ГХЯ төсвийн гүйцэтгэлээр 10.4 тэрбум төгрөг хэмнэжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

ГХЯ төсвийн гүйцэтгэлээр 10.4 тэрбум төгрөг хэмнэжээ

ГХЯ төсвийн гүйцэтгэлээр 10.4 тэрбум төгрөг хэмнэжээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар

“Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Хамтран ажиллах” тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээрийн төслийг тус тус хэлэлцэнэ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэлцэх асуудлын дараалалд ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг  нэмж оруулж өгөхийг хүссэн юм. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга А.Ганбат өнгөрсөн баасан гарагт үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-ЗХЖШ-ын дарга өвчний улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэх утга агуулгатай өргөдлийг Ерөнхийлөгчид өргөн барьсан. Орны хүнээр нь бригадын генерал Д.Ганзоригийг томилуулах саналаа УИХ-тай зөвшилцөхөөр хүсэлт гаргасан байна лээ. ЗХЖШ-ын даргыг маш яаралтай дэгээр томилох шаардлагатай ийм албан тушаал. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд саналаа оруулж ирсэн учир асуудлыг байнгын хороогоор яаралтай хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагатай.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Т.АЮУРСАЙХАН:

-Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргын нэр дээр 2019 оны аравдугаар сарын 01-ны өдөр ЗХЖШ-ын даргыг шинээр томилох асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д өргөн барьсан. Манай байнгын хороонд холбогдох материалуудыг УИХ-ын даргын зүгээс шилжүүлсэн. Тиймээс уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж байгаа тул хэлэлцэх эсэхийг санал хураалтаар шийдвэрлэнэ.

Ингээд Ж.Энхбаяр гишүүний гаргасан дээрх горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураахад гишүүдийн 75 хувиар уг саналыг дэмжлээ.Үүгээр хэлэлцэх асуудлын дөрөв дэх дараалалд орууллаа.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсийг хэлэлцэж эхэллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЭНХБАЯР:

-Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн 2018 оны орлого төлөвлөгөөнд бид 40 тэрбум төгрөг баталж өгсөн. Гүйцэтгэл нь 22.6, зөрүү нь 17.3 буюу Зэвсэгт хүчний Хөгжлийн сангаар дамжуулан хийгдэх төлөвлөгөөт ажлууд энэ хэмжээнд хийгдээгүй гэж ойлгож болох уу. Хоёрдугаарт, ГХЯ-ны төсвийг мөн өнгөрсөн онд нэмэгдүүлсэн. Гэтэл гүйцэтгэлээр урсгал зардалд 10.4 тэрбум төгрөг зарцуулаагүй хэмнэжээ. Үүний учир шалтгаан нь юу вэ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД:

-Засгийн газрын тусгай сангуудын нэг болох Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгө үндсэндээ гадаад эх үүсвэрээс бүрэлддэг. Энхийг сахиулах чиглэлийн цэргийн албан хаагчдын цалин, ашиглаж байгаа зэвсэг, тоног төхөөрөмжийн төлбөрт зарцуулагддаг. Өнгөрсөн онд 40 тэрбум төгрөгт төлөвлөгдсөнөөс тухайн жилдээ гүйцэт орж ирээгүй учраас бид төлөвлөсөн зүйлсээ хийж амжаагүй. Энэ жил ч гэсэн байдал хэвээр байгаа. НҮБ-аас нэг, хоёрдугаар улирлын ажиллагааны нөхөн төлбөр нь саяхан орж ирсэн. НҮБ-ын өөрийнх нь зарлага бүрдүүлэлт бас түвэгтэй байгаа юм билээ. Ялангуяа томоохон хандивлагчид нь сүүлийн үед зардал мөнгөө хугацаандаа өгөх нь хойрго болсон гэсэн.

ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН:

-2018 оны төсвийн гүйцэтгэлээр ГХЯ 10.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. Төв дээр 3.1 тэрбум төгрөгийн хэмнэлт, Дипломат төлөөлөгчдийн газруудад 6.4 тэрбум төгрөг гээд нийт 10.4 тэрбум төгрөгийн хэмнэлт болж байгаа. ГХЯ мэдээлэл, технологийн үйлчилгээний зардалд 990 сая төгрөг төлөвлөгдсөнөөс тухайн ондоо багтаагүй тул 2019 он руу шилжүүлсэн. Мөн олон улсын байгууллагуудад төлөх гишүүний төлбөрт 1.7 төлбөр хэмнэгдсэн. Мөн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжид нийт 148.8 сая төгрөгийн хэмнэлт гарсан. Засгийн газар хоорондын комиссын хуралдаан төлөвлөгдсөн хугацаанаас хойшлогдсон учир 38.6 сая төгрөгийн хэмнэлт гарсан. Дипломат төлөөлөгчдийн газруудад 6.4 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан нь бид Шанхай болон Манжуурт Ерөнхий консулын газар нээхээр 2018 оны урсгал төсөвт суулгасан байсан ч боловч Хятадын талаас зөвшөөрөл нь ирэхгүй он дамнасан учир мөн хэмнэлт гарсан. Диплом төлөөлөгчийн есөн газрын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 01-нээс нэмэгдүүлэхээр төсөвлөсөн ч мөн хойшлогдож 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжсэн учир 2018 оны төсвийн гүйцэтгэлд хэмнэлт гарсан.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Дипломат төлөөлөгчдийн байрыг засварлах мөнгө төсөвт суусан уу. Мөн Ёслолын өргөө бүрэн ашиглалтад орсон уу гэдгийг тодруулахад ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “2018 онд ГХЯ-д нийдээ 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн төсөв батлагдсан. Улаанбаатар хот дахь Кубын Элчин сайдын яамны 350 сая төгрөгийн их засварын ажил хийгдсэн.

Мөн дипломат төлөөлөгчийн газрын байранд их засвар хийх тэрбум төгрөгт тусгагдсанаас төлөвлөгөөний дагуу Москва дахь Элчин сайдын яамны байрны их засварт 500 сая төгрөг, Астана дахь Элчин сайдын яамны байрны засварт 200 сая төгрөг, Дели дахь Элчин сайдын яамны байрны засварт 100 сая төгрөг, Женев дахь Элчин сайдын яамны байрны засварт 75 сая төгрөг, Токио дахь Элчин сайдын яамны байрны засварт 50 сая төгрөг, Бээжин дахь Элчин сайдын яамны байрны засварт 75 сая төгрөг хуваарилж, засварын ажлууд бүрэн хийгдэж дууссан. Тоног төхөөрөмжийн хувьд Берлин, Астана дахь Элчин сайдын яамд сонгон шалгаруулалтаар автомашин худалдаж авсан” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж