Модод навчсаа гүвж, нүцгэрээд, уулсын оройгоор цас хаялаад өвөл болсныг илтгэнэ. Хүйтний эрч өдрөөс өдөрт чангарсаар буй энэ үед нийслэлийнхний хувьд цахилгаан станцууд нь нүүрстэй, дулааны шугам нь найдвартай байж хөлдөхгүй өвөлжинө. Харин гэр хорооллын 220 мянган өрх энэ жил анх удаа түүхий нүүрсгүй өвөлжихөөр болоод байна. Иймд биднийг дулаан өвөлжүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж ажиллаж буйг тэднээс тодрууллаа.
НИЙСЛЭЛИЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 92 ХУВЬТАЙ БАЙНА
Өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Дулааны цахилгаан станцууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж дууссан аж. Есдүгээр сарын 15-ны өдрөөс айл өрх, аж ахуй нэгжүүдийн халаалтыг холбосон ба дулааны шугам сүлжээний ажил ч бас дууссан гэнэ. Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр “Нийслэл хот өвөлд бэлэн” гэдгийг онцоллоо. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 92.5 хувийн биелэлттэй байна. Тодруулбал, инженер хангамжийн байгууллагуудад өгсөн үүрэг даалгаврын 84 хувь гүйцэтгэлтэй байна. Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байгаа аж.
473.6 ТОНН ДАВС, 986 ТОНН БОДИС НӨӨЦӨЛЖЭЭ
Нийслэлийн хот тохижилтын газар нь 160.6 км замын цэвэрлэгээ арчилгааг хариуцан ажилладаг. Тус газар энэ жил 473.6 тонн давс, 986 тонн бодис нөөцөлжээ. Жижиг оврын машин, ачигч төхөөрөмжүүдийн техник хэрэгслийн аюулгүй байдал бүрэн хангагдсан байна. Энэ талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Энэ жил цасны зузаан, хур тунадас хэдэн удаа орохоос шалтгаалан бодисын хэмжээг хэр их хэмжээтэй хэрэглэхээс шалтгаална. Гэхдээ дахин 150 тонн давс авахаар тендер зарласан. Бодисын хувьд хангалттай бий. Цаашид цас их орвол давс, бодисоо нэмж худалдан авна. Тийм учраас давс, бодисын нөөц цас хэдэн удаа орохоос шалтгаална. Ерөнхийдөө жил бүр 2000 тонн давс, 1500 тонн бодис хэрэглэдэг. Бодис, давс цацсанаар хальтиргаа, гулгааг бүрэн арилгаж цэвэрлэхгүй. Нийтийн эзэмшлийн зам талбайд цас их хэмжээгээр тогтох үед аж ахуй нэгж байгууллага, хувь хүн цас цэвэрлэх ажилд сайн дураараа оролцох нь чухал” гэлээ.
200 МЯНГАН ТОНН САЙН ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ
Улаанбаатар хотод 220 мянга гаруй өрх гэр хороололд оршин суудаг. Жилд 800-1.000.000 тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Агаарын бохирдлын гол эх үүсвэр болсон түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын 62 дугаар тогтоол өнгөрсөн тавдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлснээр нийслэлчүүд анх удаа түүхий нүүрсгүй өвлийг угтаж буй. Түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн түлшээр орлуулна хэмээн тооцож буй. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой ХХК 200 мянган сайжруулсан сайн түлш нөөцөлжээ. Борлуулах цэгүүдэд тараахаар савлагаанд нийт 80 мянган тонн сайн түлш бэлтгэсэн байгаа аж. Тус компанийн зүгээс нийслэлийн есөн дүүрэгт 504 борлуулалтын цэг гаргахаар төлөвлөсөн байна. Одоогоор 440 цэг үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Эдгээр цэг болоод түлшний хэрэгцээ нийслэлийнхэнд хангалттай хүрэлцэж буй гэж компанийн борлуулалтын албанаас мэдээлсэн юм. Цаашид өвлийн ачаалалтай үед буюу арванхоёр, нэгдүгээр сард нэг сард 80 мянган тонн түлш үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ