Түрээсийн сурах бичгийн сураг "алдарчээ"

Хуучирсан мэдээ: 2019.10.04-нд нийтлэгдсэн

Түрээсийн сурах бичгийн сураг "алдарчээ"

Түрээсийн сурах бичгийн сураг "алдарчээ"

Хичээлийн шинэ жил  эхлээд нэг сар өнгөрчээ. Гэсэн  ч  сургуулийн асуудал жигдрэх шатандаа ороогүй харагдана. Тэр дундаа сурах бичгийн хүрэлцээний асуудал. Сурах бичгийн хүрэлцээ, хүртээмжийг жаахан ч гэсэн нэмэгдүүлэх үүднээс энэ жил түрээсийн сурах бичгийг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлнэ хэмээн салбарын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн.  Харин  хэвлэх үйлдвэрийн удирдлагуудын зүгээс сурах бичиг ченж нарын гарт очиж байгааг таслан зогсоохын тулд, өөрсдийн номын дэлгүүрээр борлуулах, яамнаас тогтоож өгч буй үнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Хэвлэх үйлдвэрүүдээс сурах бичгийг ченж нар 2000-5000 төгрөгийн үнэтэй худалдан аваад 20 мянган төгрөг хүртэл үнэ нэмж борлуулдаг байна. Тэгвэл өнөөдөр энэ асуудал ямар шатандаа явна. Түрээсийн сурах бичиг хэвлэгдэж гарсан уу гэдэгт сураг ажиг тавилаа.

Дунд бүлгийн нэг анги ойролцоогоор 17 сурах бичиг ашиглаж байгаа бөгөөд эдгээр номыг худалдаж авахад 50-60 мянган төгрөг болдог бол  түрээсэлбэл үүнээс 2-3 дахин бага төлбөр төлөх аж.

 АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНААС ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ МАТЕРИАЛУУДЫГ НЯГТАЛЖ БАЙГАА 

БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн Р.Балжинням “Засгийн газрын хуралдааны 2009 оны 28 дугаар тэмдэглэлд бага ангийн сурагчдыг сурах бичгийг төрөөс 100 хувь дааж, 6-12 дугаар ангийн хүүхдүүдийн сурах бичгийн 40 хувийг төрөөс даана гэсэн. Энэ  жилийн тухайд  Азийн хөгжлийн банкны найман  тэрбум төгрөөр 2.6 сая ширхэг ном хэвлэх ёстой. Харин сурах бичиг хэвлэгдэх хүртэл ахлах ангийн сурагчид интернэт болон гар утасны аппликейшн ашиглан хичээлээ хийх боломжтой. Өмнө жилүүдэд хэвлэлийн компаниудад сурах бичиг хэвлэх эрх өгч, үнийн дээд хязгаарыг нь тогтоож өгдөг байсан. Ингэхэд зах зээлийн эрэлтээ даган компаниуд харьцангуй цөөн тоогоор хэвлэн борлуулж байсан тул хүрэлцээ хангамж бага байсан.Тиймээс сурах бичгийн түрээсийн тогтолцоог хэрэгжүүлэхээр 2010-2015 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр туршилтын төсөл хэрэгжүүлсэн нь амжилттай болж, сурах бичгийн хангалт 85-90 хувьд хүрч байсан. Туршилтын ажлыг энэ жилээс эхлүүлсэн. Одоогоор хэвлэлийн компаниуд дунд худалдан авах ажиллагаа явуулж дууссан, холбогдох материалуудыг Азийн хөгжлийн банк руу хүргүүлэн, хариу хүлээж байна.  Азийн хөгжлийн банкнаас худалдан авах ажиллагааны материалуудыг нягталж байгаа учраас хэвлэлт хүлээгдэж байгаа. Хэрэв Азийн хөгжлийн банкнаас зөвшөөрч, санхүүжилт олговол хэвлэж эхэлнэ.  Хэвлэлтийн дараа үнийг албан ёсоор тогтооно” гэв.

Мэдээж Азийн хөгжлийн банкны шалгуур "давах", тэдний өндөр шаардлагын дагуу сурах бичиг хэвлэх асуудал явж байгаа ч хичээлийн шинэ жил эхлээд хэдий сар гаруйн хугацаа өнгөрсөн, сурагчдын эхний ээлжийн амралт хаяанд ирсэн үед сурах бичгээ хэвлэж ч эхлээгүй байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ. Олон улсын банк ном журмын дагуу явж буй, харин цаг хугацааг нь тулгахгүйгээр хичээлийн шинэ  эхлэхээс өмнө энэ асуудлыг шийдэх боломж байгаагүй бололтой, салбарын яаманд нь. Хэдийгээр сурагчид сурах бичгээ өөрсдөө "аргалж" байгаа ч түрээслэх, нэг ч ном худалдах авахгүй байхыг салбарын сайд нь өөрөө үүрэгдсэн. Гэвч салбарын сайд ам, ажлын зөрүүнд олон эцэг эх бухимдалтай, олон сурагчид сурах бичиггүй өнөөдрийг хүрч байгааг сануулах нь илүүц биз ээ.

 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж