Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.
(БИЗНЭСИЙНХЭНТЭЙ ХОЛБООТОЙ ШАЛТГААН)
Тийм ээ, либертари үзэл хувийн өмчийг хамгаалдаг. Гэхдээ заавал том бизнэсмэнүүдийн хувийн өмчийг хамгаалдаг юм биш. Энэ ертөнц дээр өмчгүй хүн гэж байдаггүй. Хамгийн ядуу хүнд ч гэсэн хувийн өмч бий, түүний бие махбод, оюун ухаан, авьяас чадвар. Энэ бүгдээ өөрийнхөө төлөө ашиглах эрх бүх хүнд бий. Өмч өмчөө бий болгодог. Хүн эдгээрээ ашиглаж байж асар их баялаг, хөгжил, дэвшлийг бүтээж ирсэн.
Гэхдээ либертари үзэл хууль бус өмч, бизнэсийг хэзээ ч хамгаалдаггүй. Шударга бус, хууль бус замаар бий болсон зүйлс юуных нь капиталист өмч байх вэ дээ. Ийм замаар хуримтлагдсан бол бусдыг хохироож байдаг хулгай, дээрэм, луйвар.
Манай бизнэсийнхэн бүхнийг монголчилдог нөгөөх л зангаараа бизнэс, зах зээлийг бас л “монголчилсон”. Бизнэсийг шударга бус зүйл гэж ойлгуулсан (Энд хувийн өмчийг үзэн ядах коммунист үзэл суртлын нөлөө байгаа л байх). Хувийн өмчийг үзэн яддаг орчинд либертари үзлийг жинхэнэ утгаар нь ойлгуулах хэцүү л дээ.
Манай бизнэсийнхэн шударгаар өрсөлдөхөөс айж, төрийн протекционизм дор орохын тулд улс төрчдийг хахуульддаг. Лайзэс-фэйр байхгүй ээ, сураггүй. Лайзэс-фэйрийг алга болоход хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс бол эд өөрсдөө. Төрийн дэмжлэгтэй бизнэс гэдэг бол тэр чигээрээ социализм. Төр бизнэст оролцсон үед нийгэмд хамгийн хэрэгтэй, шударга бизнэс эрхлэгчид зах зээлээс шахагдаж, харин заль мэх, луйврын замаар явдаг бизнэснийхэн хождог. Макро түвшин, алс хэтдээ бол нийгэм бүхэлдээ хохирч байдаг.
Манай бизнэс эрхлэгчид хулгай, залилан их хийдэг. Хамгийн сонгодог жишээ, Жастын Батхүү. Төрийнхөн болон улсын өмчийнхөнтэй нийлж байгаад гадаадын банкийг зальдчихаж байгаа юм. Эндээс олон улсад үлдсэн хамгийн том эффект бол “монголчууд муухай зальтай, хулгайч, луйварчин зантай” гэсэн мессэж.
Манай бизнэсийнхэн хулгай хийх үнэхээр дуртай. Сиймхий л олдвол хулгай хийнэ. Тэд улсаас маш их хулгай хийдэг. Худлаа хэлж тэндэр авчхаад дандаа хулхи ажил хийнэ.
Бизнэсийнхэн өөрсдөдөө ажилладаг хүмүүсээс хүртэл хулгай хийнэ. Хийсэн ажлын хөлсийг нь бүрэн олгохгүй, зарим үед ерөөсөө өгөхгүй.
Бизнэсийнхэн хэрэглэгчдээсээ хулгай хийнэ. Бараа таваар, үйлчилгээгээ бодит үнэ, өртгөөсөө хамаагүй дээгүүр үнээр хэрэглэгчдэд зарна.
Ямар ч протекционизм байхгүй, бизнэсийн бүх үйл ажиллагаа шударга явагддаг, залилан мэхлэх огтоос боломжгүй нийгэм бий болгоё гэвэл хамгийн их айх хүмүүс чинь манай бизнэсийнхэн байгаа юм.
Монголын бизнэсмэнүүд социализмдаа хайртай гэж жигтэйхэн. Хачин юм шүү!!! Нэлээд том бизнэсмэн, капиталтан. Тэгсэн атлаа социализмд татагддаг. Эд болдогсон бол хуучин социализмынхаа үед ийм мөнгө, хөрөнгө, капиталтайгаа амьдрах юмсан гэж боддог байх. Ийм л абсурд феномен манайд л байгаа юм даа.
Үнэндээ, манай бизнэсийнхэн дотор зах зээлийн зүй тогтол, капиталын мөн чанарыг ойлгож бизнэс эрхэлдэг хүн маш цөөн дөө. Зүгээр л ямар ч хамаагүй аргаар мөнгөтэй болох, хөрөнгөжих гэсэн хээр талын феодал сэтгэлгээтнүүд.
Монгол бизнэсмэнүүд шударгаар өрсөлдөхөөс үхтлээ айна. Дандаа үгсэн хуйвалдана. Амраар нь ард түмнээ мөлжиж, хохироох замаар хэдэн төгрөг олж байх замыг сонгодог. Сонгодог жишээ нь, Монголын бензин импортлогчид.
Энэ бүхэн дээр нэрмээс болдог нэг хүчин зүйл бол 1990-ээд оны хувьчлал. 1990-ээд онд хувьчлал хэтэрхий шударга бус явагдсан. Тэдний өмчилж буй өмч бүгд социализмын үед бий болчихсон байсан, тэр зүйлийг хууль бус замаар хувьчилж авсан гэсэн ойлголт их тархсан.
“Либертари үзэл нь хувийн өмч, бизнэсийг хамгаалж, зах зээлийн талд зогсдог” гэж ойлгохдоо ийм шударга бус зүйлсийг хамгаалдаг гээд ойлгочихсон хүмүүс энэ үзэлд хэрхэн таатай хандах билээ. Хүмүүс минь ээ, та нар бизнэс, хувийн өмч, зах зээл гэдгийг Монголын хэдэн луйварчидтай хольж ойлгоод байна. Юу гэдэг билээ, “андуураад байна та, андуураад байна” гэдэг бил үү!
Б.БАТЧУЛУУН
Холбоотой мэдээ