Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө
Эрхэм хүндэт багш, ажилтан ажиллагсад, удирдах ажилтнууд, хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ Дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дахь өдрийн чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол эх орны маань гэрэлт ирээдүй, үе залгамжлах хүүхэд багачуудыг эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг бие бялдартай, чадамж өндөртэй, эх оронч сэтгэлгээтэй, дэлхийд өрсөлдөх Монгол иргэн болгон төлөвшүүлэх ариун их үйлсэд авьяас билиг, хүч чадал, хичээл зүтгэлээ зориулан ажиллаж буй та бүхний Монгол Улсынхаа хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг үнэлж баршгүй билээ.
2018-2019 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн боловсролын салбарын хамт олон амжилт бүтээлээр арвин байж Дүүргийн тэргүүний төрийн өмчийн цэцэрлэгээр Ц.Оюунчимэг эрхлэгчтэй 159 дүгээр цэцэрлэг, Дүүргийн тэргүүний төрийн өмчийн сургуулиар А.Бадамцэцэг захиралтай Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, С.Эрдэнэчимэг захиралтай 131 дүгээр бага сургуулиуд шалгарсанд нийт хамт олныхоо нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
2018-2019 оны хичээлийн жилд ЭЕШ-н дундаж онооны үзүүлэлт 546,1-д хүрч, өмнөх оны үзүүлэлтээс 13-ын пунктээр өсөж, нийслэлийн хэмжээнд 800 онооны амжилт үзүүлсэн 63 сурагчийн 32 сурагч нь тус дүүргийн сурагчид бөгөөд улс болон нийслэлийн хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тэргүүн байр, Хүүхдийн спортын 6 дугаар наадамд Сүхбаатар дүүргийн баг тамирчид амжилттай оролцож улсад тэргүүн байранд шалгарсан нь бид бүхний хамтын хичээл зүтгэлийн үр шим юм аа.
Элсэлтийн Ерөнхий шалгалтын дундаж оноог судлагдахуун бүрээр тогтмол дээшлүүлж ирсэн Ж.Соронзон захиралтай Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль, П.Түвшинтөр захиралтай Байгаль Эх лицей ахлах сургууль, В.Хоролгарав захиралтай 3 дугаар сургууль, Д. Бат-Орших захиралтай 31 дүгээр сургууль, биеийн тамир спортын тэмцээнд баг тамирчдаа тогтмол оролцуулж Улс, олон улсын түвшинд дүүргийн нэр хүндийг өндөрт өргөж яваа Ч.Зоригтбаатар захиралтай Спортын төв сургууль, олон улсын математикийн 60 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон Д.Цогзолмаа захиралтай 1-р сургууль, Д.Энхжаргал захиралтай 11 дүгээр сургуулийн хамт олондоо чин сэтгэлийн халуун баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг өргөн дэвшүүлье.
Дүүргийн боловсролын салбарын амжилт бүтээл нь тус дүүргийн ИТХ, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дэмжлэг туслалцаанд тулгуурлан байдгийг онцгойлон тэмдэглэх нь зүйтэй. 2018-2019 оны хичээлийн жилд дүүргийн төсвийн 3 тэрбум есөн зуун наян есөн сая төгрөгний хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн 6 сургууль, 10 цэцэрлэгт сургалтын орчин, хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох нөхцлийг сайжруулах тохижилт, үйлчилгээний 21 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж буй явдалд боловсролын салбарын хамт олны нэрийн өмнөөс дүүргийн удирдлага нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал дэвшүүлж ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Та бүхний өнөөдрийн оруулж буй хөрөнгө оруулалт ирээдүйд 100 дахин их үр өгөөжөө өгөх болно.
Монголчууд бид, багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Эрдэм мэдлэг нь улс, нийгмийн хөгжлийн хамгийн гол хүчин зүйл болж байгаа 21-р зуунд багш, сурган хүмүүжүүлэгчид маань эх орон ард түмнийхээ итгэлийг дааж улам ихийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Та бүхэндээ нарт ертөнцөд байхгүй нандин сайхан үйлстээ улам өндөр амжилт олохыг хүсэн ерөөе.
Д.АДЪЯАСҮРЭН
Холбоотой мэдээ