"Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 47 хувиар өссөн" | News.MN

"Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 47 хувиар өссөн"

"Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 47 хувиар өссөн"

"Согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг 47 хувиар өссөн"

Нийслэл хотод үйлдэгдэж буй гэмт хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөлийн талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөнтэй ярилцлаа.


-Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчил ямар байна вэ. Хичээл сургууль эхэлсэн эхэлсэн энэ үед гэмт хэргийн гаралт нэмэгддэг байх?

-Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 17 мянга 564 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээрийн 66.7 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт үйлдэгдэж буй гэмт хэрэг 2961 хэргээр буурсан. Ангиллаар нь авч үзвэл он гарсаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 4000 гаруй хэрэг бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 14 хувиар буурсан. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг нь бусдын биед хүнд болон хөнгөн гэмтэл учруулах, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг энэ төрлийн хэрэгт хамаардаг.

Гэр бүлийн хүчирхийлэл энэ он гарсаар 424 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар буурсан. Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг энэ он гарсаар 5756 бүртгэгдсэн бол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 2200 хэргээр буюу 27.7 хувиар буурсан.

Согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг эхний есөн сарын байдлаар өссөн. Өнгөрөгч есдүгээр сард архидан согтуурахтай холбоотой гэмт хэрэг 1306 бүртгэгджээ. Үүнийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 47 хувиар өссөн байна. Нийгэмд архидан согтуурах явдал маш их байна. Тухайлбал, шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж буй иргэдийн тоо өсч оюутан залуус архи хэтрүүлэн хэрэглэх явдал гарч байна. Залуучууд ямарваа нэгэн тэмдэглэлт өдрийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэж чадахаа байсан харагдаж байна.

-Архидан согтууралт нэмэгдээд ирэхээр түүнийг дагаад эрүүлжүүлэгдсэн хүний тоо өссөн үү?

-Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч оны байдлаар 34 мянга 300 хүн эрүүлжүүлэгдсэн. Харин энэ он гарсаар 52 мянган хүн эрүүжүүлэгдсэн байна. Тэгэхээр эрүүлжүүлэх байрны ачаалал 20 мянган хүнээр нэмэгджээ. Хоногт нийслэлийн хэмжээнд 220-280 хүн эрүүлжүүлэгддэг. Өнгөрсөн Баасан гаригт бид нар хяналт шалгалт хийхэд зөвхөн Баянгол дүүргийн "Өргөө" орчмын автобусны буудал дээрээс 11 хүнийг эрүүлжүүлсэн. Цагдаагийн байгууллагаас дуудлага ихэсдэг 5-6 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй шуурхай бүлгийг дүүргийн нутаг дэвсгэрийг бүсчлээд ажиллуулж байгаа. Дээр нь зөрчил гаргасан 4275 хүнийг шүүхийн шийдвэрээр баривчлуулсан. Өнгөрсөн жилийн эхний есөн сарын байдлаар 1486 хүн баривчлуулж байсан бол энэ жилийн хувьд баривчлагдсан хүний тоо гурав дахин өссөнийг харж болно.

Архи согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй иргэдийн тоо ихэссэн. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийн хохирогчийн 92 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Гэр хүчирхийллийг өмнө нь зөвхөн бусдын биед гэмтэл учруулсан тохиолдолд хэрэг үүсгэдэг байсан бол одоо зөрчил гаргасан үйлдэл бүрийг шийдвэрлэнэ. Нэг ёсондоо дуудлага болгоны шийдвэрлэлтийг ахиулсан. Жишээлбэл нийслэлийн хэмжээнд хоногт 1500 дуудлага ирдэг байсан бол 1100 руу орж ирсэн. Өөрөөр хэлбэл дуудлага багасч байна гэдэг нь гэмт хэрэг зөрчил буурах үндсэн шалтгаан юм. Бид гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг авсан бол заавал шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Гэмт хэргийн мэдээллийг тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг дараад өнгөрөх биш шуурхай дамжуулж чаддаг болжээ. Энэ оны статистикаас харахад нийт гэмт хэрэг 14 хувиар буурсан. Гэмт хэрэг буурахад нэг талдаа иргэдийн хариуцлага, хууль эрх зүйн ухамсар дээшилсэн гэж харна. Нөгөө талдаа цагдаагийн байгууллага албан хаагчдын иргэдтэй харилцсан үр дүн гэж хэлж болно.

-Шөнө оройн цагаар гэмт хэргийн гаралт ихэсдэг. Тэр дундаа шөнийн цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллах зөрчил нэлээдгүй гардаг. Цагдаагийн байгууллагаас дээрх асуудалд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ?

НЦГ-аас “Эмзэг цэг” арга хэмжээг хоёр жил дараалан явуулж байна. Нийслэл хотод гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тодорхой объектууд байдаг. Тухайлбал, гудманд биеэ үнэлэгч нарын цэг, цаг хэтрүүлж ажилладаг хүнсний дэлгүүр, архи “шагладаг” дэлгүүр гэдэг юм уу тодорхой цэгүүдийг бид хяналтандаа авч дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчдыг нэгдсэн журмаар зохион байгуулалтад оруулж ажиллаж байна. Энэ хяналт шалгалтыг бид өдөр бүр тасралтгүй зохион байгуулж байна. Ингэхдээ дүүрэг болгоноос тодорхой алба хаагчдыг шөнө бүр ажиллуулж байгаа. Хэлтэс, дүүрэг бүрээс тодорхой тооны алба хаагчид эмзэг цэгүүдэд хяналт шалгалт хийсэн. Тухайлбал, он гарсаар 65 мянга гаруй аж ахуй нэгжийг шалгасан. Харин өнгөрөгч есдүгээр сард 9607 баар, 11335 аж ахуй нэгж шалгалтад өртсөнөөс 2270 зөрчил илэрсэн. Мөн дээрээс нь тухайн аж ахуй нэгжүүд хууль ёсны зөвшөөрөл байна уу гэдэгт бид хяналт шалгалт хийдэг. Огт зөвшөөрөлгүй ажиллаж буй 1410 зөрчил илэрсэн. Ингээд зөрчил бүрт хуульд заасан хариуцлага оногдуулаад явж байна. Нийтдээ архи согтууруулах ундаагаар үйлчилдэг удаа дараа зөрчил гаргасан 46 ААН тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлсэн.

Өнгөрсөн жил 37 ААН тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал хүргүүлсэн. Цагдаагийн байгууллага холбогдох байгууллагад тусгай зөвшөөрөл цуцлах саналаа хүргүүлдэг. Захирагчийн ажлын албанаас дээрх газруудын тусгай зөвшөөрлийг цуцалдаг. Цаашдаа бид удаа дараа зөрчил гаргаж буй ААН-үүдийг цаг хэтрүүлэн ажилладаг тоглоомын газруудыг удаа дараа эрхийг нь цуцлуулах саналыг хүргүүлнэ. Нэг зүйлийг онцлоход цахим тоглоомын газрын ажиллах цагийн хуваарь 23.00 цаг хүртэл байдаг. Өвлийн цагт 20.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай. Нэг удаа тоглож буй иргэн хоёр цагаас дээш тоглож болохгүй байтал шөнөжингөө цаг хэтрүүлэн тоглодог байдал түгээмэл байна.

-Сүүлийн үед гулгаа массаж нэрийн дор биеэ үнэлэх явдал газар авч байна. Үүнд цагдаагийн байгууллагаас ямар хяналт тавьдаг юм бол?

-Гулгаа массаж, нэрээр биеэ үнэлэх тохиолдлууд илэрч байна. Тухайлбал Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 албан даалгавар гэж гарсан. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн болон гэрлэн дохионы шон дээр наагдсан заруудыг хуулах дээрх заруудад хяналт шалгалт явуулах даалгаврыг өгсөн. Үүний дагуу 2700 орчим зарыг хуулж авсан бөгөөд 30 гаруй тохиолдлыг илрүүлсэн. Ялангуяа тухайн утасны цаана ямар хүн биеэ үнэлээд байна вэ, ямар хүн биеэ үнэлэх ажлыг зохион байгуулаад байна вэ гэдэгт дүүргүүдийн цагдаагийн газрын эрүүгийн тасгийнхан ажилласан.

Зөрчлийн тухай хуулийн 6.18-т зааснаар биеэ үнэлсэн бол 50 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Өмнө нь хэрэгжиж байсан хуульд биеэ үнэлж бусадтай явалдсан бол 7-14 хоног баривчлах зохицуулалттай байсан. Биеэ үнэлсэн иргэнийг торгохоос гадна биеэ үнэлэгчийг худалдаж авсан хүнийг Зөрчлийн тухай хуулиар торгоно. Гэхдээ ийм зөрчил маш бага бүртгэгдсэн.

Нийтдээ нийслэлийн хэмжээнд биеэ үнэлэлт явагддаг 10 гаруй цэг байдаг. Улаанбаатар зочид буудлын автобусны буудал, Хөдөө аж ахуйн буудал, “Саппоро” үйлчилгээний төв гэх мэт цэгүүд байсан. Энэ цэгүүдэд цагдаагийн явуулын пост тавьсан. Тухайлбал, “Саппоро”, “Хархорин” захын автобусны буудалд явуулын пост тавьсан. Цаашид бид Хөдөө аж ахуй яамны автобусны буудалд явуулын постоо явуулна.

-Сургуулийн орчинд эд зүйлсээ алдах гэмт хэрэг нэлээдгүй өсч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

Дээрэмдэх гэмт хэрэг энэ оны эхний есөн сарын байдлаар 675 бүртгэгдсэн. Үүнийг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 500 хэргээр 42.6 хувиар буурсан. Гэвч өнгөрөгч есдүгээр сард дээрэмдэх гэмт нэлээдгүй бүртгэгдсэн. Тухайлбал, Баянзүрх, Баянгол дүүрэгт ганц нэгээр явж байгаа хүмүүсийг бүлэглэн дээрэмддэг ийм этгээдүүдийг НЦГ-ын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн олж тогтоосон. Өнгөрөгч есдүгээр сард дээрэмдэх 50 гэмт хэрэг бүртгэгдсэний 35 нь шөнийн цагаар бүртгэгдсэн. Үйлдэгдсэн цаг хугацааг нь харвал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шөнө оройн цагаар гэртээ харих гэж байгаад эд зүйлээ дээрэмдүүлсэн байдал ажиглагдаж байна.

Мөн дээрх гэмт хэргээс гадна Ерөнхий боловсролын сургуулийн 15 хүүхэд эд зүйлээ дээрэмдүүлсэн хэрэг бүртгэгдсэн. Иймээс дүүргийн цагдаагийн газарт энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнгөрөгч сарын 20-нд хүргүүлээд байна. Түүнчлэн хичээл тарах цагаар хүүхэд гэр лүүгээ харих замдаа гэмт хэргийн хохирогч болж байгаа нь нэгдүгээрт эцэг эхийн хариуцлага сул, хоёрдугаарт сургуулийн орчимд хараа хяналт сул байгаатай холбоотой.

Цагдаагийн байгууллагаас сургуулийн удирдлагуудад энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх зөвлөмж хүргүүлж, уулзалт хийсэн. Мөн нийслэлийн 152 хороонд хүүхэд хамгаалагч нар ажилладаг. Ингэснээр сургуулийн хүүхдийн хичээл эхлэх тарах цагуудад хүүхэд хамгаалагч нар эргүүлийн зарчмаар хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллана.

-Ярилцсанд баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-03 68.100.237.110

Engertee khichneen tumur zuudeg um be ?

Avatar

Зочин 2019-10-03 202.126.88.160

zuu gej l ugsun yum chini zuuhgui uur yah bilee. hadgalah uu tegeed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж