Хотын дарга аа, орхигдсон дүүрэгтээ нэг ажиллаач!

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Хотын дарга аа, орхигдсон дүүрэгтээ нэг ажиллаач!

Хотын дарга аа, орхигдсон дүүрэгтээ нэг ажиллаач!

Нийслэлийн дүүргүүдээс хөгжлөөрөө хамгийн их хоцрогдсон нь Сонгинохайрхан болж хувирлаа. Хүн ам хамгийн ихтэй, хөдөөнөөс шилжин ирэгсэд олонтой энэ дүүрэгт өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийгдсэн бүтээн байгуулалтын ажлаас нэрлэ гэвэл УИХ-ын 2016 оны сонгуулийн жил эхэлж баригдсан Толгойт чиглэлийн авто зам, нэг жишиг нэгдсэн эмнэлгийн барилга баригдаж буйг эс тооцвол үзүүлье гэх ажил алга.

Хэдэн жил хэл ам таталсны хүчинд “Хилчин” хотхоныг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажил саяхнаас эхэлсэн. Бусдаар бол гялтайх ажил алга.

Гэтэл бусад дүүрэг нь нүдэн дээр хөгжсөөр. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн гэр хорооллынхон орон сууцтай иргэдийн нэгэн адил орчин нөхцөлд амьдардаг болов.  Өвлийн сууцаа цахилгаанаар халаачихна, халуун ус гоожуулаад гэртээ усандаа орчихно, дотроо 00-той гээд “Хашаандаа тохилог амьдаръя” төслийн хүрээнд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр амьдрах орчин нөхцөл нь сайжирчээ.  Эхний удаад 300 орчим өрх энэ жишгээр амьдрах боломжтой болж, дэд бүтэц нь шийдэгдээд байгаа юм. Гэтэл хаяа дэрлэн байрлах Баянхошууныхан байдаггүй. Түлш түлэхээр сайжруулсан түлшний эрэлд гарцгаан, пийшингийнхээ үнс нурмыг буулган, өвлийн бэлтгэл хангаж сууна.  Адилхан л гэр хороололд амьдарч байгаа ч Чингэлтэй дүүргийнхэн нь түрүүлж хөгжиж байна.

Цаашилбал Сонгинохайрхан дүүргийг Хан-Уул дүүрэгтэй жиших юм бол бүр хол хаягдана. Өнөөх авто зам, барилгажуулалтаар гүйцэхээсээ өнгөрсөн. Ижилсэх зүйл нь автомашины түгжрэл болов уу. Гэхдээ л Сонгинохайрхан дүүргийнх илүү. Үдшийн 22.00 цаг өнгөрч байхад ч автомашины түгжрэл нь саараагүй, нэгдүгээр хорооллоос эхлээд Таван шар, Орбит, Толгойт, 21 дүгээр хороолол, Зүүн салаа, Баянхошуу руу чиглэх авто зам битүү  түгжрэл. Өглөө ажил эхлэх үеэр такси баръя гэхэд олдохгүй, автобусандаа сууя гэхэд багталцахгүй хаягдах хүн олон.

Хотын төв рүү ажил, сургууль, цэцэрлэгт хүрэхийн тулд 21 дүгээр хороололд амьдрагчид нийтийн тээврээр зорчих бол 07.00 цагт багтаж суусан байх ёстой.  Хэрвээ дээрх цагт багтаж, автобусанд сууж чадаагүй бол 09.00 цагт ажил, сургуульдаа очиж чадахгүй. Захын дүүрэгт амьдардаг иргэдийн хувьд ч түүнээс эрт цагт багтаж гарах шаардлагатай болно.

Өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт орон сууц олноор баригдсантай зэрэгцэн хүн ам олноор нэмэгдсэн ч дагаж авто замыг өргөтгөх, шинээр барих ажил хийгдээгүй нь түгжрэлийг улам нэмэгдүүлэх болсон тухай мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч түгжрэлийг сааруулах чиглэлээр наад захын ажил хийгдэхгүй байна. Тухайлбал, 21 дүгээр хороолол, нийслэлийн 67 дугаар сургуулийн орчимд орших авто зам дагуу “Бөмбөгөр” худалдааны төвийн орчимд тавьсны нэгэн адил гүүр байршуулахад автомашинууд саадгүй нэвтрэх боломжтой.  Нийслэлийн төсөв хэлэлцэх үед энэ асуудлаа дэвшүүлээд хэдэн төгрөг суулгачихад л явган хүний гарцтай холбоотойгоор үүсэж байгаа түгжрэлийг сааруулах боломж харагдаж байгаа юм. Гэтэл иргэд нь хүсэлт тавиад хэдэн жил өнгөрөхөд асуудал шийдэгдсэнгүй. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн сонгогдсон гишүүд нь санаачлагагүй, УИХ-д сонгогдсон гишүүд нь мөн “унтаа” юу ч санаж сэддэггүй нь энэ дүүргийг бусдаасаа хөгжлөөр хоцорч, орхигдсон дүүрэг болгов.

Дүүргээс хийж байгаа ажил ч бас нүдэнд үзэгддэггүй. Ядаж л хог новшин дунд үйлчилгээ үзүүлж байгаа хэдэн ТҮЦ-ийг цэвэр орчинд үйл ажиллагаа эрхэл гэдэг шаардлагыг дүүргээс тавьж болно доо, байхгүй. "Драгон" авто вокзал, "Хар хорин" зах гээд түмэн бужигнасан газрын орчин нөхцөл авах юмгүй.  Хог, шороон дунд л амьдарцгааж байна.

Хотын дарга аа, орхигдсон энэ дүүрэгт нэг ажиллаад, амьдралтай нь танилцаад, дарга нарт нь үүрэг чиглэл өгөөд, нэг үзээч…

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж