Митаг нэртэй далайн шуурга Солонгосын хойгийг дайрснаар БНСУ-ын зүүн болон өмнөд хэсгээр үер бууж, хөрсний нуралт болж, дөрвөн хүн нас барж, хоёр хүн сураггүй алга болжээ. Солонгосын хойгийг дайрсан энэ жилийн долоо дахь далайн шуурга Лхагва гаригт загасчлалын Хэнам хотод хүрсэн ба өнөө өглөө Зүүн тэнгисийг чиглэсэн байна.
Өмнөд Солонгосын цаг уурын агентлагаас мэдээлснээр, шуурганы үеэр хур тунадасны хэмжээ Хойд Гёнсан мужид цагт 104,5 мм байсан нь 1971 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Мөн Ганвон мужид хур тунадасны хэмжээ цагт 67,4 мм байсан нь 1992 оноос хойшхи өндөр үзүүлэлт байв. Түүнчлэн тус мужид хөрсний гулгалт айлын байшинг дарснаас гэртээ унтаж байсан эмэгтэй нас баржээ. Үүнтэй төстэй хэрэг зүүн өмнөд хэсгийн Ёндок хотод болжээ.
Далайн шуурганы гамшгаас сэргийлэн Чежү арлаас 1500 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Онгоцны нислэгүүд өнөө өглөө 06.00 цагт хэвийн байдалдаа эргэж орсон бол тэнгисийн 100 орчим чиглэл хаагджээ.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ