Ирэх даваа гаригаас буюу наймдугаар сарын 24-нд цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ. Ингэхдээ өнгөрсөн жилүүдийн адилаар эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадна дугаарлаж, хонон өнжиж бүртгүүлэхгүй. Цэцэрлэгүүд өөрийн хамрах хүрээний хүүхдийг нийслэлийн Боловсролын газраас гаргасан журмын дагуу бүртгэх бөгөөд дараа нь нийт бүртгэлд хамрагдсан хүүхдүүдийн нэрсийг сугалах байдлаар зохион байгуулах юм.
Энэ жил цэцэрлэгт орох насны 116 мянга гаруй хүүхэд бий. Харин цэцэрлэгт хамруулах боломжит тоо 91 мянга юм. Өөрөөр хэлбэл, 21 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэнэ гэсэн үг. Арав хоногийн өмнөөс цэцэрлэгийн гадна зөшөөрөлгүй дугаарласан иргэд цэцэрлэгт явах хүүхдийг сугалааны аргаар сонгохыг эсэргүүцсээр байгаа. Ямартай ч иргэдийн энэ эсэргүүцлийг харгалзах шаардлагагүй гэж үзэн, цэцэрлэгийн бүртгэлийг ирэх даваа гаригаас шинэ хэлбэрээр явуулахаар бэлэн болжээ.
ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД:
Нийслэлийн Боловсролын газраас энэхүү зөвлөмжийг танилцуулав.
Бүрдүүлэх материал:
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эцэг, эхийн иргэний үнэмлэх
Жич: Хүүхэд цэцэрэгт бүртгүүлэхэд заавал шинжилгээ өгсөн байх ёстой гэсэн шаардлагыг болиулж, цэцэрлэгтээ орсных нь дараа шинжилгээ өгүүлэхээр болжээ.
Бүртгэлийг явуулахдаа:
- Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 2015 оны 08 дугаар сарын 24-өөс 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах
- Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах, 2013 онд төрсөн хүүхдийг шинээр элсүүлэн боловсрол эзэмшүүлэх
- Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэх, элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй байх
- Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, тэднийг бүртгэлийн талаарх бодитой мэдээллээр хангаж ажиллах
- Бүртгэлийн явцад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
- Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
- Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
- Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор багтаан дүүргийн боловсролын хэлтэст хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах
Эцэг эх, асран хамгаалагчид:
- Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
- Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
- Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах
- Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
- Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
- Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
- Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
- Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах.
Б.ЗАЯА