28 жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдрал залгуулж байгаа зургаан хүүхэдтэй өрх толгойлсон эх О.Нарантуяа өнөөдөр /2019.10.03/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би хоёр нийгмийн хооронд хэлмэгдсэн. Учир нь социализм нийгмийн үед тухайн үеийн төр засаг хүн амаа өсгөх бодлогыг өмнөө тавьж бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийг эрүүл л бол хүүхэд гарга гэж шаардаж байсан үе. Тэр үед жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэхийг хатуу хориглодог байхад би зургаан хүүхдийн ээж болсон юм.
1991 онд хань минь зуурдаар хүний гарт амиа алдаж, миний бага хүүхэд нэг сартай өлгийтэй, хамгийн том нь 11 настай, зургаан өнчин хүүхэдтэй би үлдсэн. Удалгүй ажиллаж байсан газар минь дампуурч би ямар ч орлогогүй болсон. 1990-ээд оны эхэн үед 4-өөс дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдийг улсад 20 жил ажилласан бол нөхөн олговор өгдөг байсан. Гэтэл би 16 жил ажилласан учраас тэтгэвэрт хамрагдаж чадаагүй, ямар нэгэн нөхөн олговор надад ногдоогүй.
Би төрийн төмөр нүүрэнд өөрийгөө бэхэлж, зургаан хүүхдээ ялласан. Үр хүүхдээ тэжээх надад туйлын хэцүү байсан. Үнэнийг хэлэхэд 1990-ээд оны эхэн үед ихэнх хүүхдүүдийн сургууль завсардаж гудамжинд гарч байсан. Тэр үед хүүхдүүдээ арай ч гудамжинд гаргачихалгүй хүнд хэцүү амьдарч байсныг Сэлэнгэ аймгийнхан мэднэ. 1994 оноос хойш 2014 оныг хүртэл 20 жил ямар ч орлогогүй цагийн хүндийг туулж явлаа.
Үр хүүхэд маань идэр гурван есийн хүйтнээр хөл нүцгэн, гутал нь ханзарсан амьдрал хүнд үед 2003 онд ууган охин маань дөнгөж 24-хөн насандаа өвдөж хэвтэрт орсон. Сэлэнгэ аймгийн сэхээн амьдруулах тасагт 14 хоног ухаангүй хэвтсэн. Эмч нар миний охиныг найдваргүй, эмчилгээ авахгүй, сэтгэлээ бэлд гэж хэлж байсныг тод санаж байна. Гэхдээ би бууж өгөлгүйгээр охиноо эмчлүүлэхийн тулд Багшийн дээдийн буудал дээр дуулж эхэлсэн. Улмаар ард түмний өглөгөөр охиноо хөл дээр нь босгож чадсан ч миний охины тархины үйл ажиллагаанд үхжилт үүсч эхэлсэн талаар сонсоход хүнд байна.
Би эх хүн. Өнөөдөр би яагаад төрийн хайраас гадуур орхигдож гудамжинд цагдаа нарт хөөгдөж, наймаачдад адлагдаж, архичдад дээрэлхүүлэх ёстой гэж. Тиймээс төрийн гурван өндөрлөгөөс дэмжлэг хүсч байна. Төр ард түмнээ дэмждэг юм бол намайг л дэмжмээр байна” гэв. Тэрбээр ярианыхаа төгсгөлд ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсч байгаагаа илэрхийлсэн юм.
Э.БУРАМ