Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат шигшээ багийн багш дасгалжуулагчдын тухай хэд хэдэн ноцтой баримтыг өнөөдөр /2019.10.02/ дэлгэлээ. Эргэн сануулахад, Казахстан улсын нийслэл Нур-Султан хотноо болсон ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэй 53 кг-н жинд УАШТ-д түрүүлсэн М.Пүрэвтунгалагийн оронд Э.Сумъяа явсан боловч амжилтгүй оролцоод ирсэн юм.
М.Пүрэвтунгалаг охины аав С.Мөнхбат хэд хэдэн асуудлыг гарган тавьснаас гадна, шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга болон Э.Сумъяа нарыг цагдаад өгч буйгаа хэлсэн. Хамгийн сүүлд С.Мөнхбаттай чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр уулзахдаа "Э.Сумъяа 60 хоног бэлтгэл хийсэн. Түрүүлнэ, олимпийн эрхээ аваад ирнэ" гэж хэлэхэд С.Мөнхбат эх орноо бодоод дуугүй өнгөрсөн тухайгаа ярьж байсан. Мөн охинд нь шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга 50 ам.долларын үнэтэй цамц худалдан авч өгсөн, Э.Сумъяа “миний дүү юу хэрэгтэй байна” гэх мэтчилэн авилга өгөх оролдлого хийсэн гэжээ. Одоо эдгээр асуудлыг нэгтгээд цагдаад хандана, бүр цаашлаад БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц болон Монгол Улсын Ерөнхийлөгчид хандана гэдгээ хэллээ. Ямартаа ч чөлөөт бөхийн шигшээ багийн багш дасгалжуулагчдын хоорондох үл ойлголцлын асуудал үргэлжилсээр байна. С.Мөнхбатын хувьд чөлөөтийн шигшээгийнхэн жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчид шиг ухамсартайгаар ажлаа өгөх ёстой гэж үзэж байгаа ажээ.
Энэ жилийн УАШТ болон залуучуудын УАШТ-д жиндээ түрүүлсэн М.Пүрэвтунгалаг охиныг хатигтай гэсэн эмчийн магадлагаагаар дэлхийн аваргад явуулаагүй. Түүний оронд Э.Сумъяаг явуулсан. Тухайн үед М.Пүрэвтунгалагийн хатиг эдгэрсэн байсан гэнэ. Шигшээ багийн дасгалжуулагчид нэг тамирчинг дарж нөгөө тамирчинг явуулж буй тохиолдол өмнө нь гарч байсан тухай ч баримт дурдлаа. П.Чулуунбаатар дасгалжуулагчийн шавь Э.Даваачимэг охины оронд Э.Сумъяа өмнө нь хоёр ч удаа дэлхийн аваргад явж байсан аж. Түүнчдэн хатигнаас илүү ноцтой нь чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн багт эмчийн хяналтанд байдаг сүрьеэ өвчтэй дасгалжуулагч байгааг хэллээ. Шигшээ багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр нь хоёр жил орчим Халдарт өвчин судлалын үндэсний төвд сүрьеэгээр өвчилсний улмаас хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн, өдгөө эмчийн хяналтанд байдаг гэв. Мөн энэ удаагийн ДАШТ-д оролцсон баг тамирчид Казахстан руу хугацаандаа онгоцонд сууж чадаагүй тухай ч онцоллоо. Улсын төсвөөр явдаг баг тамирчдын хувьд энэхүү хариуцлагагүй байдал нь цэвэр чөлөөт бөхийн холбооны удирдлагуудтай холбоотой асуудал гэж үзэж байгаа аж.. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, А.Цэдэнсодном, Ц.Баярсайхан, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтанд зүй ёсоор тэнцээгүй. Энэ бүх алдаа завхрал нь өнөөгийн шигшээ багийн хагарал, хэрүүл тэмцлийн эхлэл тиймээс, тэднийг огцрохыг шаардаж байна гэдгээ М.Пүрэвтунгалагийн аав хэллээ.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ