Монголын хөлбөмбөгийн холбооноос өнөөдөр “Гэр бүлийн нээлттэй өдөрлөг”-ийг өөрийн талбайд зохион байгууллаа.
МХБХ хөгжлийн бодлогынхоо хүрээнд олон ажил санаачлан, зохион байгуулж байгаагийн нэг нь энэхүү “Хөлбөмбөг-Гэр бүл” өдөрлөг юм. Өнөөдөр хөлбөмбөгийн бэлтгэлийн талбайд хөлбөмбөгийн спортод хайртай, үүгээр хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн хамт хүрэлцэн ирж, нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүллээ.
Хүрэлцэн ирсэн хүүхэд бүр мэргэжлийн анхны хөлбөмбөгч, Монгол Улсын шигшээ баг, "СэлэнгэПресс" клубын тамирчин А.Мөрөнтэй хамт дурсгалын зураг татуулж, хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжиннямтай чөлөөт уулзалт хийсэн юм.
Өдөрлөг үеэр тэд МХБХ-ны үйл ажиллагаатай танилцсанаас гадна лигийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр шагналын сантай "Хүрхрээ" дээд лигийн шилдэг багуудын тоглолтыг үзэж сонирхлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан багийн спортыг хөгжүүлэх тусгайлсан зарлиг гаргасан. МХБХ энэхүү зарлигийг талархан хүлээн авч, хөгжлийн бодлогодоо тусган, цаашид олон ажил эхлүүлэхээр төлөвлөжээ.