УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан нь олон нийтээс багагүй шүүмжлэл хүртээд буй юм. Өмнө гаргасан Өршөөлийн хуулиудаас ялгаатай нь авлигачдыг өршөөсөн нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тиймээс өнөөдөр хэсэг залуус улс төрийн акц хийж, Өршөөлийн хуулиар эсэргүүцлээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, фейсбүүкийн залуучууд нэгдэж, өнөөдөр улстөрийн жагсаал зохион байгууллаа. Монголын либерал намынхан тэргүүтэй хэсэг залуус автомашинуудтайгаа төрийн ордон, төв талбайг тойрон гороолж Өршөөлийн хуулийг эсэргүүцэв. Монголын залуус бол Монголын ирээдүй. Монголын ирээдүйн боломжуудаас хулгайлсан, ирээдүйн сайн сайхан амьдрал, олон олон хүүхэд залуусын мөрөөдлийг нь, сургуулийг нь, цэцэрлэгийг нь хулгайлсан авлигачдаа өршөөснийг залуус ийнхүү эсэргүүцлээ.
Мөн Монголын либерал намын зүгээс УИХ-ын даргад таван заалт бүхий шаардлага хүргүүлсэн байна. Тодруулбал Нэгдсэн үндэстний байгууллагын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсон улс гэдгээ сана, Өршөөлийн хуулийг нээлттэй болгож, хууль батлахад гишүүдийн хэн нь дэмжиж, хэн нь эсэргүүцэж байсныг ил тод болгож иргэдийн мэдэх эрхийг ханга. Мөн Өршөөлийн хуулийн заалтууд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн ав гэсэн шаардлагыг УИХ-д тавьжээ.
Ямартай ч авлигын хэргийг өршөөлд хамруулсныг шүүмжилсэн уриа, лоозон барьсан 30 гаруй автомашинтай залуус Чингис зочид буудлаас төв талбай хүртэл эсэргүүцлийн цувааг ийнхүү зохион байгууллаа. Залуус жагсахдаа “Авлигачдын цагаадсан өдрөөс Монголын төр харлана”, “Өршөөлийн хуулийг дэмжсэн гишүүдийг ард түмэнд танилцуул” гэсэн лоозон машиндаа наасан байсан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Э.ЭНХБАТ