Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хэрхэн зохицуулах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хэрхэн зохицуулах вэ?

Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хэрхэн зохицуулах вэ?

Инфляци энэ оны 8 дугаар сарын эцэст Улаанбаатар хотын хэмжээнд 10.5, улсын хэмжээнд 8.9 хувьтай гарч, Монголбанкны үндсэн зорилт болох 8 хувиас давсан. Үүний 4 орчим нэгж хувь буюу бараг талаас илүүг нь нийлүүлэлтийн гаралтай буюу мах, хүнсний ногоо, хатуу түлшний үнийн өсөлт бүрдүүлээд байгаа юм. Монголбанкнаас нийлүүлэлтийн гаралтай түр зуурын инфляцид хариу үйлдэл үзүүлж, бодлогын хүүг өсгөх буюу бууруулах шаардлагагүй гэж үзсэнээр бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, Монголбанкны бодлогын хэрэгсэл нь зөвхөн эрэлтийн гаралтай суурь инфляцид нөлөө үзүүлдэг. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн тухайд хэрхэн зохицуулах талаар эдийн засагчид байр сууриа илэрхийллээ.

Г.Бумчимэг /Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн захирал/

Монголбанкны хүрч чадах хэсэг нь эрэлтийн гаралтай инфляци. Нийлүүлэлтийг зохицуулах гэж оролдвол зах зээл дээр гажуудал үүсгэдэг. Өмнөх жилүүдэд махны, гурил будааны нийлүүлэлтийг хангах зорилгоор хямд санхүүжилт олгож байсан туршлага бий. Энэ бол төв банкны өөрийнх нь ажил үүрэгт хамаарахгүй асуудал. Аль ч улсын төв банк эрэлтийн гаралтай инфляцийг л харж, удирдаж байдаг. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийн хувьд махны үнийн өсөлт нэлээд их хувийг нь тайлбарлаад байгаа. Үүнд юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр хэрвээ махыг экспортод гаргая гэж байгаа нөхцөлд махны дотоодын үнэ экспортын үнэтэй дүйцэх ёстой. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Махны стандартаа сайжруулаад, их хэмжээгээр экспортолж байгаа бол бид тэр үнээр нь л мах авч иднэ гэсэн үг. Тэгэхээр орлогын хуваарилалт хотоос хөдөө рүү шилжиж байна. Энэ бол байх ёстой зарчим гэж харж байгаа. Гэхдээ мэдээж дотоодын махны үнэ дэлхийн зах зээлийн үнээс давахгүй. Үхрийн махны үнэ дэлхийн зах зээл дээр дунджаар кг нь 4.5 доллар байгаа. Монголын хувьд өнөөдөр тэр түвшиндөө л байна гэж харж байгаа. Тийм учраас цаашаа өсөхгүй болов уу гэж бодож байна. Монголбанкны хувьд нийлүүлэлтийн гаралтай буюу махны үнийн өөрчлөлтөд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй байх. Монголбанкны хувьд суурь инфляциа л харж, удирдаж байх нь зөв. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь Засгийн газрын шийдэх асуудал.

Б.Даваадалай /Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагч/ 

Инфляци 2016 оны сүүлээс хойш инфляци ерөнхийдөө төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Энэ оны наймдугаар сарын сүүлийн байдлаар улсын инфляци 8.9 хувь, Улаанбаатар хотынх 10 гаруй хувьтай гарсан байна. Үүнд хэд хэдэн шалтгаан байна. Юун түрүүнд сүүлийн саруудад нийлүүлэлтийн гаралтай инфляцийн өсөлт нийт инфляцийн багагүй хэсгийг тайлбарлах болсон. Тухайлбал, махны үнэ, хатуу түлш, шатахууны үнэ, бусад төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр нөлөөтэй байна. Нөгөө талдаа эдийн засгийн идэвхжил, хувь хүмүүсийн худалдан авах чадвараас хамааралтай хөдөлж байдаг суурь инфляцийн түвшин ч бас өсч байгаа. Гэхдээ хараахан аюул тарих түвшинд хүрээгүй, төв банкны зорилтот түвшинд хадгалагдаж байна. Тэгэхээр нийлүүлэлтийн гаралтай инфляцийг төв банк анхааралтай ажиглаж байгаа байх. Гэхдээ нийлүүлэлтийн гаралтай, түр зуурын шинжтэй үнийн өсөлтөд төв банк шууд бодлогын хариу үйлдэл үзүүлэх нь бусад үзүүлэлтүүдэд сөрөг нөлөөтэй, үр дүн муутай байдаг нь олон судалгаагаар нотлогдсон. Гэхдээ инфляцийн дарамт өндөр байгааг анхаарах шаардлагатай. Ирэх саруудад инфляцийн эрэлтийн гаралтай дарамт нэмэгдэх шалтгаан олон байна. Төсөв нэмэгдсэн, цалин өссөн. Тэгэхээр цалингаар дамжуулаад хүмүүсийн бодит орлого, худалдан авах чадвар өссөн. Эхний хагас жилийн байдлаар өрхийн бодит орлого 10 орчим хувиар нэмэгдсэн. Энэ бол худалдан авах чадвараар дамжаад инфляцид дарамт учруулах хүчин зүйл болно.

Б.Эрдэнэбат /МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхмийн багш/

Нийлүүлэлтийн хувьд энэ маань ашигтай бизнес болох ёстой. Бусад улсын ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд ашигтай ажилладаг, том бизнес болох ёстой юм. Тэгэхээр бид гадаад секторуудтай өрсөлддөг компаниудаа ижил нөхцөл бололцоогоор хангаж өгөх хэрэгтэй байна. Ингэснээр нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, тоог нэмэх бололцоо бүрдэнэ. Хамгийн түрүүнд үйлдвэрлэлийн хүчин зүйлс гэж бий. Үйлдвэрлэл явуулахад хэрэгтэй газар, капитал, хүний нөөц зэргийн үнэ нь бусад улсынхтай харьцуулахад өрсөлдөхүйц байх ёстой. Тэгж байж, Монгол Улсад хүнсний, махны нийлүүлэлтийн хэмжээ өсөх боломжтой. Гэхдээ бид үнэ хэзээ ч тогтмол байдаггүй зүйл. Үнэ тогтвортой байх ёстой гэж үзсэн бүхэл бүтэн социалист систем маань нуран унасан. Тэр системээ санагалзаж байгаа мэт, үнийг тогтвортой байлгах гэсэн бодлого хэрэгжүүлэх хүсэлтэй хүн шийдвэр гаргагчдын дунд олон байна. Энэ маань тухайн зах зээл жам ёсоороо хөгжихөд сөргөөр нөлөөлж, зах зээлийн механизмыг гажуудуулах, дээр нь татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулах зүйл рүү хөтлөх тал бий. Тэгэхээр бид аль ч төрлийн бизнес Монгол Улсын зах зээл дээр ашигтай ажиллах нөхцөл бололцоог л бүрдүүлж өгмөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж