Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар оруулж байгаа нь иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд маш халтай өөрчлөлт болохоор байгаа юм. 2017 оноос өмнө нь гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулж байсныг хасч, Зөрчлийн тухай хууль руу оруулсан ч Зөрчлийн тухай хуулийн амьдрал дээр хэрэгжиж буй байдлаас харахад маш хатуу хууль байна гэдгийг шүүмжилсээр ирсэн. Учир нь “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хатуу зохицуулалтыг хийсэн нь Зөрчлийн тухай хуулийг сэтгүүлчдийн эсрэг ашиглаж буй байдал түлхүүтэй гарч байгаа. Гэтэл энэ удаад Эрүүгийн хуульд гүтгэх үйлдлийг буцааж оруулж байгаа нь нийгэм дахь эрүүл шүүмжлэлийг нухчин дарах гэсэн оролдлого гэдгийг олон нийт хэлж байгаа юм.
Тиймээс гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуульд оруулах нь зөв эсэх талаар талуудын байр суурийг авлаа.
"ГЛОБ ИНТЕРНЭШНЛ” ТББ-ЫН ТЭРГҮҮН Х.НАРАНЖАРГАЛ:
-"Гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулах нь нийгэм дахь эрүүл шүүмжлэлийг нухчин дарахад ашиглагддаг. Тийм учраас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ, бусад Олон улсын байгууллагууд Эрүүгийн хуулиас халах зөвлөмжийг гаргадаг. Энэ хүрээнд манай улс Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг хасч, Зөрчлийн хууль руу оруулсан. Гэтэл дахин Эрүүгийн хууль руу оруулах нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа зөрчинө гэсэн үг. Нөгөөтэйгүүр иргэдэд айдас бий болно. Өөрөөр хэлбэл, гүтгэх үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулбал бусдыг гүтгэсэн гэдгээр эрүүгийн ял эдэлнэ гэсэн үг. Энэ нь жирийн иргэдэд мөн сэтгүүлчдэд маш халтай. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө мэдээлэл цуглуулж, боловсруулж түгээдэг хүмүүс. Ялангуяа эрэн сурвалжлах сэтгүүлчид далд байгаа фактуудыг хоёрдогч, гуравдагч эх сурвалжаас олоод нийтэд хүргэлээ гэхэд сэтгүүлчийг гүтгэлээ гээд нөгөө тал нь Эрүүгийн хуулиар заргалдах боломж бүрдэнэ.
Хууль санаачлагчдын хэлдэг нэг шалтгаан бол компьютерийн араас нүүрээ нуучихаад бусдыг гүтгэж доромжиллоо гэдэг. Мэдээж гүтгэлэг гэдэг нь худлаа мэдээлэл гэсэн үг. Тиймээс сэтгүүлчид хүнийг гүтгэж болохгүй, худлаа мэдээлэл өгч болохгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм төрлийн үйлдлийг олон улсын жишигт иргэн хоорондын маргаан гэж үзээд Иргэний хуулиараа зохицуулдаг. Манайх гүтгэх үйлдлийг 2017 онд Зөрчлийн тухай хууль руу оруулсан. Гэтэл энэ нь Зөрчлийн хуульд байх нь ч зохисгүй болох нь олон фактуудаас харагдаж байгаа. Тэгэхээр үүнийг Эрүүгийн хуулиар битгий зүйлчлээч ээ, үзэл бодлоо илэрхийлсэн гэж ямар нэг шийтгэл, ялангуяа баривчлах, хорих шийтгэл битгий өгөөч ээ гэсэн саналыг л миний хувьд хэлж байгаа юм. Миний бодол ч биш. Энэ нь Үндсэн хуулийн 10-р зүйлээр баталгаажсан. Нэгдүгээрх нь Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенцууд дотоодын хуулиас илүү үйлчилнэ. Дараагийнх нь Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлнэ гэж байгаа. Эдгээр гэрээ конвенцыг хүлээгээд авна гэдэг нь Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө үүрэг хүлээчхэж байгаа юм. Тиймээс хүлээсэн үүргийнхээ дагуу бүх өөрсдийнхөө хууль тогтоомжийг эргэж хараад иргэдийнхээ үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангах ёстой. Энэхүү эрхэнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээллийг хүлээн авах, түгээх, мэдээллийг олж авах эрхүүд багтдаг.
2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа маш бохир явагдсан. Гэтэл үнэндээ иргэд улстөрчдийг гүтгэж доромжлоогүй, улстөрчид өөрсдөө баг ажиллуулж өрсөлдөгчөө харлуулдаг, худлаа мэдээлэл түгээдэг. Үүнийхээ бурууг жирийн иргэдэд нялзаадаг. Тиймээс гүтгэх үйлдлийг Эрүүгийн хууль руу буцаад оруулж байгаагийн ард нь улс төрийн тоглоом явагдаж байгаа гэж би харж байна"гэв.
МУИС-ИЙН ДЭД ПРОФЕССОР, ДОКТОР Ч.ӨНӨРБАЯР:
-Миний хувьд гүтгэх, доромжлохыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох шаардлагагүй гэж үздэг нь нэг талаасаа хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэх, нөгөө талаасаа олон улсын жишигт Зөрчлийн хуулиараа зохицуулдаг учраас үүгээрээ явах нь зөв гэсэн байр суурийг би баримталдаг. Гэтэл буцаагаад Эрүүгийн хуулиар зохицуулах нь сэтгүүлчдийг айлгадаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын амыг барих гэсэн Ц.Нямдоржийн хуучин Эрүүгийн хууль руу буцаах ухралт болно.
Холбоотой мэдээ