Нутгийн хойд хэсгээр өнөөдөр түр зуурын дуу цахилгаантай усархаг аадар бороо орж болзошгүй тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Харин Алтай, Хангайн уулархаг нутгаар 18-23 хэм, говийн нутгийн баруун хэсэг болон Дарьгангын тал нутгаар 32-37 хэм, говийн нутгийн зүүн хэсгээр 36-41 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна. Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй, салхины хурд 7-12 м/с, 28-30 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тус хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албаны ерөнхий инженер н.Цогтоос ирэх долоо хоногт цаг агаар ямар байх талаар тодуулахад “Энэ сарын 26-29 хүртэл нутгийн хойд болон төв зүүн зүгийн нутгаар түр зуурын бороо орох төлөвтэй байгаа. Борооны өмнө салхины хурд зарим үед 18-20 м/с хүрч, ширүүсэх тул газар тариалан, мал аж ахуй эрхлэгчид анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Ихэнх хугацаанд говь, талын нутгаар халуун үргэлжлэх бөгөөд 28-нд нутгийн баруун хэсгээр 29-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 17-22 хэм, Говь, талын нутгаар шөнөдөө 31-36 хэм, бусад нутгаар өдөртөө 23-28 хэм дулаан байна. Харин ирэх наймдугаар сарын сүүлийн арав хоногт огцом сэрүүсэх төлөв ажиглагдаж байна” гэлээ.
Д.Долгор