REUTERS/ Kai Pfaffenbach
Бээжин хотноо өнөөдөр эхэлж буй Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бямба гаригийн хуваарьт эмэгтэйчүүдийн бөөрөнцөг шидэлт, эрэгтэйчүүдийн марафон болон 10000 метрийн гүйлт, мөн хэд хэдэн төрлийн хагас шигшээ тэмцээнүүд бичигдэж байна.
Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хятадын Бээжин хотноо эхэлж байна. ДАШТ-д 207 орны тамирчин өрсөлдөж байна.
Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр гурван багц медалийн эзэд тодрох юм.
Бээжинд хэтэрхий халж, 34 хэм хүрч байгаа учраас эрэгтэйчүүдийн марафон өнөөдөр өглөө 07:35-т эхэлжээ. Тэмцээний ялагч болох магадлал өндөр Угандын Стивен Кипротич, Кенийн Уилсон Кипротич, Деннис Киметто, Марк Корир, Этиопын Лелиса Десиса, Берхану Леми, Йемане Цегай нарт энэ зэргийн халуун дадал болсон нь мэдээж.
Эрэгтэйчүүдийн марафоны төрөлд түрүүлсэн Гирмай Гебресласси /Эритреи/
Өнөөдөр болсон эрэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд Эритреин марафонч Гирмай Гебресласси түрүүлж, Бээжингийн тэмцээний анхны алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 2 цаг 12 минут 27 секундын үзүүлэлт харуулжээ. Энэ төрөлд Этиопын Еман Цегай (2 цаг 13 минут 7 секунд) мөнгөн медаль, Угандагийн Муньо Соломон Мутаи (2 цаг 13 минут 29 секунд) хүрэл медаль тус тус хүртлээ. Уралдааны явцад 10 хүн замаас гарч, 42 тамирчин барианд оржээ.
Эрэгтэйчүүдийн марафонд Монгол Улсыг төлөөлөн Гавьяат тамирчин Б.Сэр-Од уралдсан. Манай тамирчин 2:32:08 секундэд барианд орж, 38-р байр эзэллээ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /MSPU/
Хөнгөн атлетик, түүний хамгийн хүнд зай болох марафонд Монголынхоо нэрийг олон жил гаргаж буй Гавьяат тамирчин Б.Сэр-Одыг дэмжихээр түүний гэр бүл, найз нөхөд, 65 настай ээж нь Бээжинд очсон байв. Монголын хөгжөөн дэмжигчид тамирчнаа 5 болон төгсгөлийн 41 дэх км дээр хажуугаас нь харж, баяр хүргэжээ. Б.Сэр-Од тэмцээнд өөрийнх нь дасгалжуулагчаар ажилладаг, гэргий Б.Оюунтуяа, япон дасгалжуулагч TADAYOSHI KAMETAKA нарын хамт Бээжинд очсон байгаа юм.
Шинэ Зеландын алдарт тамирчин Валери Адамс бэртлийн улмаас тэмцээнд ирээгүй учир өнөөдөр болж буй эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Герман тамирчин Кристина Шваницыг түрүүлэх магадлалтай хэмээж байна. Гэхдээ Хятадын Гун Лизяо, Америкийн Мишель Картер, Унгарын Анита Мартон, Тринадад ба Табогогийн Клеопатра Борель нар энэ төрөлд ширүүн тэмцэлдэх нь тодорхой.
Эрэгтэйчүүдийн 10 000 метрийн гүйлтийн төрлийн өмнөх ДАШТ-ий аварга Британийн Мо Фара энэ зун дасгалжуулагч нь сэргээшийн дуулианд хутгалдсан таагүй үйл явдалтай тулсан байгаа. Тэрээр үүний улмаас хэд хэдэн тэмцээнд ороогүй билээ. Лондоны олимп, Москвагийн ДАШТ-ий аварга тэрээр хэрэв формдоо орж чадсан бол энэ удаагийн уралдаанд түрүүлэх магадлалтайд тооцогдож байна.
Энэ зайд Кенийн Пол Тануи, Жеффри Камворор, Бедан Мучири, Этиопын Муктар Эдрис, Имане Мерга, Мосинет Геремев, Канадын Кэмерон Левинс нарын шилдгүүд уралдаж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР