News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт "Яам агентлагаар сонин юутай байна вэ" буланг хүргэдэг билээ. Энэ удаад бид нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэл хангах, дулааны цахилгаан станцуудын бэлтгэл хэр хангагдсан зэрэг асуудлаар Эрчим хүчний яамыг онцолж байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ТӨРИЙН НАРИЙНГҮЙ БОЛОВ
Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Учир нь түүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилох шийдвэр Засгийн газраас гарсан учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв. Тэрбээр 2016 оноос тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд эдийн засагч мэргэжилтэй, Ховд аймгийн угшилтай.
Харин түүний орны хүнийг одоогоор томилоогүй бөгөөд Төрийн нарийн бичгийн даргыг томилохоор хэд хэдэн хүн горилж байгаа аж.
200 ГАРУЙ МЯНГАН ШАХМАЛ ТҮЛШ НӨӨЦӨЛЖЭЭ
Тус яамнаас арван аймгийн төвд орчин үеийн дулааны станц барих ажил ирэх жил эхэлж, хэрэглэгчдийн ая тухтай байдал,эрүүл ахуй болон байгаль хамгаалал, бизнесийн орчинд томоохон ахиц дэвшил гаргах зорилттой байгаа. Гэр хорооллын цахилгааны шугам сүлжээ, дэд станцыг өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж 41.964 айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх барилга угсралтын ажил амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар гэр хорооллын 20 мянга гаруй айл өрхийг цахилгаанаар халаах боломжийг бүрдүүлж, “Хүчит шонхор” дэд станцыг өнгөрсөн зун ашиглалтад хүлээлгэн өгсөн.Сайжруулсан шахмал түлшний “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаа жигдэрч, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулдаг гэдгийг БНСУ-ын лаборатори баталсан. Нийслэлийн агаар орчны бохирдлыг бууруулахаар хийгдэж буй ажлын хүрээнд шахмал түлшийг гэрээ байгуулж албажсан цэгүүдээр худалдаалж, хороондоо бүртгэлтэй айл өрхүүдэд гурван тонн шахмал түлшний эрх бүхий карт тарааж эхэлсэн билээ. “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлсөн байна.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ 60-80МВТ-ААР НЭМЭГДҮҮЛЭВ
“ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх шийдвэр гарсантай холбогдуулан төслийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр болсон. Эхний үе шатанд буюу 2019 онд турбогенератор №1, 4-ийг шинэчлэхээр, 2020 онд№2,3-ийг шинэчилж, ашиглалтад өгөөхөөр төлөвлөсөн. Турбогенератор №4-ийн эргэлт өгөх, туршилт эхлүүлсэн. “ДЦС-IV”ТӨХК-ийн турбогенератор №1-4-ийг шинэчлэх төслийн үр дүнд станцын суурилагдсан хүчин чадал, цахилгаанаар 89 МВт, дулаанаар 72 Гкал/цаг-аар нэмэгдэх юм байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр 60-80МВт-аар өсч байна. Шинээр ажиллах турбогенератор энэ хэрэглээний 50 хувийг хангана. Ирэх 2020 онд дөрвөн турбогенератороо бүрэн ашиглалтад оруулвал 90МВт-аар нэмэгдэнэ гэдгийг онцолж байлаа.
Цахилгааны үнэ өссөнтэй холбоотойгоор цаашид үнэ нэмэгдэх үү гэдэг хүлээлт олон нийтийн дунд бий. Тэгвэл энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Өртөг, борлуулалтын зөрүүнээс алдагдал үүсч, өр төлбөр нэмэгдэх хандлагатай болсон нь үнэн. 2015 оноос хойш үнэ тарифт дорвитой өөрчлөлт ороогүй байгаа. Энэ хугацаанд валютын ханш их унасан. Энэ нь бас өртөг зардал нэмэгдэх нэг хүчин зүйл болж байна. Харин салбарын зүгээс аль болох зардлаа бууруулж, үнийг тогтвортой байлгах бодлого барьж байна. Гэвч Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглалтад орохоор хуулиараа цахилгааны тариф шууд нэмэгддэг. Үүнийг нь одоо үйлчилж байгаа хуулиар иргэн аж ахуйн нэгж төлдөг. Харин хүндрэлтэй асуудал гэвэл дэмжих тариф нь бусад улстай харьцуулахад хамгийн өндөр буюу 2-4 дахин үнэтэй байна. Өнгөрсөн хаврын чуулганаар сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифыг бууруулахын тулд өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хямд үнэ өгсөн компанид олгодог байхаар шийдвэрлэсэн. Цахилгааны үнэ цаашид одоо байгаа хэмжээнээсээ нэмэгдэхгүй” гэдгээ хэллээ.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ