Оюуны бэрхшээлтэй хүнийг сургачихад мөнхийн ажилтан болдог | News.MN

Оюуны бэрхшээлтэй хүнийг сургачихад мөнхийн ажилтан болдог

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Оюуны бэрхшээлтэй хүнийг сургачихад мөнхийн ажилтан болдог

Оюуны бэрхшээлтэй хүнийг сургачихад мөнхийн ажилтан болдог

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо байгуулагдаж, шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр /2019.10.02/ тус холбооны тэргүүн Ц.Оюунбаатар, Бодлогын зөвлөлийн дарга н.Оюунтөгс, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат, МҮОНТ-ийн сэтгүүлч Д.Бадамханд, Хөвсгөл аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар төвийн тэргүүн С.Отгонцагаан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцон мэдээлэл хийлээ.

Монгол Улсад өнөөгийн байдлаар 108 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаас ердөө хоёр хүрэхгүй хувь нь ажлын байраар хангагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн нийт 700 орчим ТББ байдаг боловч үйл ажиллагаа нь салангид тул хуулийн хэрэгжилтэд нэгдсэн байдлаар хяналт тавьж чадахгүй явсаар ирсэн. Мөн өөрсдийнхөө дуу хоолойг нийгэмд хүргэх боломжгүй оюуны бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааны асуудал шийдвэрлэгдэхгүй, хөдөлмөр эрхлэх боломжгүйгээс тэдний амьжиргааны түвшин доогуур, төр засгаас төсөвлөсөн мөнгө тухайлсан иргэндээ очиж чадахгүй шамшигдаж байгаа гэх мэт олон асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа тул тус холбоог байгуулжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Ц.Оюунбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй төрийн бус байгууллага байхад яагаад энэхүү холбоог шинээр байгуулах болов?

-Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийн төлөө ажилладаг байгууллагуудыг нэгтгэе, бий болгоё гэж зорьсон. Одоогоор манай холбоонд 30 гаруй байгууллага нэгдээд байна.

Тухайлсан холбоо байгуулах шаардлагатай гэж үзсэний учир нь мэдээлэлд ойрхон хэсэг нь түрүүлж төсөл хөтөлбөрт хамрагдаад бусад нь мэдээлэлгүйгээс хохирч үлддэг. Би саяхан Дорнод, Хөвсгөл аймгуудад сургалт хийгээд ирэхэд энэ байдал маш их анзаарагдаж байна. Үүнийг засах шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог санхүүжилт 1997 оноос хойш бараг 20 дахин нэмэгдсэн. Энэ мөнгө эзэндээ очдог системийг бий болгомоор байна. Төрийн бүх шатанд хулгай хийдэг болчихсон, түүнийг дагаад ТББ-ууд хулгай хийдэг болсон. Тэгэхээр мэдээлэл авдаггүй хэсэг рүү мэдээлэл түгээх хэрэгтэй юм. Сургалт хийж явахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гаднаас автомашин импортолход гаалийн татвар, нэмүү өртгийн албан татвараас чөлөөлдөг, аж ахуй эрхлэхэд орлогын албан татвараас чөлөөлдөг гэх мэт олон боломж байгааг хэлэхэд огт мэдээлэлгүй, мэдэхгүй байна. Ийм эрх зүйн тогтолцоо батлагдаад 10 жил болсон хуулиа ч сайн мэдэхгүй байна.

-Өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлэх боломжгүй оюуны бэрхшээлтэй иргэдийн эрх зөрчигдөх, нийгмийн харилцаанд ороход бэрхшээл тулгарах зэрэг асуудлууд шийдэгдээгүй байна. Энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?

-Тийм ээ, энэ бол нэгдүгээрт шийдэх ёстой ажил болж хувираад байна. Хуулиудаа эргээд уншихад дутуу зүйл их харагддаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалтыг батлуулсан нь сайн. Гэтэл энэ заалтыг дагалдаад ажлын байранд дасан зохицох, ажлын байрны сургалт гээд хэрэгжүүлэх механизм нь бүгд салангид учир дутагдалтай. Энэ бүхнийг олж харж дахин сайжруулах нь зөв юм.

Боловсролын хууль шинэчлээгүй байгаа. Үүнд шинэчлэл хийх шаардлагатай. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энгийн сургуульд сурах юм бол нийгмийн харилцаанд орох чадвар нь 50-иас дээш хувь болдог. Наад зах нь хүнтэй мэндлээд, харилцах, банкинд очоод гүйлгээ хийчихдэг тийм чадварт сургах хэрэгтэй шүү дээ. Мөн энгийн сургууль суралцуулснаар тэд бусдаас үлгэр дуурайл авдаг. Манайд бол тусгай сургуулийн системээр яваад байгаа. Энгийн хүнийг ч гэсэн тусгаарлаж байгаад нийгэмд гаргавал тэр хүн нийгмийн харилцаанд хэрхэн орохоо мэдэхгүй шүү дээ. Тиймээс манай холбооны байр суурь бол багаас нь эхлээд бүх нийгмийн харилцаанд тэгш хамруулах нь зөв гэж үзэж байгаа. Тэгвэл нийгэм нь ч гэсэн тэднийг биднээс өөр хүн гэж харахгүй, тэд ч бас өөрсдийгөө бидний  л адил хүн гэдгээр харна.

-Оюуны бэрхшээлтэй хүмүүст тохирсон ажлын байрыг бий болгоход юу шаардлагатай байна вэ?

-Оюуны бэрхшээлтэй хүмүүс рефлексэд тулгуурласан буюу олон давталттай хийгддэг ажлыг маш сайн хийдэг. Би Японд  оюуны бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулдаг нарийн боовны цех дээр очиж танилцан, үүсгэн байгуулсан хүнийг нь Монголд урьж ажил олгогч нарт лекц уншуулж байсан. Тэнд оюуны бэрхшээлтэй хүмүүс нарийн боов маш сайн хийж, удаан хугацаагаар тогтвортой ажилласан байсан. Тэгэхээр тэднийг сургаж ажиллуулах бүрэн боломжтой. Харин Монголд ийм тогтолцоо, туршлага огт байхгүй. Бид оюуны бэрхшээлтэй хэд хэдэн хүнийг ажилд оруулж байсан, гэвч тэдний онцлогийг мэдэхгүй учраас хоёр гурав хоног ажиллуулаад хөөгөөд гаргачихдаг. Энэ хүмүүс ажил хийх боломжтой гэдгийг ажил олгогч нарт ойлгуулах ёстой. Оюуны бэрхшээлтэй хүнийг нэг үйлдэлд сургахын тулд зургаан сарын хугацаа зарцуулдаг. Харин  сургачих юм бол насан туршдаа тэр ажлаа л хийж, мөнхийн ажилтан болдог. Иймд тэтгэвэр тэтгэмж нэмэхээсээ илүү тэднийг ажилд сургах, ажлын байртай болгох нь чухал байна. Оюуны бэрхшээлтэй хүнийг ажил олгогчид ч тэр, нийгэм нь ч тэр, эцэг эхчүүд нь ч тэр хөдөлмөрийн чадавхгүй гэж үздэг нь өрөөсгөл юм.

Тиймээс шинэ тутам байгуулагдаж байгаа ТББ-уудад эрдэм чадалтай залуучуудыг авах, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хийж, төр засгийн бодлогод саналаа томьёолж байгаад оруулах нь зөв юм гэж бид үзэж байгаа.

Ц.ДЭЛГЭРМАА 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-02 122.201.31.133

Энэ холбоо нь хаана байдаг юи. Төрийн албан хаагчид шиг хүнд сурталтай, хоёр нүүртэй хогийн юмнууд биш гэсэн баталгаа хаана байгаа юм. ХБИ 6 сар сургаж нэг үйлдэл хийдэг болгодог гэж байна тэгвэл 70 хүүхэдтэй ажилладаг багш яаж юм сурахдаа удаан хүүхдэд мэдлэг олгох вэ. Түүнээс болж бусад нь хохирохгүй гэх баталгаа хаана байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж