УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, хүлээн авах шаардлагагүй гэж бүлгийн гишүүдийн олонх үзжээ. Тодруулбал, Ерөнхийлөгчөөс Ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавиад байсан юм.
Уг шийдвэрийн талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “УИХ зургадугаар сарын 12-ноос хойш Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үндсэндээ гурван сар гаруй хугацаанд хэлэлцээд есдүгээр сарын дундуур төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Ингээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулга явуулах зүйтэй гэж үзээд тогтоол гаргасан.
Тус тогтоолд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. МАН-ын бүлэг хоригийг хүлээж авах боломжгүй, ард нийтийн санал асуулгыг явуулах нь зөв гэж үзсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж социологийн судалгаанд оролцсон 10 хүний ес нь дэмжсэн. Тиймээс Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагатай гэж үзээд бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн аваагүй” гэлээ.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй байсан уу?
-Тийм ээ. Ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно. Хоригийг хүлээж авсан тохиолдолд төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг зогсоох гэсэн ийм л хоёр гарц бий. Төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах боломжтой ч манай нам 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ард нийтээсээ асууж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батална гэж тусгасан. Үүнийгээ хэрэгжүүлэх үүднээс дээрх шийдвэрийг гаргалаа.
-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй үндэслэл юу байв?
-Ерөнхийлөгчийн хоригийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзсэн.
-Ард нийтийн санал асуулгыг хэзээ явуулах вэ?
-Ард нийтийн санал асуулгыг энэ сарын 30-нд явуулахаар төлөвлөж байсан ч өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хоёр хувилбар л байна. Ард нийтийн санал асуулгыг энэ ондоо багтааж явуулах, эсвэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуультай хамтатган явуулах ийм хувилбар бий. Энэ талаар дахин ярилцана.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжлэх зарчим алдагдах уу?
-Ард нийтийн санал асуулга явуулах шийдвэр гарснаар тасралтгүй үргэлжлэх зарчим нь зогсож байгаа юм.
Холбоотой мэдээ