&#34Хоригийг эсэргүүцсэн улстөрчдийг огцруулъя&#34

Хуучирсан мэдээ: 2015.08.21-нд нийтлэгдсэн

&#34Хоригийг эсэргүүцсэн улстөрчдийг огцруулъя&#34

Улсын Их хурал Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахдаа Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслийн үзэл баримтлал, агуулгыг үндсээр нь өөрчилсөн. Тодруулбал авлига, албан тушаалын хэргийг өршөөлийн хуульд оруулж, баталсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж өнөөдөр Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл буюу иргэдийн төлөөлөл эсэргүүцэн мэдээлэл хийлээ. Мөн УИХ-ын гишүүд төрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн ашиг сонирхлоо илүүд үзэн, авлига хээл хахуулын сүлжээг бий болгож байна гэж буруутгаж буй талаараа Ж.Намсрай гуай тодотгон ярилаа.

Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл үзүүлэхгүй гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1, 7-р зүйл заалтад хориг тавьсан. Энэ хоригыг дэмжиж иргэдийн төлөөлөл дэмжиж буйгаа илэрхийллээ. Харин Өршөөлийн хууль тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хэлэлцэх үед дэмжихгүй гэж санал өгсөн УИХ-ын гишүүд болон албан тушаалын хэрэгт холбогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй улс төрчдийг цаашид төрийн албаны үйл ажиллагаа, албан тушаалаас нь огцруулж, хол байлгах бөгөөд сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх ёстой гэсэн шаардлагыг Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөлөөс улс төрийн намуудад хүргэж байна.

Өршөөлийн хуулиар гэнэн томоогүй насандаа алдсан залуучууд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настангуудыг суллах нь зөв гэсэн байр суурийг иргэдийн төлөөлөл илэрхийллээ. Харин авлига, албан тушаалтнуудыг өршөөх ёсгүй, бүр гэм нүглийг нь цээрлүүлж, хатуу чангаар цагаан захтнуудыг шийтгэх ёстойг сануулсан юм.

Сүүлийн жилүүдэд жирийн иргэд төр засагтаа итгэх итгэлийг улс төрчид үгүй хийж байна. Иймээс иргэд өөрсдөө сонголтоо зөв хийдэг байя гэсэн уриалгыг Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөлөөс дэвшүүллээ. Ингэхдээ удахгүй бол 2016 оны сонгуульд Монголчууд нэгдмэл санаатай байж, шударга ёс, нийгмийн сайн сайхан, иргэдийнхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зарчимч, шударга хүмүүсийг сонгоё. Нам болж хоёр хуваагдаж талцахаа зогсооё гэсэн хүсэлтээ уламжлалаа.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Э.ЭНХБАТ

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж