“Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл” /МСНЭ/-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой асуудлаар “Ноцтой мэдээ” сонины эрхлэгч, яруу найрагч Б.Галсансүх тэргүүтэй сэтгүүлчид өнөөдөр (2019.10.03) хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өглөө.
Б.Галсансүх “Нийгэмд олны анхаарал татсан, тулгамдсан олон асуудал байна. Гэтэл Х.Мандахбаяр гэдэг хүн заавал уул, уурхай гээд гүйгээд байдаг нь ямар учиртай юм бэ. Уул уурхай бол Монголчуудын хувьд хамгийн эмзэг сэдэв. Үүн дээр дөрөөлөн эх орончийн дүрд тоглож, олонд танигдах гэж зүтгэж байна. Х.Мандахбаяр бол эх орон, газар шороондоо хайртай хүн биш. Яагаад гэвэл өөрөө Өмнөговь аймагтаа “Их шижир баялаг” гээд уул, уурхайн компанитай. Хувьдаа нүүрс зөөдөг машинтай. Үүгээрээ Монголын баялгийг өдөр, шөнөгүй урагшаа зөөдөг мөртлөө эх оронч болж жүжиглэж буй нь гутамшигтай.
Уул, уурхайг би хаалгасан гээд “Ардын баатар” болоод яваа хүн үнэндээ шоудаж байгаа шүү. Уул уурхайг хаагаагүй. Үнэндээ Тосон бумбын нуруунд Хятад эзэнтэй уурхайнууд одоо хүртэл ажиллаж байна. Бүх уурхайг хаалгаад, уул усаа аварчихсан гэж бодож байгаа бол эндүүрэл.Үүнээс гадна энэ хүн МСНЭ-ийн Ерөнхийлөгч хууль бусаар болсон. Өөрөө тайлбарлахдаа, би үүнд оролцоогүй, миний найз, хуульч А.Отгонбаяр хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, Ерөнхийлөгч болсон гэсэн.
Одоо А.Отгонбаярт Цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд явж байна. Тиймээс энэ хурлыг өнөөдөр зохион байгуулж буй нэг үндэс бол МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатарыг дэмжиж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Энэ хүн бие муутай. Өнөөдөр харвалаа, албан тушаалаа өглөө гэдэг. Маргааш нь уул, уурхайг хаалгачихлаа, би буцаад Ерөнхийлөгчийн ажлаа авлаа гэдэг. Х.Мандахбаяр эрүүл хүн мөн үү? Энэ хүн МСНЭ-ээр тоглож болсон. Одоо “Онц их хурал” зарлаж, сэтгүүлчид нэгдэж, түүний энэ увайгүй үйлдлийг таслан зогсооё” гэв.
"Хатуу мэдээ" сайтын найруулагч Б.Мөнхтөр
-“Тосон бумбын нулимс” нэвтрүүлэг 2017 оны дөрөвдүгээр сард хийгдсэн. Түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд Х.Мандахбаяр юу ч хийгээгүй, зүгээр л боломжийг хараад сууж байсан. Өөрөөр хэлбэл тухайн үед уурхайн үйл ажиллагаа эхлээгүй, хэрүүл тэмцэл хийхэд ямар ч ашиггүй байсан гэсэн үг. Яг цагаан сарын үеэр уурхайг ухаж эхэлсэн байдаг. Тэгэхэд нутгийн иргэд эсэргүүцэл үзүүлж, зам харгуйг нь хааж, хагалгаанд орсон хүн хүртэл өвлийн хүйтэнд тэмцээд явж байсан. Энэ үед Х.Мандахбаяр 11 өрөө байрынхаа найрыг хийгээд, баярлаад сууж байсан. Ер нь бол их баярлаж, наргиж, цэнгэх дуртай хүн л дээ.
Хэрэв үнэхээр эх оронч юм бол Х.Мандахбаяр тэр үед ухаж эхлээгүй байхад тэмцэх нь яасан юм. Тэгэхээр эндээс ганц л дүгнэлт хийж болно. Ухуулаад, сенсааци үүсэхэд бэлэн болсны дараа араас нь сэлэм барьж дайрсан. Үүнээс гадна нэг ноцтой мэдэгдэл өөрийн цахим хуудастаа бичсэн. Сэтгүүлчид МСНЭ-д татвар төлөөгүй бол БНХАУ руу сурвалжилга бэлтгэж явах эрхгүй гэсэн байсан. Үүнийг юу гэж ойлгох вэ. МСНЭ-ийг БНХАУ-ын суртал, ухуулгын хэлтэс хянаж байна гэсэн үг үү.
Одоо дээр нь Солонгосын визэнд ороход татвар төлөөгүй бол тодорхойлолт гаргаж өгөхгүй гэж байна. Хурим дээрээ есөн газартай санамж бичиг зурсан гэсэн. Ерөөсөө л иймэрхүү л ажил хийгээд явна. Монгол сэтгүүлчийн гар, хөлийг мухарлах, явах замыг өөрөөрөө дамжуулах ийм л арга хайж байна. Тэгэхээр ийм хүнээр бид удирдуулаад явах шаардлага байна уу. МҮОНТ-ийн сэтгүүлч А.Бүрэнбаатартай бид нэгдэж байна" гэсэн юм.
Холбоотой мэдээ