Жон Стэнли гэх 61 настай эрхэм уушги болон тархины хорт хавдраар өвчлөхөөсөө өмнө чопперчин байсан аж. Түүнд сүүлийн ганц хүсэл байсан нь Харли Дэвидсоны дууг эцсийн удаа сонсох байжээ.
Өвчин нь хүндэрч, амьсгал хураахад ойрхон байгааг нь анзаарсан хүргэн дүү Майкл Смит нь нутгийн чоппер Дэвид Томпсонд хандсанаар энэ гайхалтай үйл явдал эхэлсэн байна. Томпсон телевизэд ярилцлага өгөхдөө “Өглөө 06:30 цагийн үед Майкл Смит гэх залуугаас фэйсбүүкээр зурвас ирсэн. Тэр Жон гэх ах нь ямар байдалтай байгаа болон юу хүсэж буйг надад хэлсэн" гэж ярьжээ.
Тэрбээр өөрийн нүүр номдоо "Нас барахаасаа өмнө цонхоороо Харли Дэвидсоны дууг сонсох гэсэн сүүлчийн хүсэлтэй хүн байдаг л юм байна. Тэр бол Жон Стэнли. Би өнөө өглөө түүний гэрийнхэнтэй уулзсан бөгөөд түүнийг малын эмч төдийгүй олон жил мотоцикль унасан жинхэнэ чопперчин гэдгийг нь мэдэж авлаа.
Энэ бол түүний цоо шинэ Харли. Гэвч Жон энэ сайхан амьтныг ердөө гуравхан удаа л унажээ. Ингэх шаардлагагүй байж магадгүй ч байкерууд байкертаа тусалдаг гэдгийг санаарай. Ирланд замын Валмарт дээр 06:00 цагаас цуглаад, 06:30 цагт түүний гэр лүү давхицгаая" хэмээн нийтэлжээ.
Ердөө зургаахан цагийн дотор 200 гаруй хүн, 100 гаруй мотоцикль Жоны сүүлийн хүслийг биелүүлэхээр цугларсан байна. Өөр өөр хотоос цугласан чопперууд Жоны гэрийг тойрч чанга дуугарган давхиж эхлэхэд гэрийх нь цонх доргиж байсан бөгөөд Жон үүнийг сонссон бололтой гараа өргөхөд төд удалгүй гэрийнхэн нь түүнийг өргөн гарч ирж болж буй бүхнийг харуулаад нэгэн мотоциклийн шаахайнд суулгажээ.
Цугласан хүмүүс нулимсаа барьж дийлэлгүй уйлж уярч байсан бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа Жон Смит аз жаргалтайгаар хорвоог орхижээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: ЕPOCH TIMES
Холбоотой мэдээ