“Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн уран бүтээл “МАМ” кино аравдугаар сарын 11-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Түгшүүрт аймшгийн төрөл жанрын энэхүү киноны гол дүр дээр ажилласан Е.Даваасүрэнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Монголын кино урлагт шинэ залуу гарч ирж байгаа жүжигчдийн нэг нь та. Энэ дүр таны анхны дүр үү?
-“МАМ” кино миний тав дахь уран бүтээлийн дүр. Анх “Анги” телевизийн олон ангит кинонд анхны дүр дээрээ ажиллаж байсан. Дараа нь “Ноход”, “Хүний цаана” зэрэг уран бүтээлд тоглосон.
-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгосон бэ?
– Би Эрдэнэт хотод төрж өссөн. Сурагч байхаасаа л урлагийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог байлаа, манай үеийнхэн сайн мэднэ. Найзуудаараа хамтлаг хүртэл байгуулж байлаа. Ер нь урлагт дуртай хүүхэд байсан даа. Жүжигчин болох нь миний багын мөрөөдөл. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээж явна. КУДС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд одоо найзуудтай хамтран “Событ фильм” студийг байгуулаад кино урлагийн салбарт ажиллаж байна даа.
-Яг тэр жүжигчин шиг болно гэж бодож байв уу?
-Анх жүжигчин л болно гэсэн гэнэн дэврүүн мөрөөдөл л байсан. Харин сургуулиа төгсөөд жүжигчин болсноос хойш тийм бодол төрж эхэлсэн.
-Ямар?
– УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ. С.Болд-Эрдэнэ ахыг олон сайхан дүр бүтээсэн гайхалтай уран бүтээлч гэж боддог.
Яагаад “МАМ” гэж нэрлэх болсон юм бол?
–Киноны нэрийг ерөнхий найруулагч Б.Ганболд ах өгсөн. “МАМ” гэдэг нь үлгэр домгийн шумнус гэсэн утгатай. Энд нэг хөгжилтэй зүйл хэлэхэд нэг үзэгч маань” ээж минь намайг загнахаараа яадаг мам бэ гэдэг байсан, одоо мам гэж юу байдгийг энэ киноноос л харъя даа” гэсэн байсан. Энэ бол монгол үг. Маам, мама гэх мэтээр уншиж ойлгоод байгаа хүмүүс “Монгол хэлний хуучин үгийн толь” номноос харах боломжтой.
-Киноныхаа талаар товчхон ярьж болох уу?
–"Номадиа" пикчерс, "Хамба" фильм студи, "Событ" фильм, "Рояаль" мюзик хамтын уран бүтээл “МАМ” УСК 7-р сараас эхлэн зураг авалт хийгээд одоо эвлүүлэг дуусч, аравдугаар сарын 11-нд нээлтээ хийх гэж байна. Киноны товч агуулга гэвэл үйлийн үрийн тухай. “Чи энэ насандаа хэрхэн яаж амьдрана, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт юм биш гэхэд үр удамд чинь ирнэ, сайн ч бай муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй” гэсэн агуулгыг харуулсан.
Киноны дууг реппер Гинжин дуулсан нь анхаарал татсан?
-Гинжин бол энэ цаг үеийн сайн уран бүтээлчдийн нэг. Дуу уран бүтээлийг нь сонсдог бүхэл бүтэн үе байна. Кионы дуун дээр хамтран ажиллах болсон шалтгаан нь Гинжингийн уран бүтээлчийн характер, онцлог нь манай кинотой тохирохоор санагдсан тул хамтран ажиллах санал тависан. Манай саналыг сайхан хүлээн авч “Үхэл төгсгөл үү?” нэртэй дуугаа хийсэн. Дууны нэр, үг агуулга нь яг л “МАМ” киноны гол санаа болох үйлийн үрийн тухай юм. Хэн нэгэн үхлээ гээд бүх юм дуусчихгүй, хийсэн үйлийн үрээ өөрөө эдлээд зогсохгүй үе удамд нь хүртэл дамждаг гэсэн санаатай. Үг нь энгийн, хийц хэлбэр нь орчин үеийн сонсогчдын сонирхдог хэв маягтай “гоё” дуу болсон. Клипний зураг авалтыг киноныхоо уур амьсгалтай ойртуулж хийсэн.
-Таны ажилласан дүрийн онцлог юу байв? Өөр ямар жүжигчид кинонд оролцсон бэ? Дүр сонголтын тухайд…
-Дүр сонголт дээр “Хамба фильм” студийн продюсер Д.Золзаяа эгч ажилласан. Би "Событ фильм” студид харьяалагддаг. Дүрийн хувьд гэвэл өмнөх ажиллаж байсан дүрүүдээс ялгаатай.Түгшүүрт аймшгийн төрлийн хувьд ч гэсэн анх удаа ажиллаж байна. Миний дүр сэтгэлзүйн дарамттай, түгшүүрт далдын айдастай түүнийгээ бусдад илэрхийлэхэд зөрчилтэй учраас олон зүйлийг дотроо бодож тоглох хэрэгтэй байсан. Энэ дүр надаас жүжигчний хувьд сэтгэлзүй, бие махбодийн аль аль талаасаа өндөр шалгууртай, ур чадвар шаардсан сорилт болсон. Найруулагч Тука ах надад маш их зүйлийг зааж зөвлөж, сургуулилт хийж, шаардлагаа ч өндөр тавиж хамтран ажилласан. Төрийн соёрхолт МУ-ын Гавъяат жүжигчин Ц.Төмөрбаатар, СТА Л.Эрдэнэ-Очир, УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж, мөн манай “Событ фильм” студийн жүжигчин Б.Пүрэвдорж, залуу жүжигчин О.Золжаргал, ВГИК-ийн жүжигчний ангийн оюутан Т.Дашсурмаа гээд ахмад дунд шинэ залуу үе үеийн уран бүтээлчидтэй хамтдаа ажиллалаа.
-Найруулагчийн тухайд юу хэлэх вэ?
-Найруулагч Тука ахын уран бүтээл кинонуудыг өмнө нь мэддэг, өөрийн гэсэн өнгө төрхтэй, драм киног сайн хийдэг найруулагч гэж бодож явдаг. “Улаан дөрвөлжин”, “Орхидос”, “Хоёр амь” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн кино хийсэн. Тэр мундаг найруулагчийн уран бүтээлд тоглоно гэдэг нэг талаасаа асар их үүрэг хариуцлага тул сандарч байсан. Нөгөө талаасаа их урам авсан. Тука ахыг асар туршлагатай уран бүтээлч юмаа гэдгийг нь өдөр бүр зургийн талбайд мэдэрдэг байсан. Жүжигчидтэйгээ маш их тулж ажилладаг. Зохиол задлахаас эхлээд ширээний уншлага, зааварчилгаа өгөх, зарим тохиолдолд өөрөө тоглож үзүүлэх гээд ур чадвар, туршлагыг нь үнэхээр бахархсан.
-Киног багийн ажиллагаа гэж хардаг. Та бүхний хамтарсан баг хэр гар нийлж ажилласан бол? Энэ бүхэн нь мэдээж уран бүтээлийн чанарт нөлөөлдөг байж таарна.
-Тэр мэдээж хэрэг. Манай хамтрагчид болох “Номадиа пикчерс”, “Хамба фильм” студи, “Событ фильм” студи, “Роял мюзик” продакшн бүгд бүх уран бүтээлчид, арын албаныхан сэтгэл зүрхээ нэгтгэн ажиллаж чадсан. Одоо ч ажиллаж л байна. Кино бэлэн болмогц дуусчихдаг ажил биш. Бид газар нутгийн онцлог, зураг авалтын талбайн хувьд тохирч байсан учраас Булган аймгийн Хялгант тосгонд очиж зураг авалтаа хийсэн. Киноны нэг л хэсгийг авахад кино багийнхнаас гадна мэргэжлийн байгууллагууд, жирийн ард иргэдийн туслалцаа хөдөлмөр ч бас шингэдэг. Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн засаг дарга Б.Ууганбаяр, Гал түймэр унтраах 50-р анги, Цагдаагийн хэлтэс, дунд сургуулийн захиргаа, багш, ажилчид гээд олон хүн өөрсдийн нөөц боломжоороо тусалж оролцсон. Тэр бүгдэд маш их баярлалаа гэдгийг одоо ч бас хэлье. Хэдийгээр хамтын хөдөлмөр ч гэсэн ял гавъяаны аль аль нь найруулагч үүрч явдаг, бүтэн багийг удирдан толгойлж явна гэдэг маш том хариуцлага байдаг. Найруулагч Тука ах энэ үүргээ үнэхээр сайн мэддэг бас сайн гүйцэтгэж чаддаг юм билээ.
-Түгшүүрт аймшгийн киноны төрлөөр Монголд гарсан уран бүтээл цөөн байх?
-Миний мэдэхийн цөөхөн. Бид уран бүтээлчдийнхээ хувьд кино урлагийн бүхий л төрөл жанраар уран бүтээл хийж өөрсдийгөө сорьж, нөгөө талаас үзэгчдэд сайн бүтээл үзүүлэхийг хичээж явах учиртай. Тиймээс бид “МАМ” гэдэг киног түгшүүрт аймшгийн төрлийг сонгож хийсэн нь бас нэгэн алхам урагшилж, алдаж онож, суралцаж яваагийн илэрхийлэл боллоо гэж бодож байна.
-Уран бүтээлчдийн хувьд нэг бүтээлээр хязгаарлагддаггүй. Дараагийн уран бүтээл мэдээж бий байх?
-Тийм ээ. Дараагийн уран бүтээлээ хийж гаргах төлөвлөгөө гаргаад явж байгаа. Зохиол нь гараад дууссан. “МАМ” киноны дараа ирэх хавраас зураг авалт нь эхлэх болов уу гэсэн төлөвтэй байна.
-Монголын кино урлагийн салбар олон бүтээл нээлтээ хийж байна. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болох байх. Жүжигчин, хувь хүний хувьд кино урлаг манайд хэр хөгжиж байна вэ?
-Энэ бол кино урлагийн салбарын өөрийнх нь хөгжил явж л байгаа асуудал. Олон кино гарч байна. Зарим нь үүнийг зөв гэдэг. Өөр нэг хэсэг нь буруу гэдэг. Миний хувьд зөв. Олон киноны өрсөлдөөн дундаас чанаржина. Үзэгчид шилж үздэг болж байна. Алдсан нь алдаан дээрээ суралцаад явах байх. Тэгэхээр хувь хүнийхээ хувьд хэлэхэд олон уран бүтээл гарч байгаа нь сайн хэрэг. Зарим хүнд энэ нь таалагдахгүй байж магадгүй.
-Цаг зав гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
-Танд бас баярлалаа. Үзэгчиддээ хандан хэлэхэд үндэсний контент, монгол уран бүтээлээ дэмжиж байдагт чинь талархаж явдаг шүү. Та бүгд бидэнд урам өгдөг, дүн тавьдаг хамгийн том хүч шүү. Баярлалаа.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ