Хог түүх аянд нэгдсэн С.Одонтуяа 83 шуудай хог түүсэн үү

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

Хог түүх аянд нэгдсэн С.Одонтуяа 83 шуудай хог түүсэн үү

 

Залуус “Хог bucket challenge” аяныг өрнүүлж, сошиал ертөнцөөр нэгнээ дуудсаар байгаа билээ. Тэгвэл энэхүү аяны дуудлага УИХ-ын гишүүн С.Одонтуяад очсон юм. Аяны зорилго нь хоггүй цэмцгэр нийслэлийг бий болгохын төлөө бөгөөд аянд дуудагдсан хүн гурван шуудай хог түүсэн бол зургаа өөрийн фэйсбүүк хуудсандаа оруулах ёстой. Хэрвээ хогоо түүж амжаагүй бол ТҮК-ийн гурван ажилтанд тус бүр 20 мянган төгрөгөөс доошгүй үнийн дүнтэй үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн бэлэглэх дүрэмтэй. Тэгэхээр нэг шуудай хог нь нэг хүний бэлэгтэй тэнцэж байна гэсэн үг.

 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа дуудлагыг хүлээн авч, өөрийн сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр явж хогтой газар хаана байгааг судалсан байна.  Гэтэл “Хоггүй дүүрэг цэмцгэр Баянгол” зорилтыг тус дүүргийнхэн амжилттай хэрэгжүүлж, хогныхоо асуудлыг бараг бүрэн шийдсэн байжээ. Ийм байдалтай байсанд нь С.Одонтуяа гишүүн ихэд баярлаж, Баянгол дүүргийн иргэд болон тохижилт үйлчилгээний “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ийн хамт олноор бахархаж байгаагаа хэлсэн байна.  Өөрийн тойрогт нь түүх хог олдоогүй учраас эрхэм гишүүн дүрмийн дагуу ТҮК-ийн ажилчдад бэлэг өгөхөөр шийджээ.

 

 

Ингээд УИХ-ын гишүүн С.Одонтуяа энэ сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн ТҮК-ийн нийт ажилчидтай уулзалт хийж, бэлэг гардуулж, өдрийн зоог барьжээ. Аяны журмын дагуу ТҮК-ийн гурван ажилтанд бэлэг гардуулах ёстой байсан ч тэрбээр уулзалтад хүрэлцэн ирсэн дүүргийнхээ ТҮК-ийн нийт 83 ажилчинд монголд үйлдвэрлэсэн тэмээний ноосон нурууны бүс бэлэглэжээ.

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хүмүүсийг дулаан хөнжилдөө унтаж амарч байхад үүрийн жавартай өвлийн хүйтэнд ч цас цэвэрлэж зогсдог шүү дээ. Тиймээс өвлийн өглөөний жаварт ядаж нуруунаасаа дулаан байг гэж бодож энэ бэлгийг сонгосон” гэдгээ энэ үеэр хэлсэн байна. Мөн тэрбээр “Хог bucket challenge” аяныг анх санаачилсан болон, дэмжсэн бүх хүмүүст талархаж байгаагаа илэрхийлээд хоггүй цэвэрхэн байхад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг онцолсон юм. ТҮК-ийн ажилчдад бэлэглэсэн тэмээний ноосон нурууны бүсийг хийсэн үндэсний үйлврлэгчид “Нэг өдрийн дотор ийм их борлуулалт хийсэндээ маш их баярлаж байна” хэмээжээ.

 

Дашрамд дурьдахад, УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хог bucket challenge” аяныг үргэлжлүүлэн Асашёорюү Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, хийлч Ч.Дэлгэрцэцэг дууджээ. Эрхэм гишүүний дуудлагыг хүлээн авсан хүмүүс аянд нэгдэж, их хотынхоо цэмцгэр байдалд анхаарал тавих буй заа.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж