Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл

Хуучирсан мэдээ: 2019.10.02-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл

Нэгдүгээр сургууль дээрх "Үдийн цай" тойрсон хэрүүл

Монгол Улсын ууган сургууль болох Нийслэлийн Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль сурагчдын үдийн цай хөтөлбөрт маш хариуцлагагүй хандаж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй талаар багш нарын төлөөлөл өчигдөр /2019.10.01/ олон нийтийн сүлжээнд мэдээлэл цацсан. Үүнийг тодруулахаар бид тус сургуулийг зорьж, удирдлага, багш нар, эцэг эхийн төлөөлөлтэй уулзлаа.

Болсон явдлыг дурдахад, Нэгдүгээр сургуулийн хүүхдүүд Даваа гаригт үдийн цайгүй өнжжээ. Харин маргааш нь буюу Мягмар гаригт сурагчдад үдийн цайнд боорцог, жүүс өгсөн байна. Үүнийг сургуулийн үйлчлэгч нар ажлын хувцастайгаа тараасан гэх гомдол гарсан. Багш нар Үдийн цайнд өгөхөөр бэлтгэсэн боорцогийг үзэхэд, ямар ч хаяг шошгогүй, хатаж удсан шинжтэй байжээ. Тиймээс энэ тухай тус сургуулийн багш нарын зүгээс эмч, нийгмийн ажилтан, нярав нарт мэдэгдэж, халдварт өвчин гарах эрсдэлтэйг анхааруулсан байна. Гэтэл өмнөөс нь “Захирал тараа гэсэн, хэрэв тараахгүй бол ажлаас чинь хална гэсэн” гэх тайлбарыг өгсөн байна.  Сургуулийн менежер хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн уг комани шинжилгээний бичигтэй, бичиггүй гэж мэдэн будилж байв.

Энэ асуудлыг тодруулахаар тус сургууль дээр хоёр хүүхэд хордлого авсан шинжтэй өвдөж өнөөдөр хичээлдээ ирээгүй гэсээр бага ангийн багш нар ярьж суув. “Өнөөдөр манай ангийн дөрвөн хүүхэд хичээлдээ ирээгүй. Тэдний хоёрынх нь эцэг, эх утсаар холбогдож, хүүхэд нь хордлогын шинжтэй бөөлжиж байгаа талаар дуулгалаа. Өчигдөр манай анги биеийн тамирын хичээлийн дараа үдийн цайндаа орсон. Харж байхад хүүхдүүд бүгдийг нь идчихсэн. Урьд өдөр нь үдийн цай өгөөгүй. Өмнө нь үдийн цай биш, халуун хоол өгдөг байсан. Гэтэл одоо хоол ч үгүй, цай ч үгүй боллоо” гэж тус сургуулийн багш нарын төлөөлөл ярилаа.

Сургуулийн хүүхдүүд  Үдийн цайнаасаа хордлого аваад эхэлжээ. Тэдний эрүүл мэнд, амь насыг хариуцаж ажилладаг сургуулийн эмч юу хийж байв. Өчигдрийн тараасан үдийн цайнд яагаад хяналт, шаардлага тавьсангүй вэ. Үүнд хариулт авахаар сургуулийн эмч Ч.Болормаатай уулзлаа.

-Үдийн цай нийлүүлэхэд та шинжилгээний бичиг, баримтыг нь шалгасан уу?

-Даваа гаригт боов, ундаа авч ирж тараасан. Тэгэхэд шинжилгээний бичиг ирээгүй байсан. Харин өчигдөр бичиг ирсэн гэсэн боловч би хараагүй байна. Бичгийг нь үзье гэхэд үзүүлээгүй.

-Ямар хүмүүс авч ирсэн бэ, таныг хэн тараа гэв?

-Тэрийг нь би мэдэхгүй. Захирал намайг үдийн цай тараа гэхээр нь тараасан.

-Тараа гэхээр нь та тараачихаж. Гэтэл хүүхдүүд өвдөөд, бөөлжөөд эхэлсэн байна, үүнд эмчийн зүгээс ямар тайлбар хэлэх вэ?

-Бичгийг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Тараа гэхээр нь яараад л бүх ангиудаар тараасан. Авч ирж нийлүүлсэн хүмүүс л буруутай байх.

-Шинжилгээний бичиг үзээгүй байж тарааж болж байгаа юм уу, амталж үзэв үү та?
-Харин тийм. Гэхдээ амталж үзсэн. Боов нь хатуу байсан.

-Захирал таныг дарамталсан юм уу?

-Есдүгээр сарын 2-нд би ажилд орсон. Тэгэхэд таны тушаалыг нэг сараар түр гаргалаа гэсэн. Гэтэл өчигдөр өглөө н.Мөнхзаяа менежер та ажлын шаардлага хангахгүй байна, өөр залуу эмч байгаа гэж хэлсэн. Тэгээд өчигдөр захирлын өрөөнд ороход үдийн цай тараахгүй бол ажлаас хална гэсэн.

Бага ангийн багш Ч.Чагцал:

-Хамгийн гол нь хүүхдүүдийн эрх зөрчигдөж байна. Хүүхдүүд өнөөдөр хоолгүй сууж байна. Сая хичээл завсарлахад бүгдээрээ аяга, тавгаа гаргаад намайг хараад суучихсан. Гэтэл өгөх хоол, цай алга. Арга ядахдаа коридорт байгаа шүүсэн уснаас уучих гэж хэллээ. Өмнө нь манайх үдийн цай биш, хоол өгдөг байсан. Тэгэхэд хүүхдүүд бүгд хоолоо сайн иддэг байв. Өчигдрийн хувьд үдийн цайнд боорцог, жүүс тараасан. Үйлдвэрлэсэн огноо, дуусах хугацаа, хаяг шошго байхгүй, хатсан боорцог байсан. Үдийн цай хөтөлбөрийг зохицуулах журам гэж бий. Журамд гар дамжуулан худалдах, гэрээт борлуулагчаас авахыг хориглоно гээд заачихсан байгаа. Мөн сургуулийн менежер шаардлага хангаагүй бүтээгдэхүүн байвал буцаах үүрэгтэй гэж тодорхой заасан байна. Үүнээс гадна хөтөлбөрийн шалгаруулалт хийхэд захирал дангаараа шийдвэр гаргахгүй, хяналтын комисс шийднэ гэжээ. Гэтэл эдгээр журмыг манай сургууль бүгдийг нь зөрчсөн. Үүнийг эсэргүүцэж бид удирдлагадаа хандаж, санал хүсэлтээ тавьсан. Гэвч үл тоож байна. Эцэг эхчүүд хүртэл Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан байна. Хариуд нь бид баг томилсон гэсэн мөртлөө одоо болтол холбогдох газраас ирж хяналт, шалгалт хийгээгүй байна. Багш нар  хүний хүүхдүүдийг хариуцаж байгаа. Тэгчихээд захирал өг гэсэн гээд хордуулаад сууж таарахгүй. Бид ингэж мэдэгдэж, яриагүй бол энэ асуудал цаашлаад хэчнээн удаан үргэлжлэх байсныг хэлж мэдэхгүй. Магад бүтэн жил ч болох байсан юм бил үү. Сургуулийн удирдлагын дүрэм, журамгүй энэ асуудлыг багш нар дагаад байвал үнэхээр ёс бус зүйл болох байх. Тиймээс бид үүнийг эсэргүүцэж байгаа юм" гэв.

Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн хувьд үдийн цай хөтөлбөрт нийт 1650 хүүхэд хамрагддаг байна. Өмнө нь “Сор Алтай” компани тус сургуульд үдийн цай нийлүүлдэг байжээ. Гэвч сурагчдын зүгээс үдийн цайны хоол амт чанаргүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хэмээн гомдол гаргасан байна. Үүний дагуу Мэргэжлийн хяналтаас шалгалт хийж, долоон арчдас авахад бүгд сөрөг буюу шаардлага хангаагүй гарчээ. Тиймээс хоёр жил хамтарч ажилласан “Сор Алтай” компанийн гэрээг цуцалж, өнгөрсөн хавар тендер зарлажээ. Тендерт “Цэгц гэрэлт” компани шалгарсан байна. Гэвч уг шийдвэрийг өмнөх компани буюу “Сор Алтай” хүлээн зөвшөөрөхгүй, тус сургуультай шүүх дээр маргаантай байгаа аж. Үүнээс үүдээд шинээр тендерт шалгарсан компани Нэгдүгээр сургуульд үдийн цай нийлүүлэх боломжгүй болжээ. Тиймээс энэ долоо хоногоос эхлээд сургуулийн удирдлага “Бенедакт” компанитай хамтрах болсноор өнөөдрийн асуудал үүсээд байгаа юм. Бид энэ асуудлыг сургуулийн захирал Д.Цогзолмаагаас тодрууллаа.

Нэгдүгээр сургуулийн захирал Д.Цогзолмаа:

-Сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалд ямар тайлбар өгөх вэ?

-Өмнө нь үдийн цай нийлүүлдэг байсан компани эрүүл ахуйн шаардлага хангаагүй учраас гэрээ цуцалсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналт шалгалт хийж тогтоосон. Тиймээс бид шинээр тендер зарлаж, “Цэгц Алтай” компани шалгарсан. Ингээд өмчийн харилцааны газартай гурвалсан гэрээ хийх гэтэл манай сургуулийн нягтлан тендерийн сонгон шалгаруулалт шударга яваагүй гээд гомдол гаргачихсан байсан. Үүнээс болоод гэрээ гацсан. Нэг талдаа өмнөх компанитай бид шүүх дээр маргаантай, нөгөө талдаа тендерт шалгарсан компанитай гэрээгээ хийж чадддаггүй. Үүнээс болоод сурагчид үдийн цайгүй сууж байна.

-Нягтлан яагаад гомдол гаргах болов, нягтлангаа өмнөх цайны газрын эрх ашигтай холбоотой гэж та үзэж байга юм уу?

-Намайг сургалттай байх хооронд манай сургуулийн нягтлан цайны газрын хүнтэй ирж нарийн бичигтэй уулзсан байдаг. Ингэхдээ тэр хүн манай нягтланг загнаад явж байсан гэсэн. Ямар компани шалгарсан юм, материалаа гаргаад ир, Өмчийн харилцааны газар руу залга гэх мэтээр загнасан гэсэн.  Үүний дараа манай нягтлан тендер шударга бус явагдсан гэсэн гомдол гаргасан болохоор хардах үндэслэлтэй

-Та сургуулийн эмчийг дарамталсан юм уу?

-Тэр бол цэвэр гүтгэлэг. Өчигдөр би эмчтэйгээ уулзаагүй.

-Ер нь журам дээрээ гэрээт борлуулагч болоод гар дамжин худалдаалсан бүтээгдэхүүнийг үдийн цай хөтөлбөрт нийлүүлэхгүй гэсэн байгаа шүү дээ. Та тэр журмыг уншсан биз дээ?

-“Бенедакт” компани үдийн цай нийлүүлээд олон жил болж байгаа. Анх үдийн цай нийлүүлж эхлэхэд ажилласан компани. Бид хүүхдийг үдийн цайгүй байлгах ёсгүй. Тиймээс  яаралтай арга хэмжээ авах үүднээс Өмчийн харилцааны газар руу хандсан. Тэгэхэд үдийн цай ханган нийлүүлдэг байгууллагууд байгаа, та тийшээ ханд гэсэн хариу өгсөн. Ингээд бид бусад сургуульд үдийн цай албан ёсоор нийлүүлдэг “Бенедакт” компанид хандсан. Тэгээд 14 хоногийн хугацаанд түр хамтарч ажиллах гэрээ байгуулахаар болсон. Гэтэл өмнөх гэрээ цуцалсан “Сор Алтай” компани бүтэн сар ажиллаж байхад огт дугараагүй хэрнээ өөр компанитай хамтрах болохоор эсэргүүцэж байгаа нь цаанаа өөр ашиг сонирхол байгаа гэж үзэж байна. Багш нарыг толгойлоод явж байгаа нэг  хүн байгаа. Бид бүгд түүнийг мэдэж байна" хэмээн  сургуулийн захирал өөрийгөө өмгөөлж байлаа.

"Манай хоёр охин энд сурдаг. Өчигдөр боов өглөө гээд идээгүй барьчихсан ирсэн. Хаяг, шошгүй л юм харагдсан. Өнөөдөр сонсоход хүүхэд өвдсөн гэж байна. Уг нь төсөв мөнгийг нь нэмээд ч болов өдөрт олигтой шим, тэжээлтэй хоол өгмөөр байна. Хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, найдваргүй газраас хоол, хүнс нийлүүлж байгаад харамсаж байна. Хүүхдүүд өдрийн ихэнх цагийг сургуул дээрээ өнгөрөөдөг. Мэдээж өлсөж, цангана. Тэгээд ийм найдваргүй, баталгаагүй хоол, цай өгөхөөр яах юм бэ, болохгүй шүү дээ. Би одоо санаа зовж, түгшиж л байна. Өдрийн хоолны төсөвт эцэг, эхээс мөнгө гаргаж болох юм. Гэхдээ хүмүүсийн амьдрал янз бүр шүү дээ" хэмээн тус сургуулийн эцэг эхийн төлөөлөгчид санаа зовниж байв.

        Нэгдүгээр сургуулийн хамт олон ийнхүү хөнжил дотроо хөлөө жийлцэж байхад  түмний хүүхэд өгсөн үдийн цайнаас нь хордоод эхэлжээ. Сургуулийн захирал Д.Цогзолмаагийн хардаж байгаагаар “Үдийн цай хөтөлбөр” аль хэдийн бизнес болсон.  Ихэнхдээ муу хүмүүсийн гарт орчихсон" гэв. Тэрбээр захирал болоод удаагүй байхад тус сургуульд үдийн цай нийлүүлдэг компанийн хүн өрөөнд нь орж ирсэн байна. Ингэхдээ 1.500.000 төгрөг өгчээ. Учрыг нь асуувал Үдийн цай нийлүүлдэг компани төрөөс 15 сая төгрөг аваад арван хувийг нь захиралд өгдөг гэжээ. Ийм бичигдээгүй хууль мөрдөгдөөд удаж буйг хэллээ.

Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхэд өдөрт 600 төгрөгийн хоол иддэг. Энэ мөнгөөр бид нэг хуушуур ч авч чадахгүй. Иймээс энэ хөтөлбөрийг нэг бол зогсоох нөгөө бол төсвийг нь нэмэх шаардлагатай болсон нь нэгдүгээр сургуульд болж буй үйл явдлаас харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж