Дэлхийн дээвэр хэмээх Төвдийн газар орон, үзэсгэлэнт нарлаг Лхас хот, Жокан хэмээх Мөнхзуу хийгээд тагтат Поталагийн ордонд аялаж жуулчлах бол энэ дэлхийн сая сая жуулчдын хүслийн жагсаалтын нэгдүгээрт бичигддэг гэдэг. Бред Питт гол дүрд нь тоглож, Хайнрих Харриерийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн ”Төвдөд долоон жил” хэмээх Холливудын киноны дараа энэ аяллын захиалга 83 хувиар нэмэгдэж байсан гэдэг. Саяхан болтол би таны л нэгэн адил Төвдөд очиж үзэх хүсэлтэй жуулчны нэг байлаа.
Төвдөд аялахын тулд өчнөөн олон жил судалж, бараг нэг ном болохын дайны мэдээлэл цуглуулсан байна. Ингээд дараа аялах боломж нь нээгдэж, нөхцөл нь бүрдэж Төвдөд аялахын цагт хэрэг болуужин хэмээн нэгэн багашаархан тэмдэглэл бичихээр шийдлээ. Энэ бол Монгол хүнд тун ойрхон нээгдэх боломж гэж санана.
Юу гэвэл Хятад-Монголын бурханы шашны харилцааны ирээдүй төлвийн тухай бичдэг судлаачид ”XIV Далай ламын хойт дүр БНХАУ-д тодорсон тохиолдолд Монголоос Энэтхэг рүү үерлэж байгаа шашны аялал жуулчлал саарч, Лхасыг чиглэх учир Монгол улсын иргэдэд БНХАУ-ын иргэдийг адил нээлттэй аялаж, жуулчлах нөхцөл бүрдэнэ” гэсэн таамаг их өндөр явж байна. Хэдийгээр БНХАУ-ын найдвартай эх сурвалж энэ тухай мэдээлээгүй ч гэсэн бас үгүйсгээгүй болно. За ингээд та Төвдөд аялахад бэлэн үү?
ТӨВД ХЭМЭЭХ НЭРИЙН ТУХАЙ
Монгол хэлээ бид өөрсдөө алж байгаа улс. Ерөөсөө зөв бичихээ байсан, дүрмээ дагахаа байсан. 1986 онд цорын ганц удаа улс баталсан Үсгийн дүрэм буюу академич Ц.Дамдинсүрэнгийн дүрмээр бол ”Төвд” гэж бичих ёстой. Энэ тухайгаа Да багш ингэж өгүүлжээ. ”Төвд гэдэг бол Дод-бод” гэсэн төвд үгнээс сунжирч монгол хэлэнд нэвтэрсэн орон газрын нэршил. Монгол шинэ үсэг бол хэрхэн дуудаж байгаагаараа бичдэг. Намайг багад Хүрээнд ийм дуу байлаа.
Төвд хоргой малгайнаас
Төвшин тоорцог дээр үү дээ
Төрхтэй төрхгүй банди нараас
Төрийн хар хүн дээр үү дээ
Манж хоргой малгайнаас
Манай тоорцог дээр үү дээ
Маягтай маяггүй банди нараас
Манжийн маймаа дээр үү дээ… гэж дуулдаг байлаа.
Энд төвд гэж в-ийн ард ө эгшиг дуудагдахгүй хэлж байгаа учраас ТӨВД гэж бичнэ ээ” гээд лавтайяа 40 орчим жилийн өмнө бичжээ. За яахав дээ, тэгээд дүрмээ дагадаггүй дураараа нөхөд янз янзаар бичнэ. Миний багш Л.Хүрэлбаатар бол ТӨВД л гэж бичнэ. Академич Ц.Дамдинсүрэнгийн шавь юм. Тэгэхээр би ч бас энэ хүний дэг сургуулийн хүн юм. Гэтэл одоо хүн хүнийг дагаж сэнсрээд ТӨВӨД, ТҮВЭД, ТҮВД, ТИБЕТ гэж хүртэл бичих болжээ.
Ер нь орчин үеийн олон улсын харилцаанд англи, орос хэл рүү Төвдийн нэрийг монгол хэлээр дамжуулж авсан болно. Яагаад гэвэл Төвдийн хувь заяа Монголын гарт байлаа. Бүх гадаад харилцааг нь ч бид бас олон зуун жилийн турш барьж байсан юм. Энэ тухай хожим өгүүлнэ. Төвдүүд өөрсдийгөө бол “Вод” гэж нэрлэнэ. Энэ үгийн гарлыг Рамчандра Рао хэмээх Энэтхэгийн эрдэмтэн ”Вод гэдэг үг бол самгардын punya гэдэг үгээс гаралтай. Утга нь “Буянтан”, “Буяны ёстон” хэмээн тайлсан байдаг.
Мөн Лхас хотын нэрийг ”Хурмастын шүтээн уул” хэмээн хуучин монгол орчуулгад буулгасан нь ч байдаг. Бодала ордон, Мөнхзуу, Сэра хийд, Дашлхүмбэ хийд… гэх мэт эргэл мөргөлийн болоод уран барилгын гайхамшиг, цутгуур урлагийн дээж сор, ханын зураг, преско артын шилдэг ажлуудыг монголчуудын хөрөнгө оруулалтаар босгож бүтээснийг ер мартаж болохгүй.
Тийм ээ, Төвдийг монголчууд агуй хонгилоос нь гаргаж, сүм хийд барьж шашныг нь нэг хөгжүүлсэн бол хятадууд зам гудас тавьж, байшин барилга барьж дахин нэг хөгжүүлжээ. Та яг энэ бүхнийг үзэх болно. Бүү яар. Эхлээд зүг чиг.
ЗҮГ ЧИГИЙН ТУХАЙ
Хүний хамгийн их төөрөлддөг зүйлийн нэг бол зүг чиг. Манай дээдчүүл заримдаа Жокан хийдийг Мөнхзуу, Баруун зуу гэж хэлнэ. Яг очтол аль нь чухал, Лхасын яг юу нь гол вэ? Ийм эргэлзээ төөрөгдөл их гарна аа. Тэгсэн хирнээ хаа баруун зүгт байх Зүүнгар гэсэн улс байгаад байдаг. Яагаад Баруун зуу, Зүүнгар гэв. Энэ бол XVIII зууны үед гарсан нэр томъёо юм. Одоогийн Төвдийн Хөхнуур мужид байсан монголчууд Торгоны замыг эзэмшиж, нилээдгүй хугацаанд Монголын шашин соёлын төв байжээ. Энэ үед Сүмбэ хамба Ишбалжир, Жанжаа хутагт, Миндол номун хаан зэрэг олон номын мэргэд төрөн гарч байв. Энэ үед зүг чиг арай өөр байлаа.
Өмнө зүг бол нар мандах зүг буюу одоогийн зүүн зүг байв. Тийм учраас Хөх нуурын баруун талд Лхас, зүүн талд нь Зүүнгар улс байгуулагдсан хэрэг. Тийм ч учраас Хөх нуураар савлан төвлөсөн байх үеийн ой дурсамжаар Баруунзуу хэмээн Лхасын Жокан сүмийг нэрлээд дадсан байна. Төвдүүдийн хувьд Бурхан багшийн мэндэлсэн газар Лүмбини цэцэрлэг хийгээд Энэтхэгийн Очирт сууринг өмнө зүг хэмээн үздэг тул одоогийн биднийхээс зүг чиг нь зөрөхгүй.
Хаалга үүд нь чанх өмнө зүг ихэнхдээ хандах бөгөөд үүдэн дээрээ бар гинжилж овоодсон Дугар зайсан болоод, заанд эрдэнэ ачсан Гэнэн Дарма нарын зургийг их л гоёмсог бүтээсэн байхтай нь элбэг таарна. Тэр бол монголчууд бидний хамгаалагч гэсэн ой дурсамж нь юм.
ЯМАР НОМ УНШИХ ВЭ?
Төвдийн тухай унших ном мянга түмээрээ бий. Дуртай цагтаа интернэтээс хайлт хийгээд л уншчихна. Харин монгол зохиогчийн бүтээл тэр бүр олдохгүй. Эрэл сурал болж гэрийн номын сандаа хадгалууштай ганц нэг номын тухай цухасхан дурдъя. Хамгийн тулхтай ном бол IV Миндол номун хан Данзанпринлайн зохиосон ”Замбутивийн дэлгэр номлол”. 1830 онд бичсэн дэлхийн газарзүйн нэвтэрхий толь.
Монгол бадарчингууд Төвдийн газарзүйг см см-ээр нь бичсэн гэхэд хилсдэхгүй. Хамгийн сайн судалж хэрэн хэссэн газар нь. Үнэхээр сонирхолтой. Төвдийн хувцас хоол, эмийн ургамал, шашны урсгалуудын тухай үүнээс сайн ном үгүй. 1895 онд орос хэл рүү зөвхөн Төвдийн газарзүйг нь орчуулж, газрын зураг зохиосон юм даа. гурван жилийн өмнө монгол хэлээр орчуулагдан гарсан. Одоо номын дэлгүүрт бий. Хятадын газарзүйн шилдэг 50 номын нэг. Хятадыг баруунд нээсэн ном хэмээн зарлаж байгаа ч өнөө хир хятад хэл рүү орчуулж чадахгүй л байгаа ном.
Дараа нь “Лхасын гарчиг”. Сая энэ номыг монгол бичиг, криллээр хос үсгээр нэгхэн ширхэгийг хэвлээд авч явлаа. Бодала ордны одоо жуулчдад үзүүлж байгаа тэр маршрут, хаана ямар бурхан тахил, хэний суварга байгааг нэгд нэгэнгүй бичсэн байдаг. Сая тулшаж үзлээ, яг таарч байна. Өөрөөр хэлбэл байрнаас нь огт хөдөлгөөгүй байна. Мөнхзуу буюу Жокан хийдийг энэ гарчигтай явж байхад ямар ч хөтөч тайдбарлагчгүй үзчих боломжтой юм байна. За энэ ном чухал.
Англи хэлээр бичсэн жуулчны хөтөч гарын авлагуудыг Бээжингийн Төвд судлалын холбооны номын дэлгүүр юм уу, нисэх буудлаас нь авч болно. Тэнд олигтой мэдээлэл байхгүй юм билээ.
Өвөр Монголын номын сангийн Сэцэнбилиг ахын хэвлүүлсэн Алшаагийн Мигочир вангийн ”Мэргэдийг баясгагч цагаан түүх” гэж ном бий. Монгол бичгээр уншдаг бол Алшаагаас Лхас хүртэлх аян зам хийгээд Лхасын эргэл мөргөлийг нарийн тоочин бичсэн. Монголоос Төвдөд суусан элчин сайд Гомбо-Ишдин гүнгийн дагалт Амгалан бичээчийн ”Амгалан бичээчийн өгүүлэл” гэж ном бас бий.
Ерөнхийдөө дээр үед Монголоос Төвд рүү буюу Их хүрээнээс Лхас руу бол мориор зуу хоног, тэмээгээр гурван сар, явганаар бол нэг жил явж оччихдог байжээ. Одоо бол галт тэрэг, хурдны зам, онгоцоор Бээжингээс, Катмандугаас Лхас руу яаж л бол яаж л очиж болно. Гэхдээ экстрим аялал хийх гэж яарсны хэрэггүй. Газрын сүрд дарагдах.
ӨНДРИЙН ӨВЧИН БУЮУ ГАЗРЫН СҮРД ДАРАГДАХ
Ер нь Төвд рүү ганцаараа аялах гэсний хэрэггүй байх. Ямар ч чулуу төмөр шиг биетэй байлаа гэсэн газрын сүрд дарагдана. Энэ нь 4000 метрээс дээш өндөрт тохиолддог цусан дахь хүчилтөрөгчийн олдмол хомсдол гэсэн үг.
Дээхнэ үед хагас жилийн өмнөөс сарлагийн борцоор аягахаан шөл хийж уудаг байж. Цусны даралтыг тогтворжуулдаг шидтэй. Хүнээс гадна мал ч бас газрын сүрд дарагддаг байжээ. Тэмээний хөх мах нь чичрээд явахгүй бол хамар руу нь тамхи үлээчихдэг байсан гэдэг. Амны болоод хамрын тамхи аль нь ч болно. Харин одоо бол өөр. Малаасаа илүү хүн нь их өвчтэй.
Би гэж нэг өвчний үүр гэмгүй царайлаад л очлоо. Ер нь Төвд рүү гадаадын жуулчдаас илүү дотоодын жуулчид нь хамаагүй их хөрөнгө оруулж байна. Дээрээс нь гадаадынхан ирээд өндрийн өвчнөөр дийлэнх нь өвдөнө. Хятадад бол зөвхөн өндрийн өвчинд зориулсан 20 гаруй эм тан, техник хэрэгсэл зохиожээ. Одоо хэн ч осол эндэлгүй эрүүл энх аялах нөхцөл бүрджээ.
Автобус дүүрэн жуулчинтай заавал эмч, сувилагч хоёр хамт явж байна. Жишээ нь, манай багийн эмч Жан. Хятад үндэстэн. Си Аны анагаахын их сургууль төгссөн. Лхасын эмнэлэгт ажиллаад 15 жил, жуулчдад яваад 10 гаруй жил болж байна. Сарын цалин бол манайхаар 6 сая орчим төгрөг. Энэ бол бас өндөрт ажиллаж байгаа нэмэгдэл, хээрийн нэмэгдэл орсон цалин. Бусад газар нэг жил ажилласан хугацааг Төвдөд 1.5 жилээр тооцдог юм байна. За, жуулчин төлөөлөгчдөд үйлчилнэ ээ. Өдрийн 40 000 төгрөгийн нэмэгдэл цалин дээрээ авна.
Сувилагч Цомо. Төвд үндэстэн. Сарын 4 сая төгрөгийн цалинтэй. Мөн л өдрийн 40 000 төгрөгийн нэмэгдэл. Тэдний эмнэлгийн цүнхэнд ойр тохиолддог 25 өвчинд хэрэгтэй эм тан, хэрэгсэл цөм бүрэн бий. Жуулчлалд үзүүлэх үйлчилгээ бол хүмүүнлэгийн үзүүлэлт. Сахар нь 25 хүрсэн, өөх махны тулам намайг Төвдийн нутгаар хөндлөн гулд явахад, эм тан, тариа хийж, цаг бүрт үзлэг хийсэн энэ хоёр ачтнаан машид бишрэн явлаа. Тийм ээ, энэ чинь л уг нь хүнлэг ардчилсан нийгэм, үйлчилгээ юм билээ шүү.
За тэгээд хоолны шингэц муудах, даралт өндөр байгаа шинж тэмдгүүдэд зохих эмийг өгч байснаас гадна чихрийн шижин өвчинд уух эмийг сараар нь бичиж өгөөд л үлдсэн. Бид бие бие рүүгээ далласаар. Өндрийн өвчинд хэрэгтэй маш сайн нэг жор тэндээс мэдэж ирлээ. Энэ бол ааруул хурууд болоод ээзгий хүлхэх гэнэ шүү. Шүлстэй л байвал яадаг ч үгүй л гэнэ.
Үргэлжлэл бий…
Г.НЯМ-ОЧИР
Холбоотой мэдээ