Наймдугаар сарын 22: Өдрийн гол үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.08.22-нд нийтлэгдсэн

Наймдугаар сарын 22: Өдрийн гол үйл явдлууд

Наймдугаар сарын 22: Өдрийн гол үйл явдлууд
Шархдагсадын нэгийг авч яваа нь. Фото: Stringer France / Reuters

Иракт “ИУ” бүлгийн лидерийг хөнөөв

Иракт “Исламын улс” бүлгийн лидерүүдийн нэг Хажи Мутазыг (Hajji Mutazz) Америкийн нисгэгчгүй онгоцноос хийсэн довтолгооны явцад устгажээ. Тэрээр уг бүлэглэлийн хоёр дахь лидер гэгддэг бөгөөд ИУ-ын санхүү, логистик зэрэгт ихээхэн нөлөөтэй нэгэн байжээ. “Хажи Мутаз нэрээр илүү танигдсан Фадхил Ахмад аль-Хайяли, “Исламын улс” бүлгийн хэвлэлийн асуудал хариуцсан Абу Абдулла (Abu Abdullah) нарыг наймдугаар сарын 18-нд Мосул хотын орчимд машинтай явж байхад нь нисгэгчгүй онгоцноос устгасан” гэж Цагаан ордон батлан мэдээлснийг "Reuters" дамжуулжээ.


Террористийн үйлдлийг таслан зогсоосон зорчигч нарт Обама талархал илэрхийллээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама "Thalys" галт тэргэнд зорчигчод руу буудсан этгээдийг барьж саатуулсан хоёр америк цэрэг болон зорчигчдыг магтаж, талархал илэрхийлжээ. Тэдний эр зориг гаргасан энэхүү үйлдэл нь хэргийг илүү эмгэнэлт байдалд хүргээгүйг ерөнхийлөгч онцлов. Хэрэг үйлдсэн этгээдийн буруутай үйлдлийн улмаас хэд хэдэн хүн хөнгөн шархаджээ.

Амстердам-Парисын чиглэлийн галт тэргэнд Калашниковын автоматаар буудсан этгээдийн үйлдлийг таслан зогсоосон зорчигч нарт Францын Дотоод хэргийн яамны сайд Бернар Казнёв мөн талархал илэрхийлсэн байна. Буу тавьсан, 26 настай, марроко залуугийн үүргэвчинд хэд хэдэн төрлийн галт болон хүйтэн зэвсэг байжээ. Түүнийг олон хүн хөнөөхийг оролдсон хэмээн террорын хэрэгт сэжиглэн, шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтыг Францын Террортой тэмцэх цагдаагийн тусгай хүчнийхэн явуулж байгаа ажээ.


Орост наран цэцгийн тосны үнэ өсчээ

Наран цэцгийн түүхий тосны нэг тоннын үнэ долоо хоногийн хугацаанд 57 мянган рубль хүртэл өсчээ. Өнгөрсөн оны ургац хурааж авсан үе болох аравдугаар сараас хойш наран цэцгийн тосны үнэ Орост 90 хувиар нэмэгдэж, түүхэндээ хамгийн их хэмжээг заалаа. Рубль эрчимтэй суларч байгаа нь үүний гол шалтгаан болжээ.

Өнөөдөр бирж дээр нэг ам.доллар Оросын 68,43 рубль, евро нь 77,30 рубль хүрээд байна. Наймдугаар сарын эхнээс америк валют 10 рублиэр, евро 12 гаруй рублиэр тус тус чангараад байна. Рубль нь нефтийн үнэ буусныг даган суларч байна. Баасан гаригийн арилжаагаар Brent маркийн нефтийн нэг баррель 45,72 ам.доллараар зарагдаж байв.


Пхеньян цэрэггүй бүсэд их буу байрлуулсныг Сөүл мэдээлэв

БНАСАУ хоёр орныг тусгаарласан цэрэггүй бүсэд 76,2 миллиметрийн гаубицийн их буу байрлуулсан тухай нэрээ нууцалсан эх сурвалж "Рёнхап" агентлагт ярьжээ. Хойд Солонгосын армийн байрлалын мэдээллийг өмнөдийн цэргийнхэн нисгэгчгүй онгоцнуудын тусламжтайгаар цуглуулж байгаа аж.

Бямба гаригийн орой "Чанга яригчийн нэвтрүүлгээ зогсоохыг шаардсан" Хойд Солонгосын 48 цагийн тулган шаардалт дуусч байна. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол Пхеньян чанга яригчдыг устгана гэж сануулаад байгаа.

Харин Өмнөд Солонгос сэтгэл зүйн дайны хэрэгслээ зогсоохгүй гэсэн байр суурьтай байгаа. Солонгосын хойгийн байдал наймдугаар сарын 20-ны пүрэв гаригаас эхлэн хурцадсан гэхэд болно. Тэр өдөр Хойд Солонгос өмнөд хөршөө их буугаар буудсан бол үүний хариуд гал нээсэн цэг рүү Өмнөд Солонгос гучаад сумаар буудсан юм. Пхеньян энэ талаар "Өмнөд хөрш ямар ч шалтгаангүйгээр буудсан" гэж мэдэгдсэн.


Хар шуурга таван хүний аминд хүрчээ

"Иненг" ("Гони") гэж нэрлэгдсэн далайн хар шуурга Филиппиний хойд нутгаар дайрах үед таван хүн амь үрэгдэж, дөрвөн хүн гэмтэн, хоёр хүн сураггүй алга болжээ. Хар шуурга нь Пангасинан, Самбалес, Батаан мужуудад үер, газрын нуранги үүсгэх аюултайг Онцгой байдлын албаны үндэсний зөвлөлөөс (NDRRMC) сануулав.

Жил бүрийн зургадугаар сараас арванхоёрдугаар сар хүртэл үргэлжлэх борооны улиралд Филиппинийг 20 орчим салхи, далайн хар шуурга дайрдаг. Хамгийн хүчтэй хар шуурга нь 2013 онд тус улсын төв хэсгийг хамарсан “Йоланда” ("Хайянь") шуурга юм. Түүний улмаас 8000 гаруй хүн амь үрэгдэж, 1,1 сая байр байшин эвдрэн нуржээ.


Хоуситууд Саудын нисдэг тэргийг сөнөөв

Йемений засгийг булаан авсан шиитийн "Ансар Аллах" хөдөлгөөний босогчид (хоуситууд) Саудын “Апач” нисдэг тэргийг хилийн районд сөнөөсөн гэж мэдэгдэв. Нисдэг тэргийг “Газар-агаар” ангиллын пуужингаар сөнөөжээ. Нисдэг тэрэгний хоёр нисгэгч амь үрэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэд Саудын хилийн хамгаалагч нарыг “Град” гэдэг бөөнөөр галлах системийн төхөөрөмжөөс буудсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж