Жон Уолл болон Брэдли Бейл нарын эрин үед Вашингтон Уизардс баг хоёр дахь удаагаа плэй-оффын гадна үлдлээ. Нэгдсэн Улсын нийслэл хотын баг Вашингтон Уизардс өнгөрсөн улиралд 32 хожил, 50 хожигдолтой улирлыг өндөрлүүлж плэй-оффоос мултарсан. Гэхдээ багийн энэхүү муу амжилтыг Ж.Уоллын гэмтэлтэй холбон харж болох юм. Энэ цагийн багийн лидер Ж.Уолл болон Б.Бейл нар бол А.Блатч, Д.Стивенсон нараас хойшхи өнөө цагийн сэргээн босголтын гол түлхүүр болсон тоглогчид. Ж.Уолл 2010 онд, Б.Бейл 2012 онд Вашингтон Уизардс багт ирснээс хойш 2014, 2015, 2017, 2018 онуудад плэй-оффт шалгарч байсан. Өнгөрсөн улирал Б.Бейл 36.9 минут буюу лигт хамгийн олон минутыг талбайд өнгөрүүлсэн тоглогч болсон. Мэдээж Ж.Уоллын бэртэл түүнд багийн бүх ачаа ирэхэд хүргэсэн болов уу? Б.Бейл бол хэдий нь лигийн шилдэг хамгаалагч болоод байгаа ба үүнийг илэрхийлэх үзүүлэлт бол сүүлийн 2 улирал бүх-одод тоглогч болсноос харж болно. Ирэх улиралд бэртэлтэй байгаа Ж.Уолл бэлэн биш байгаа. Иймд багийн ирээдүй тун эргэлзээтэй болоод байна.
- Багт ирсэн тоглогчид: Р.Хачимура, Си.Жей.Майлс, А.Томас, Д.Бертанс, М.Варнер
- Багаас явсан тоглогчид: Т.Саторански, Ж.Грийн, Ч.Райндль, Т.Ариза, О.Портер, Б.Портис, Ж.Паркер
Ж.Уоллын гэрээ 2023 онд, Б.Бейл 2021 онд гэрээ нь дуусна. Эдгээр залуустай дахин дайралт хийх эсэх нь тун эргэлзээтэй. Магадгүй ирэх улирлын багийн амжилтаас хамаарч шинэчлэл хийгдэх үү гэсэн асуулт урган гарч байна. Вашингтон энэ зун нэлээд олон тоглогчдоо явуулсан. Тэдний дундаас Т.Саторански, Т.Ариза болон О.Портер нар шинэ багуудтайгаа тун боломжийн гэрээ байгуулсан. Төвийн тоглогч И.Махинмигийн гэрээний сүүлийн жил. Магадгүй энэ жил нэг удаа багтайгаа зүтгээд ирэх улирлаас багийг орхиж магадгүй бөгөөд түүний байрлал дээр Т.Брайнт гэсэн залуу тоглогч бий. Т.Брайнтыг Лейкерс багаас авчирсан нь зөв сонголт байсан гэдгийг талбай дээрх тоглолтоороо өнгөрсөн улирал хангалттай харуулсан. Иймд И.Махинми ирэх улирал багаа орхиж бараг Т.Брайнт будагтай талбайн гол гарааны тоглогч болох байх. Энэ зун ирсэн А.Томас, И.Смит нар бол холбогчийн байрлал дээр Ж.Уоллыг эргэн ирэх хүртэл #1 байрлал дээр тоглохоор ирсэн сонголтууд. PF буюу хүчний довтлогчийн байрлал дээр мөн энэ улирал дандаа шинэ залуус ирлээ. Драфтын сонголт Япон залуу Р.Хачимура болон Сан-Антониод тоглож байсан Д.Бертанс нарын залуус бий. Мэдээж Д.Бертансын хувьд туршлага нь Р.Хачимурагаас арай илүү байх нь гарцаагүй. Хэрвээ эдгээр залуус хангалтгүй байвал төвд тоглох боломжтой М.Вернер ч талбайд гарах боломжтой. Ер нь хараад байхад рүүки залуу Т.Брайн болон Б.Бейл нараас бусад нь байрлал бүр дээр шинэ тоглогчид гарч магадгүй дүр зураг ажиглагдаж байна. Японы анхны НБА-д хөл тавиад буй Р.Хачимура ирээдүйд 20 оноо дундажлах хэмжээний тоглогч болчих болов уу? Эхний улиралд өөрийгөө харуулах ёстой. Баг нь түүнд хэрхэн итгэж буйгаа харуулж драфтаар аваад 2023 оныг дуустал гэрээ хийгээд байгаа. Ирж буй улирал магадгүй Вашингтон Уизардс багийн хувьд шинэ сэргээн босголтын эхлэл ч байж болох юм. Б.Бейлээс өөр бүх-одод тоглогчгүй Вашингтоны хувьд энэ жилийн плэй-офф бараг л боломжгүй харагдаж байгаа. Ж.Уоллын эзгүйд Б.Бейл болон Т.Брайнт нарын тоглолт багийн амжилтын дүр зураг тодорхойлогдоно.
Б.БЯМБАБАЯР