Хүчирхийлэлд амиа алдана, эсвэл өөрийгөө егүүтгэнэ | News.MN

Хүчирхийлэлд амиа алдана, эсвэл өөрийгөө егүүтгэнэ

Хүчирхийлэлд амиа алдана, эсвэл өөрийгөө егүүтгэнэ

Хүчирхийлэлд амиа алдана, эсвэл өөрийгөө егүүтгэнэ

Монголчууд “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг. Үүний утгыг тайлбар толиос харвал, гэр бүлийн дотоод хэрэгт саймширч хутгалдах хэрэггүй гэсэн санаа аж. Эцэг, өвгөдийн энэ сургааль өнөө цагт бидний амин хувиа хичээх үзлийг илүү дэмжээд байх шиг. Бусдын хэрэг надад огт хамаагүй гэхийн цаана энэ асуудал нийгмийг бүхэлд нь хөмөрсөөр. Хажуу айлд нөхөр агсарч, эхнэр зодуулж, хүүхэд уйлж байхад хүртэл өнөөх үгээ бодсон шиг ээ суух. Бүр эвгүйтэж, хүн амины хэрэг гарахад л сая ам нээж эхэлнэ. Үүнийг мэдэх “зэрлэгүүд” нь эхнэр, хүүхдээ жинхэнэ дур зоргоороо зодно, тамлана, алахаа шахна.

Хүчирхийлэл ихэвчлэн цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Ийм төрлийн гэмт хэргийн 85,9 хувь нь орон сууцанд болдог гэх судалгаа бий. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгдэж буйг хажуу айлын хөршүүд л мэдэх боломжтой. Тиймээс хүчирхийлэл дандаа далд хэлбэрт байдаг. Олны нүдэнд сайхан хос, эвтэй гэр бүл. Гэртээ ороод өстөн дайсан болдог жишээ олон. Гэвч тэд бусдаас нуудаг, шаналдаг, айдаг. Үр хүүхдээ бодоод тэвчих замыг сонгодог. Магад “Олгой хагаравч тогоон дотроо” гэх өнөөх хэлцийг эцсийн мөчид эмэгтэй хүн тунгаан суудаг биз.

Гэтэл энэ нь хүчирхийлэгчийг улам давраана. Салвал ална, гэр бүлээр чинь устгана гэж айлгаж сүрдүүлнэ. Ингэж явсаар эмэгтэй хүнд хоёр л зам үлдэнэ. Нэг бол нөхрийнхөө гарт амиа алдах, үгүй бол өөрөө амийг нь егүүтгэх. Ийм сонголтын өмнө хэчнээн эмэгтэй очсон бэ. Энэ байдлаа хэлж чадахгүй хэчнээн жил зовоо бол.

Баримт сөхвөл, эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож буй эмэгтэйчүүдийн 60 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэж эцсийн мөчид өөрийгөө хамгаалах үед бусдын аминд хүрсэн байдаг.

Ингэж бодохоор өр өвдөж, гол харалмаар.

Он гарсаар цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 424 гэмт хэрэг бүртгэгджээ. Хохирогчдын 93,3 хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл, гурван эмэгтэй тутмын хоёр нь хүчирхийлэлд ямар нэгэн байдлаар өртсөн гэсэн үг.

2019 онд нийслэлд хүчирхийлэгчийн гарт хоёр эмэгтэй амиа алджээ. Нэг нь хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдсан бол нөгөө нь 20 гаруй жил хамтран амьдарсан ханийхаа хатуу ширүүн гарт, хүйтэн мэсээр сийчүүлсээр нас баржээ.

Зөвхөн өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон гэр бүлийн хүчирхийллээс дурдвал:

2019.09.23 – Прокурор мэргэжилтэй иргэн О арван жилийн турш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг түүний эхнэр 29 настай С ил болгов. Тэд дундаасаа 2-7 насны гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ хүртэл шөнө дунд босгоод зоддог гэх. Эмэгтэй арван жилийн хугацаанд есөн удаагийн үр хөндөлт хийлгэжээ. Хэрэв хэн нэгэнд энэ тухай яривал чамайг алчихаад, амиа хорлосон болгож чадна гэдэг байж. Хуулийн мэдлэгтэй учир ил бус далд газар зодож, гэмтээдэг байжээ.

2019.09.29 – Дуучин Т.Дэлгэрмөрөн хүчирхийлэгч гэдгийг түүний эхнэр Х.Ананда өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарлав. Түүнийг хөл хүнд байхад нь дуучин залуу зодож, үр зулбуулжээ. Үүний дараа дахиад хүүхэдтэй болж, гэдсэндээ тээж байхад нь мөн л хэд хэд зоджээ. Сүүлд нүдний хагалгаанд орсны дараа гар хүрч, хараагүй болох дөхсөн аж. Ийм хэрүүл, зодоонтой орчинд хүүхдээ өсгөхийг хүсээгүй учир Х.Ананда нөхрөөсөө салж буйгаа зарласан юм.

2019.10.01 – Сэтгүүлч мэргэжилтэй бүсгүй хоёр жилийн хугацаанд нөхөр болон тэдний гэрийнхэнд байнга хүчирхийлүүлж байсан тухай мэдээлэв. Тэрбээр хоёр удаа үр зулбаж, таван удаа амиа алдах дөхжээ. Нөхөр нь байнга зоддог, дарамталдаг, харддаг, салвал ална хэмээн айлгадаг байна. Тэрбээр үсдэж хана савах, ухаан алдтал зодох, хутга тулгаж сүрдүүлэх, цонхоор шидэхээр оролдох зэргээр хүчирхийлж байжээ. Үүгээр ч зогсохгүй нөхрийнх нь ээж, эгч, ах нар мөнгө нэхэж, бүсгүйг байнга зодож дарамталдаг гэв. Хууль шүүхийн байгууллагаар явсан ч нотлох баримт дутуу, өмгөөлөгч байхгүйн улмаас хариуцлага тооцуулж чадахгүй байгаа аж.

Энэ бол зөвхөн нэг долоо хоногийн дотор олон нийтэд ил болсон жишээ. Үүнээс далд хэчнээн эмэгтэй зодуурын бай болж, хэчнээн хүүхэд уйлж буйг таашгүй. Өчүүхэн төдий маргаанд уурлаж омогтдог, ухаанаа алдтал догширдог, агсам тавьж хөлчүүрхдэг, арчаагүй эрс яасан олон болоо вэ? Сэтгэцийн өвчтэй гэмээр эдгээр хүчирхийлэгчдийг яах ёстой вэ? Гэр бүлийн хүчирхийллийн шинэ хуулиар хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Захиргааны хариуцлагын хуулийн дагуу 7-30 хоног баривчлах, эсвэл Эрүүгийн хуульд хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Гэтэл хоёр жилийн дараа тухайн хүчирхийлэгч цоо шинэ хүн болоод ирэх нь юу л бол? Өвчтөн гэж үзээд, сэтгэцийн эмчилгээнд давхар хамруулбал илүү үр дүнтэй болов уу.

Энэ бол сэтгэцийн өвчин. Нэг гар хүрчихвэл дахиад хүрмээр санагдах донтой өвчин.

Үгүй бол монгол эрчүүд минь уур бухимдлаа турьхан эмэгтэйд гаргах тийм өчүүхэн хүмүүс лав биш. Тиймээс хүчирхийлэх өвчтэй хүн бүхэнтэй иргэд бид хамтдаа тэмцье. Хажуу айлд хүчирхийлэл үйлдэгдэж байвал шууд цагдаа дуудаж байя. Хараагүй, үзээгүй, сонсоогүй юм шиг байхаа больё. Одооноос эхлээд бүгдээрээ “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол”, “Олгой хагаравч тогоон дотроо” гэх цэцэрхэлээ мартъя. Эс бөгөөс бидний нийгэм хүчирхийлэгчдээр дүүрэх нь.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-03 124.158.110.82

хуцаад байгаарай. эхнэр, хүүхдээ загнавал хүчирхийлсэн болох уу? гэр бүлийн асуудалд орохоо боль!!!!

Avatar

Зочин 2019-10-03 202.179.25.147

хүчирхийлэл. өөрөө бол тэдний л нэг. хэн нэгэнд хорсож, уурлаж, бухимдаж, атаархаж байдаг дотуур хорон санаатай хулчгар хүн л эхнэртээ үр хүүхэддээ хүчирхийлэл үйлддэг. өөр хэнд ч чадахгүй. юу ч хийж чадахгүй. чаддаг юм л тэр.

Avatar

Зочин 2019-10-03 202.126.89.139

чи муу тднийг загах эрхгүй . Зүгээр ярилцдөг юм. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг юм шүү хуцдаг тэнэгээ

Avatar

Зочин 2019-10-03 202.21.107.97

Zoduuldag emegteichuudiig harhad ajil torol muutai archaagui zalhuu taldaa uuch hiij chaddaggui emegteichuud baidag. Ajil toroltei huuhnuud bol arslan bar shig l eregteichuudiig bazna shuu dee. Minii medehiin ehnertee bainga deerelhuuldeg erchuud bas zondoo bna. Ohiduudaa sain humuujuulj ail torol surga tegvel ireeduid zovohgui.

Avatar

irgen 2019-10-03 103.57.93.93

Үнэндээ наад бүсгүйчүүд чинь эр хүн архичин бүү хэл аймаар зан ааштай юу ч хийхээс буцахгүй хүмүүс болчоод байна

Avatar

Зочин 2019-10-03 66.181.186.139

Прокурор О хуулиа биелүүлэхгүй нүгэл үйлдэж байхад дурыы танхай архичин амьтан хүчирхийлэл үйлдэхийг буруутгах нь утгагүй биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж