“Алтайн хүдэр”, “Скай резорд” ХХК-ууд Хөрөнгө оруулалтын газраас “Тогтворжуулах гэрчилгээ”-г гардан авлаа. Алтайн Хүдэр ХХК-ийн хувьд Таяннуурын төмрийн хүдрийн орд ашиглах төсөлдөө 11 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ гардсан бол Скай Резорт ХХК нь нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цанын бааз, гольфын талбайдаа найман жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээг гардав.
2013 оны аравдугаар сард баталсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу энэхүү гэрчилгээг гардуулсан байна. Хуульд заасан тодорхой шалгууруудыг хангасан хөрөнгө оруулагч, хуулийн этгээдэд “Тогтворжуулах гэрчилгээ” олгодог. Гэрчилгээ гардсан аж ахуйн нэгжүүдийн хувьд доор дурдсан татваруудыг 5-24 жилийн хугацаанд хувь, хэмжээг нь тогтвортой байлгах юм. Үүнд:
– Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
– Нэмэгдсэн өртгийн албан татвар
– Гаалийн албан татвар
– Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Роялти/ зэрэг ажээ.
Дээрх хоёр аж ахуйн нэгжид “Тогтворжуулах гэрчилгээ”-г олгохдоо Хөрөнгө оруулалтын газрын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг үндэслэсэн байна.
Д.ЦЭЭНЭ