-Миний хүү ямар мэргэжилтэй болмоор байна вэ?
-Мөнгө олдог л мэргэжилтэй болъё.
***
-Найз аа аминчлан захих юм байнаа. Охин маань сургууль төгсөөд ажилд оролгүй жил боллоо. Аялал жуулчлалын мэргэжилтэй, англи хэлтэй. Гэвч ажил олдохгүйм. Ажил мэдэж байгаарай. Худалдагч, зөөгч хийлгээд зэврээчихмээргүй байдаг…
***
Чихний үзүүр шүргээд өнгөрөх энэ мэт яриаг хаана ч сонсож болно. Мэргэжил, боловсролд хандаж буй бидний нийтлэг дүр төрх энэ. Дээд боловсрол эзэмшчихвэл сайхан амьдардаг жишиг аль социализмын үетэйгээ өнгөрсөн ч үзэл хандлага нь хүмүүсийн зүрх сэтгэлд нэвт шингэж үлджээ. Ингэхэд дээд боловсрол, эзэмшсэн мэргэжил амьдралын баталгаа, аз жаргалын түлхүүр, мөнгө төгрөгтэй элбэг хангалуун байхын эхлэл мөн үү. Хүн бүр элбэг хангалуун, амар амгалан амьдралын төлөө хөдөлмөрлөдөг биз дээ. Тэгвэл тэр хүсээд байгаа бүхнийг дээд боловсролоос олчихдог бол гурван сая монголчууд өнөөдөр толгой өвтгөхгүй аж төрж баймаар.
Гэтэл хүн амын гуравны нэг нь /27 хувь/ орлого багатай ядуу гэсэн ангилалд багтаж байна. Ядуу, баян ялгаагүй айл бүрт 1-2 дээд мэргэжилтэн хийх ажилгүй эрхэмсэглэж суугаа. Мэргэжилгүй л бол үхэх нь гэсээр 4-6 жил суралцаж, багаар бодоход 15-20 сая төгрөг зарлагадан байж олж авсан дээд мэргэжил тэдэнд хүссэн аз жаргалыг өгсөн үү гэвэл үгүй. Айл өрхийн орлого бага байх тусмаа эдийн засгийн дарамт шахалт хүндээр тусдаг гэдгийг мэргэжилтнүүд онцолдог. Өнөөдөр бэлтэйхэн айлын хүүхдүүд бол Монголдоо сурахаас илүүтэй гадаадын улс орныг илүүд үзэж байгаа. Харин ядуу, дунд орлоготой иргэд цалин, тэтгэврийн зээл хийгээд ч бол хүүхдээ дээд мэргэжил эзэмшүүлэхийг хичээх болжээ. Дээхэндээ бол наймдугаар анги төгсөгчдийн бараг тал хувь нь тусгай дунд мэргэжил эзэмшихээр ТМС-д суралцдаг байлаа. Одоогийнхоор бол МСҮТ л дээ. Харин одоо есдүгээр анги төгссөн нэг ангиас 4-5 хүүхэд л МСҮТ рүү хүчээр шахам орж байна. Ингэхэд их, дээд сургууль амьдралын баталгаа мөн үү, МСҮТ, их сургууль төгсөхийн ялгаа юү вэ гэдгийг ярилцахыг хүслээ.
Судалгаанаас үзэхэд дээд боловсролтой 49 төгсөгчид нэг ажлын байр оногдож байгаа бол эсрэгээрээ мэргэжлийн дунд боловсролтой нэг төгсөгчид 2.6 ажлын байр, харин мэргэжлийн анхан шатны боловсролтой төгсөгчид 3.8 ажлын байр оногдож байгаа ажээ. Их дээд сургуульд суралцагчид элсэлтийн ерөнхий шалгалт, их сургуулийн босго оноо, араас нь сургалтын төлбөр, дотуур байрны хөлс, автобус унаа, өдрийн ундны мөнгөнөөс эхлээд өдий төдий зарлага гаргаж байх зуур МСҮТ-д суралцагчид стипенд авч, дадлагын ажлаараа цалинжихын дээр хоёр жил ажиллаад л ажлын талбарт гарч байх жишээтэй.
Диплом өвөртөлсөн дээд мэргэжилтэн 48 хүнтэй өрсөлдөж арайхийн ажилд орлоо гэхэд амьдралд хүрэлцэхүйц хэмжээний цалин авч чадаж байгаа юу.” Нэг л өдөр хаан болно” хэмээн мөрөөдсөөр төрийн алба бараадсан олон хүн доод, дунд шатнаасаа ахилгүй зүтгэсээр тэтгэвэртээ гарч байна. Дээрээс улс төрийн ороо бусгаа салхи дээрээс татаасгүй бол хийсгэчих гээд хичнээн зовлонтой. Хувийн хэвшилд ч ялгаагүй гойд чадвартай нэгэн биш л бол эзэнтэн нэг л өдөр “баяртай” гээд үүдээ хаачихна.
Гэтэл МСҮТ төгсөгчид болон огт сургууль төгсөөгүй хэр нь гараа хөдөлгөж, тархиа ажиллуулаад дээд боловсролтноос дутахгүй аж төрж буй жишээ олон бий. Гар хөдөлбөл ам тосдоно гэдгийг биеэрээ мэдэрсэн дунд мэргэжилтнүүдэд их сургууль төгссөн их зантнуудаас давуу тал маш их байдгийг захын ажил олгогч хэлэх юм билээ. Хүний удирдлаган дор ажиллаж сурсан, ажлын хүндээс халширдаггүй, шалтаг тоочсон илүү дутуу үггүй, ядахдаа л цаг барихдаа дээд мэргэжилтнээс илүү байдаг гэнэ. Жилээс жилд цөөрсөөр байгаа мэргэжилтэй ажилчин хүний цалин өнөөдөр хуурай дээд мэргэжилтнээс дутахааргүй өндөр болсныг статистик харуулдаг.
Ийм байтал их хэмжээний төлбөр мөнгө, цаг зав урсган байж дээд боловсрол руу хошуурах хэрэг байна уу. Үнэхээр оюуны чадамжтай хүүхдүүдийг сургахсан гэх нь буруу биш. “Манай энэ ч барахгүй дээ. Гэхдээ яая гэхэв, ганц хүүхдээ бусдаас дутаагаад яахав” хэмээн байдгаа барж суугаа хүмүүс олон байна. Арга ядсандаа алхаж орсон их сургуулийн дөрвөн жилд таны хүүхэд танигдахгүй болтлоо муу зан сурна. Хичээлдээ гавихгүй хэр нь брэнд хөөсөн, бусдыг хуулбарласан оюунгүй оюунтнууд захаас аван зөндөө бий. Бусдаас дутаахгүй гэсэн эцэг эхийнхээ хичээл зүтгэлийг залхуурал, цамаан зангаар хариулбал бүү гайхаарай.
Жил бүрийн наймдугаар сард их дээд сургуулийн төлбөрийн нэмэгдэл халуун сэдэв болдог. Хамгийн өндөр төлбөр 3-4,5 сая болчихлоо хэмээн оюутнууд аав ээжтэйгэ хамт бухимдаж байна. Гэтэл өнөөдөр хувийн цэцэрлэгийн сарын төлбөр 350 мянган төгрөгт хүрсэн. 10 сараар үржүүлэхээр зарим их дээд сургуулийн сургалтын төлбөрөөс хавь илүүг төлж хүүхдээ цэцэрлэгт хүмүүжүүлж байна. Сургуулийн өмнөх боловсрол хүүхдийн хүмүүжлийн суурийг тавьдаг нь маргаангүй ч мэргэжил олгох сургалт түүнээс хямд байх ёстой гэсэн хууль хаана байна. Насан туршдаа хоолоо олж идэх боловсролыг хямд олгож байгаагаас толгойтой бүхэн их дээд сургууль руу хошуурч байна биш үү. Сүүлийн жилүүдэд МСҮТ-ийн элсэлт 4-5 хувиар өсч байгаа гэх ч МСҮТ-ийг зорих зам бүдэг хэвээр байна. МСҮТ, их сургууль төгсөгчдөд амьдралын чанарын хувьд ялгаа алга. Эзэн хичээвэл МСҮТ төгсөөд ч сайхан амьдарч болно.
Их сургуулийн төлбөр харин ч хямд байна, дээд боловсрол дэндүү хямд байна. Чанартай сайн сургуулиуд төлбөрөө дахиад сайн нэмээсэй. Тэр цагт жинхэнэ шилдгүүд л их сургуульд үлдэнэ. Түүний дараа шилэгдсэн хэрнээ мөнгөгүйгээс сурч чадахгүй байгаа оюун төгс залуустаа туслаасай.
М.СУРА