Алтай Таванбогдод авиралт хийхээр яваад алга болсон АНУ-ын харьяат, 40 настай уулчныг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна. Түүнийг Онцгой байдлын алба хаагчид хууль хүчний байгууллагатай хамтран аймгийн хэмжээнд эрэн хайж байна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Сураггүй алга болсон уулчин Алтай Таванбогдод авиралт хийхээр явсан гэх ул мөр одоогоор олдоогүй аж. Түүний талаар ямар ч сураг гараагүй гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм.
Тэрбээр өнгөрсөн сарын 18-нд ууланд авиралт хийхээр явсан бөгөөд 20-ны өдөр буцаж ирэх ёстой байсан ч алга болсон билээ. Тухайн үед АНУ-ын иргэнийг ууланд авиралт хийхээр явж байсныг үзсэн харсан хүн байгаагүй аж. Өнөөдрийн байдлаар Алтай Таванбогдод цас орж, тус аймгийн нутгаар цаг агаар хүйтэрчээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ