Хойд Солонгост амьдраагүй шүү, хотын дарга аа!

Хуучирсан мэдээ: 2019.10.03-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост амьдраагүй шүү, хотын дарга аа!

Хойд Солонгост амьдраагүй шүү, хотын дарга аа!

Ямар нийгэмд амьдраад байгаагаа ч ойлгохын эцэсгүй боллоо доо, монголчууд… Дарга муулбал цагдаа дуудна, түлш муулбал цагдаа, тагнуул хоёрт шалгагдах нь. Учрыг тайлбарлавал уржигдар /2019.10.01/ хотын дарга С.Амарсайхан сайжруулсан түлшний талаар санаатайгаар худал мэдээлэл тараасан иргэн, аж ахуйн нэгжийг холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахыг Цагдаа, Тагнуулын ерөнхий газарт үүрэг болгожээ. Нийслэлийн Засаг дарга тагнуулын байгууллагад үүрэг өгч байхыг бодоход Засгийн газраас өгсөн чиглэл юм болов уу даа.

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн нийслэлийн хэмжээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшээр гэр хорооллынхныг хангах шийдвэр гаргасан юм. Түлшний нөөц хангалттай бүрдээгүй ч сайжруулсан түлшийг нийслэлийн гэр хорооллынхон хэрэглээд эхэлсэн. Чанарынх нь тухайд сайн, муу гэхчлэн хоёр янзаар л ярьж байна. Жишээ татвал, хадгалалтын горим алдагдсан уу зарим сайжруулсан түлшийг хэрэглэх боломжгүй үйрч нунтаг болсон. Түүхий нүүрстэй харьцуулахад илч тааруу, өвлийн ид хүйтэнд гэр дулаацуулах боломжгүй гэхчлэн ярьцгааж байгаа. Чанар нь өвлийн ид хүйтнээр л шалгагдана.

Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг орлохуйц түлш нийлүүлбэл цагдаа, тагнуулынхнаар далайлгахгүйгээр иргэд аяндаа хэрэглэнэ. Харин чанаргүй түлш нийлүүлэгдэж байвал цагдаа, тагнуул, цэрэг хөдөлгөөд ч иргэдийн хилэнг дарахгүй. Шаардлагаа тавьж, үгээ хэлнэ, шантрахгүй төв талбайдаа жагсана. Энэ бол осгохгүйн төлөөх тэмцэл болохоос биш улстөрчдийн албан тушаалд горилж, биенээ унагадаг тэмцлээс огт өөр зүйл юм. Харамсалтай нь, эрх баригчид ямар нийгэмд амьдарч байгаагаа мартаж, бас ард түмнээсээ тасарчээ.

Монголд өнөөдөр хэн ч үзэл бодлоо илэрхийлэх бүрэн эрхтэй. Энэ эрхийг хуулийн байгууллагынхнаар сүрдүүлж, хааж боох эрх хэнд ч байхгүй.

Гэтэл айсан хүнд аргал хөдөлнө болов уу гэлтэй, хүйтрэх чимээнээр л хуулийн байгууллагынханд үүрэг өгч, сүрийг үзүүлэх нь тэр. Хошин шог ч цаашаа болж байна.

Сарын өмнө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Т.Гантулга “Түүхий нүүрс хэрэглэж байгаа өрхийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг түлшээр урамшуулна” гэх зүйл ярьж, хөх инээд хүргэсэн. МАН-ынхан шиг нэгнээ матаж хоолоо олж иддэг иргэн ч гэж юу байх вэ. Хэчнээн ядарсан байлаа ч ийм арга хэрэглэхгүй. Гэтэл энэ дуулиан дөнгөж намдаад байтал хоёр дахь хошин шог тоглогдох нь тэр.

Уучлаарай, монголчууд хуулийнханд шалгагдахын тулд Ардын намд үнэмлэхүй олонхи болох сонголт өгөөгүй юм. Ажил хийгээрэй, асуудал шийдээрэй гэж сонгосон.

Агаарын бохирдлыг бууруулахын төлөө өнгөрсөн жилүүдэд ганц МАН ажилласан ч юм биш. Нийтээрээ, нийгмээрээ агаарын бохирдлыг бууруулахын төлөө чадах ядахаараа л зүтгэцгээж ирсэн.

Эрүүл мэндээ бодсон ч, агаарын бохирдлыг бууруулахын төлөө өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд урсгасан тэр их олон наяд хөрөнгийг бодсон ч түүхий нүүрсийг хэрэглэх сонирхол гэр хорооллынхонд байхгүй. Гагцхүү түлш нь асуудалтай байгаа учраас л чанаргүй байна гэж яриад буй юм. Гэтэл хотын даргын үүрэг болгосноор бол чанаргүй түлш байсан ч цагдаад дуудагдаж, шалгагдахгүйн төлөө гэр хорооллынхон амаа хамхиад түлэх болох нь л дээ. Нэг шуудай сайжруулсан түлш 3750 төгрөгөөр зарагдаж байгаа. Нэг өрх ганц шуудай сайжруулсан түлшээр өдрийг давахгүй, дор хаяж хоёр шуудайг хэрэглэнэ. Зарим өрхийн хувьд түлшээ худалдан авах уу, цувдай худалдаж аваад хоолоо хийх үү гэдэг сонголттой ч тулах болно. Сарын турш хэрэглэхэд сайжруулсан түлшний өртөг түүхий нүүрснийхээс ч өндөр тусах тухай иргэд хэлж буй. Тиймээс л түлшний чанараа сайжруулаач ээ, түүхий нүүрсийг гүйцэхгүй байна гэж гомдол тавиад буй хэрэг.

Хэвлэл мэдээллийн байгууллага энэ бүхний хойноос явж мэдээлэл дамжуулаад байгаа нь эрх баригч намынхны ажлыг шүүмжлэх гэсэн үйлдэл биш юм. Бас л  түлшнийхээ чанарт анхаараач ээ гэдэг өнцгөөр асуудал хөндөж буй. Гэтэл эрх баригчдын гаргаж буй үүрэг даалгавраар бол хэвлэлүүд ч амаа хамхихгүй бол цагдаа, тагнуулд дуудагдаж үйлээ үзэх нь.

Уучлаарай, бид Хойд Солонгост амьдраагүй шүү, хотын дарга аа!

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж