингэснээр хийж буй ажлаа дахин сайжруулахад ихээхэн тустай хичээл юм. Семинар болгон удирдагч багшаас хамаарч өөр өөрийн гэсэн өнгө аястай байдаг гэж ойлгож болно. Манай үндсэн семинарын хувьд, бид тавих илтгэлээ шүүмж хийж өгөх бусад оюутнууддаа (ихэвчлэн дээд курсын 1-2 хүн) долоо хоногийн өмнө явуулна. Тэдгээр оюутнууд явуулсан агуулгад маань  дүгнэлт, шүүмжээ бэлтгэж ирсэн байдаг. Шүүмжид  нь судалгааны зорилго, арга, агуулга зэрэг шинжлэх ухаанч талаас нь асуулт, шүүмж, санал дүгнэлт багтахаас гадна үгийн сонголт, утга найруулгын алдаа гээд нарийн зүйлс багтсан байдаг. Ингээд илтгэлтэй холбоотой асуулт-хариулт, хэлэлцүүлэг өрнөдөг. Харин энэ семинарын хичээлд багш хөндлөнгөөс ажиглалт хийж, хамгийн сүүлд нь дүгнэлт өгдөг. Хамт семинарт суудаг байсан ангийнхан маань семинараар алгуурхан багшлах арга, эв дүйд суралцжээ гэж ярьцгаадаг. Энэ бүхнээс өөрийнхөө аман болон бичгийн сул дутуу талаа олж харах,өөрийгөө илэрхийлж сурах, хүмүүстэй ойлголцох, бусдыг хүндлэх, өөртөө дүгнэлт хийх чадвар сайжирдаг. Сул тал гэвэл, яг сурахсан судлахсан гэсэн хичээлийн тоо цөөхөн санагдаж байсан. Ялангуяа судалгааны аргачлалтай заавал авбал зохих хичээл байсан бол гэж бодогддог юм билээ. Харин өөрийн сул тал гэвэл төрөлх япон хэлтэй хүмүүстэй нэг дор хичээллэхэд хэлний асуудал тулгамдсан. Хэдийгээр би хэлний мэдлэгээ нэлээд сайжруулаад очсон ч Япон хэлээ илүү сайжруулах, үзэж, сургуулилах цаг, номын тоо асар их нэмэгдсэн.

-Япон сургуульд элсэхийг хүсч буй залууст туршлагаасаа хуваалцаж, зөвлөгөө өгөхгүй юу?

-Японд суралцах хоёр арга байна. Нэг арга нь англи хэлээ сайжруулаад очих. Хоёр дахь нь, япон хэлээ сайжруулах. Ямар сургуульд элсч, хаана хүрэхээ тодорхойлчихоод очсон тохиолдолд цаг хэмнэнэ, бас илүү чанартай, үр дүнтэй сурч чадна. Монголд бакалаврт сурч төгсөөд очсон оюутнууд нэмэгдэх хандлагатай байна. Мөн Монголдоо төгсөөд ажиллаж байгаад очсон ч оюутнууд бий. Ийм хүмүүст хандаж хэлэхэд Хамгийн энгийнээр хэлэхэд салбараа солихыг зөвлөмөөргүй. Хэрэв салбараа өөрчлөөд, зорилгоо тодорхойлолгүй очвол төөрөлдөж, асар их цаг алддаг. Жишээлбэл, гутал авахаар дэлгүүр орохдоо ямар гутал авахаа тодорхойлолгүй очвол олон давхар дэлгүүрийн лангуу бүрээр орох шаардлага тулгарна. Үүнтэй адил. Хэрэв авмаар байгаа гутлаа бодож төсөөлөөд,  мөн аль лангуунд ямар төрлийн гутал худалдаадагийг мэдээд орвол цаг хэмнэнэ шүү дээ.

-Та одоо яг ямар ажил дээр төвлөрөн ажиллаж байна вэ. Мөн Монголд ямар ажил амжуулахаар түр хугацаагаар ирээд байна вэ?

-Сүүлийн жилүүдэд Япон улсад сурч, ажиллаж буй монгол оюутан залуусын судалгаан дээр голчилж ажиллаж байна. Их сонирхолтой зүйл бий. Монгол улс хүн ам багатай хэрнээ гадаадад суралцагсдын хувиар дэлхийд толгой цохиж буй. Монгол оюутнуудын дунд Монголдоо эргэж ирнэ гэж боддог залуус хавьгүй олон байдаг шиг санагддаг. Япон улс монгол оюутнуудын суралцах сонирхолтой орнуудын айргийн тавд багтдаг. Нөгөө талаар, Япон улс 2020 он гэхэд 300 мянган гадаад оюутан сургах зорилго тавьсан юм. Энэ тоонд БНХАУ, БНСУ, Тайван, Вьетнам, Индонез зэрэг хүн ам олонтой орны оюутнууд дийлэнх хувийг эзэлж байгаа. Хүн ам ихтэй орноос ирсэн гадаад оюутны талаарх судалгаа багагүй хийгдсэн байдаг. Харин монгол оюутны талаарх судалгаа байхгүй байсан.

Гэтэл Японд Монголын анхны оюутан 1977 онд очиж байсан юм билээ. Түүнээс хойш 20 мянга гаруй оюутан Японд сургууль төгссөн байна. 2018 оны байдлаар 3214 монгол оюутан Японд байна.

Японд суралцдаг оюутны 90 гаруй хувь нь хувийн зардлаар, тэгэхдээ доктор, магистр, бакалавр, япон хэлний зэрэг төрөл бүрийн сургалтын хөтөлбөрөөр явж байна. Эдгээр оюутнуудын зорилго, зорьсондоо хүрч байна уу, үгүй юу, японд сурахын ач холбогдол юунд байна вэ гэдгийг судалж байна. Энэхүү  судалгааныхаа хүрээнд эх орондоо түр хугацаанд ирэхийн зэрэгцээ бас бус олон ажил амжуулахаар ирсэн. Тухайлбал, МУИС-д болсон харьцуулсан боловсролын олон улсын хуралд илтгэл тавилаа. Энэ хуралд оролцохоор ирсэн Японы их дээд сургуулийн профессор, оюутнуудыг манай их болон ЕБС-ийн багш нартай танилцуулах, мэргэжил болон судалгаа гэдэг талаас нь холбох үүднээс хэд гурван сургуулиар дагуулж явсан. Мөн боловсролын асуудлаар яриа өрнүүлж, зөвлөгөө өгөхийг хүссэн сургуулиудад очиж, танилцах уулзалт, өдөр тутмын ажил амьдралыг нь ажиглалт хийж байна. “Olonlog Еxe” сургууль дээр ажиллаж, “Шинэ Монгол” сургуулийн хүсэлтээр сурагчдад топ сургуулийн талаар яриа хийлээ. Ер нь эх орондоо нэг ирэхдээ шинэ, хуучин ном материалтай танилцах, боловсролын нэгж байгууллага дээр ажилладаг хүмүүстэй уулзах, за тэгээд жаахан цаг гаргаж гэр орон, найз нөхөдтэйгээ уулзаж, болбол хөдөө хээр салхинд гарч цэнэг авахыг боддог доо.

-Танд Монголд ирж ажиллаж, амьдрах бодол бий юу. Монголын боловсролын салбартай холбоотой хамгийн түрүүнд ямар ажил хийхийг хүсч байна вэ?

-Миний байнга боддог асуултын нэг байна. Миний нэг хөл Монголд, нөгөө хөл маань Японд байдаг гэж хэлж болно. Японд “Япон дахь докторант, судлаачдын бүлгэм” гэдэг нэртэй онлайн нэгдэл бий. Японд докторын сургалтад хамрагдаж, докторын зэрэг горилохын тулд дор бүрнээ нэлээд завгүй ажилладаг ч бид Монголд юу хийж болохыг байнга эрэлхийлж байдаг гэдгээрээ ижил бодолтой. Ирэх арваннэгдүгээр сарын 23-нд бид гурав дахь удаагийнхаа цугларалтаа зохион байгуулна. Японы өнцөг булан бүрт, байгаль, нийгэм, хэрэглээний гээд янз бүрийн салбар шинжлэх ухаанаар суралцаж байгаа докторант төгсөөд ажиллаж буй докторууд судалгааныхаа явц, үр дүн, ач холбогдлын талаар илтгэл тавьдаг юм. Бид ижил төстэй юмуу тэс өөр салбарынх ч бие биентэйгээ танилцахаас гадна, Форумыг цаашид хамтарсан судалгаа эхлүүлэх, шинэ төсөл босгох боломж бололцоогоо эрэлхийлэх нэгэн орон зай гэж үзэж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Таны  ажилд амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-04 202.19.144.39

Яг үнэн шүү, судалгаатай нотолгоотой зүйл ярьж бж л хөгжиж дэвшинэ. Судалгааг хийх орчин санхүүгээр нь хангаад өгвөл их л сайн бх юм.

Avatar

Зочин 2019-10-04 43.242.243.69

Царай нь хүртэл яагаад япон болчихдог юм болдоо

Avatar

Зочин 2019-10-04 103.10.21.27

Mongoliin negen "top" ikh surguuli undsen surakh bichgeesee uur surakh bichig khereglekhiig tas horidog, uur surakh bichig khereglesen bagsh nartaa arga khemjee avdag. Ene surguuli yamar surguuli ve?

Avatar

Зочин 2019-10-04 60.119.88.251

Mongold iim humuus olon bolj, neg negnee doosh ni hiih bish, hamtdaa huchetei mur zeregtsen alhah humuus olon bii bolvol ireeduin hayaa ayataihan l haragdah yumdaa. Yadahdaa uursdu oilgohgui uher tsarailj baihdaa ur huuuhde daraa uyee bodmoorson doo. Isvel bas adilhan uher bii bolgohod tatgalzahargui humuus baigaa bolov uu.

Avatar

Зочин 2019-10-04 202.179.26.104

Тэднээр бас юу судлуулах гээв. Хувьдаал ашиглах болхоос улс оронд өгөөж өгөхгүй, их сургуулийн багш нараас ямар ч үр дүн гарахгүй шавь нарыг нь хар л даа, тэдний үр дүн энэ.

Avatar

Зочин 2019-10-04 59.153.115.183

Yoog yopon emegtei bna da

Avatar

Болдоо 2019-10-04 119.40.99.5

Багш нарт өөр нь их асуудал бий. Ихэнх нь судалгаа хийх сонирхолгүй, илүү цаг зааж хэдэн төгрөг зун ахиухан авах л санаатай байна. Ингээд хичээлийн чанар гэдэг зүйл газар доогуур орсон.

Avatar

Зочин 2019-10-04 66.181.168.200

монголын сургуулиудын захирлууд сурах бичгээр хичээл заадаг юмуу гэх, тийм шдэ сурах бичигтэй байж л хичээл үр дүнтэй байна биз дээ гэхээр тэгвэл чи хоцрогдсон багш байна, орчин үед сурах бичиг хэрэглэхээ больсон, чадваргүй багш сурах бичиг хэрэглэдэг гэж гутаах юм байна шдэ

Avatar

Зочин 2019-10-04 182.160.38.105

jap uu kazakuu

Avatar

Nomin 2019-10-04 60.119.88.251

Iimerhu yum internetin tsaanas bichdeguuduig ni bolovsrol harin avsan yumuu chaawas gej boddog shuu.

Avatar

Зочин 2019-10-04 103.26.194.232

Монголын оюутнуудыд семенар гэж ёстой халтуурдсан юм бий. Багш нь нэг бодлого бичиж өгөөд гараад явчихдаг тэгээд оюутан нь бодож чадахгүй бол элдвээр доромжилж доош нь хийдэг. Хамгийн гол нь одоо сурах бичгийн хүрэлцээ ямар болсон юм бол. Лекц бичсэн дэвтэрнээс өөр юм гүй бол бодлого бие дааж бодох маш хэцүү.

Avatar

Зочин 2019-10-04 202.131.243.169

Хэвээрээ ш дээ. Ялгаа нь гэвэл бие биенийхээ лекцийн зургийг канон хайж явахгүйгээр авч болдог болсон, дээрээс нь багш нар нь болсон болоогүй номууд шахдаг болсныг эс тооцвол шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж