Путины эрдэмтэн, хөрөнгө оруулагч охин Мария

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Путины эрдэмтэн, хөрөнгө оруулагч охин Мария

Путины эрдэмтэн, хөрөнгө оруулагч охин Мария

ОХУ-ын биологич Денис Ребрик сонсголын бэрхшээлтэй хосоос төрсөн хүүхдийн ДНК засах замаар удамшлын эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой талаарх шинжлэх ухааны өгүүллээ Nature сэтгүүлд нийтлүүлсэн. Энэхүү өгүүлэл нь ОХУ-ын эрдэмтдийн дунд нэлээд шүүмжлэл дагуулсан төдийгүй салбартаа хамгийн нөлөө бүхий эрхэм болох Мария Владимировна Воронцоватай нууц уулзалт хийхэд хүргэсэн билээ.

Мария Владимировна Воронцоваг "Bloomberg" агентлаг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины том охин хэмээн зарлаад байгаа билээ. Энэхүү мэдээлэл олон нийтэд тарснаас хойш Мария гэж хэн болох, түүний бизнесийн талаар Bloomberg, BBC тэргүүтэй дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлсээр байна.

NEWS агентлаг энэ долоо хоногийн “ХҮМҮҮС” буландаа Мария Владимировна Воронцоваг онцолж байна.

БЛИЦ:

  • Овог нэр: Мария Владимировна Путина /Воронцова, Фаассен/
  • Төрсөн он сар өдөр: 1985 оны дөрөвдүгээр сарын 28
  • Төрсөн газар: ЗХУ, Ленинград хот /Санкт-Петербург/
  • Гэр бүлийн хүн: Йоррит Фаассен
  • Мэргэжил: Хүүхдийн эндокринологич
  • Бизнес: "Номеко" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, хувьцааны 20 хувийг эзэмшигч

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэлхий нийт хоёр охинтой гэдгийг мэднэ. Гэхдээ тэднийг яг хэн гэдгийг нь тэр бүр сайн мэдэхгүй, ноён Ерөнхийлөгч ч энэ тухай олон нийтэд дэлгэхийг хүсдэггүй аж. Тэрбээр 2012 онд анх удаа хэвлэлд охидынхоо талаар ам нээхдээ “Бидний амьдрал үргэлжилж л байна. Хүүхдүүд Москвад суралцаж, хажуугаар нь ажил хийцгээж байна. Тэдний хувьд хувийн амьдрал, карьер гээд бүх зүйл хэвийн. Би охидоороо бахархдаг” гэсэн удаатай.

Бага охин Катерина Тихоновагийнх нь талаар мэдээлэл хомс. Гэхдээ тэрбээр 30 нас хүртлээ долоон овог ашиглаж байсан гэдэг.

Харин Bloomberg агентлаг ОХУ-ын хүүхдийн эндокринологич, салбартаа нөлөө бүхий Мария Воронцоваг Путины том охин хэмээн зарлаад байгаа юм. Мария Владимир Путины тухай өгүүлсэн нэгэн номд бантиктай 5-6 насны охиноор дүрслэгдсэн байдаг ажээ.

Тэрбээр 1986-1990 оны хооронд Герман улсад өссөн бөгөөд бүрэг хүүхэд байсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Мария Санкт-Петербург хотод байрладаг Петершуле Германы дунд сургуулийг төгссөн бөгөөд 14 настай байхад нь түүний эцэг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

2002 оны ерөнхий боловсролын сургуулиа төгссөн бөгөөд 1999 оны намар ганцаарчилсан сургалтад хамрагджээ. Тэр цаг мөчөөс хойш тэрбээр дунд сургуулиа төгсөн төгстлөө үндсэн ангидаа харагдаагүй гэдэг.

Ингээд Мария Санкт-Петербургийн их сургуулийн элсэлтийн шалтгалтын үеэр буюу 2004 онд анх удаа олны өмнө ил гарч ирэв. Энэ үед их сургуулийн бүх багш, ажилчдад охины талаар хэвлэл мэдээлэл болон хоёр, гуравдагч этгээдэд дэлгэрэнгүй ярихыг хориглож байв. Элсэлтийн шалгалтын дүн гарч, Мария Санкт-Петербургийн их сургуулийн Биологи-Хөрс судлалын сургуулийн өдрийн ангид элссэн гэх боловч хэн ч түүнийг сургууль дээр харж байгаагүй гэдэг.

2009 онд хэвлэл мэдээллийн агентлагууд Мария Путинаг нөхөрт гарсан тухай шуугих болов. Энэ үед түүнийг Александр Проханов хэмээх чинээлэг залуутай гэр бүл болсон гэх мэдээлэл цацагдаж байлаа.

De Telegraaf сонинд нийтлэгдсэн мэдээллээр, 2013 оны эхээр Путины том охин Нидерландын Ворсхотен хотод Йоррит Фаассен хэмээх залуутай хамтран амьдарч буй гэх мэдээлэл гарчээ. Йоррит Фаассен бол “Стройтрансгаз” болон “Газпром” зэрэг компанийн тэргүүлэх ажилтан байв. Голландын сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, тэрбээр 2009,2011 онд Голландад гурван байшин худалдан авсан ч Москвагийн хаяг дээр бүртгүүлжээ. Тэрхүү байшинд Мария Путина амьдарч байх магадлалтай гэх мэдээлэл цацагдаж байв.

2012 оны наймдугаар сарын 15-нд Болгарын BTV news-ийн мэдээлж буйгаар, Путины охин аавдаа зээ хүү төрүүлж өгчээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг төв эмнэлгийн дөрвөн давхарт төрсөн бөгөөд Путин зээ хүүгээ эргээд амжсан гэгддэг.

Энэ талаарх мэдээллийг Болгарын сэтгүүлч орос эх сурвалжаас дэлгэрэнгүй олж авсан ч энэ нь улсын нууц тул гадагш нь задруулаагүй ажээ. Гэхдээ тэрбээр Путины зээ хүүг наймдугаар сарын 15-ны 09.00 цагт төрсөн гэдгийг блог хуудсаараа дамжуулан мэдээлэв.

2013 оны дөрөвдүгээр сарын Владимир Путин Нидерландад айлчилсан нь охиноо эргэх зорилготой байсан гэж тус улсын хэвлэлүүд онцлов.

2016 оны зун зарим хэвлэл мэдээллийн агентлагууд Марияг авто ослоор өөд болсон гэж шуугиж байсан ч энэ мэдээлэл худал болох нь тогтоогдсон юм.

Сураг тасраад байсан Мария Владимировна 2018 оны долдугаар сарын 18-нд “Россия-1” телевизийн “Вести” мэдээллийн хөтөлбөрөөр гарсан Владивостокт зохион байгуулагдсан “Цахим эрүүл мэнд” мастер классын тухай мэдээгээр дахин олны өмнө ил гарч ирэв. Түүний албан тушаалыг тухайн үед хүүхдийн эндокринологич, ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх эндокринологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан хэмээн цоллож байв.

МАРИЯ ВЛАДИМИРОВНА ВОРОНЦОВАГИЙН БИЗНЕС

Мария Владимировна Воронцова “Эрүүл мэндийн шинэ компани” буюу /Номеко/ ХК-ийн ТУЗ-ын гишүүн бөгөөд тус компанийн хувьцааны 20 хувийг эзэмшдэг. Номеко ХК нь 2019 оны нэгдүгээр сард Санкт-Петербург хотноо бүртгүүлсэн бөгөөд 40 тэрбум рублийн үнэ бүхий олон төрлийн үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн цогцолбор бүтээн байгуулах төслийг хэрэгжүүлдэг.

2019 оны долдугаар сарын эхээр “Россия-1” телевизээр “Энх тайвны атом: ОХУ цөмийн эрүүл мэндийн төвтэй болно” гэх зохиомж гарав. Энэхүү зохиомжид 2021 онд гэхэд Санкт-Петербург хотод цөмийн эрүүл мэндийн төв бий болох тухай “Номеко” компанийн ТУЗ-ын гишүүн Мария Воронцова ярьж байв.

Үүнээс гадна 2016 оны хоёрдугаар сарын нэгнээс “The New Times” сэтгүүл “Улс эх орны тэргүүн охин” хэмээн гарчигтай эрэн сурвалжлах нийтлэл гарах болов.

Эрэн сурвалжлах нийтлэлээр Мария Путинатай нэг өдөр төрсөн шаргал үстэй эмэгтэй АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны ойролцоох долоон давхар байшинд амьдарч байгаа талаар мэдээлэл гарав. Шаргал үст бүсгүй тэрхүү байшинд оршин суух болсноор байшинг ОХУ-аас Дотоод хэргийн яамнаас хамгаалж, ойр хавьд нь зураг дарахын хориглож, байшин руу нэвтрэх гарц, орцыг хаах болов.

Тэрхүү шаргал үст эмэгтэйг Мария Владимировна Воронцов гэх бөгөөд Москвагийн их сургуулийн Анагаах ухааны факультетийг улаан дипломтой 2006-2011 онд төгссөн гэх мэдээлэл эрэн сурвалжлах нийтэлд гарав. Үүний зэрэгцээ, бүсгүй дөрвөн овогтой байжээ. Тэрбээр Москвагийн их сургуулийн аспирантурын төгссөн бөгөөд Анагаахын шинжлэх ухааны хэргэм цол хүртэхдээ Мария Фаассен гэх овогыг ашиглав. Фаассен гэх овог бол түүний нөхрийг овог аж. Улмаар тэрбээр шинжлэх ухааны өгүүллээ нөхрийнхөө овог дор нийтлүүлдэг болжээ.

Мария Фаассен “Альфа-Эндо” хэмээн хүмүүнлэгийн төсөлд идэвхтэй оролцож, дотоод шүүрлийн өвчтэй хүүхдүүдэд тусалдаг ажээ. Мөн тэрбээр Москвагийн их сургуулийн оюутны “Ирээдүйн эмч” клубт лекц уншдаг юм байна. Лекцийн үеэр түүнийг зургийг авахыг хориглодог ажээ.

“The New Times” мэдээлж буйгаар Мариягийн дипломны удирдагч болох И.И.Дедов ОХУ-ын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч болов. И.И.Дедов тэрхүү албан тушаалд олон жил өрсөлдсөн ч томилогдож чадахгүй байсаар ирсэн нэгэн билээ. Харин түүний хүү хүний эрхийн европын шүүхийн шүүгчээр томилогдов. Мөн ОХУ-ын Засгийн газраас хүүхдийн эндокринологийн төв байгуулахаар болж, 6.6 тэрбум рубль төсөвлөв. Тус төвийн барилгын ажилд Ерөнхий сайд Дмитрий Медведев анхаарал тавьдаг ажээ.

Үүний зэрэгцээ, сэтгүүлчид Мария Воронцовагийн сошиал сүлжээг шалгаж эхэлсэн ажээ. Гэхдээ түүнийг ямар сошиал ашигладаг талаар огт дурдаагүй аж. Тэрбээр өөрийн олон нийтийн сүлжээнд хүүгийнхээ зургийг ихэвчлэн оруулдаг юм байна. Мөн Голланд, Герман, Щвейцарь тогооч, Японы жүжигчин, Украины найруулагч, Канад, Англи, Шведийн багш, бизнес эрхлэгчид болон ЛГБТ зураач болон фитнес дасгалжуулагч зэрэг хүмүүстэй цахим орчинд найзууд ажээ.

Мөн тэрбээр цахим орчинд Гейшагийн дурсамж, Матрикс, Дюна зэрэг кино үзэх дуртай хэмээн зааж өгсөн байна.

Энэ бүгдээс нь харахад Мария Европтой илүү ойр, элэгтэй гэдэг нь тодорхой юм хэмээн The New Times дүгнэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж