Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд гэр бүл, журмын нөхөд болон Ардчилсан намын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Цэцэг өргөх ёслолд С.Зориг агсны ах С.Баяр, АН-ын дарга С.Эрдэнэ нар болон ойр дотны хүмүүс ирсэн байв. Одоогоос 21 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны хар өдөр "Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг С.Зориг бусдын гарт онц ноцтойгоор амь насаа алдса.н
Цэцэг өргөх ёслолын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг нь нийтэд зарлах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
ХУУЛЬЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧИЙГ ИЛРҮҮЛЭХ ХҮСЭЛГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ:
-Улс төрчид 20 гаруй жил С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлнэ гэж ярьдаг. Энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ. Зарим хүмүүс хэргийн захиалагчийг мэднэ, зарлана гэж үргэлж ярьдаг. Энэ хэргийг илэрч байна уу гэдгийг прокуророос асуух ёстой гэж хуульч хүний зүгээс харж байна. Хэдийгээр аллага үйлдэгдсэнээс хойш 21 жил болж байгаа ч уг хэргийг тавхан прокурор хянасан. Өнөөдөр прокурорын байгууллагад буй Эрүүгийн хэргийн зүйчлэл, тагнуулын байгууллага дахь зүйчлэлийг харахад С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг олох ажиллагаа явагдаж байна гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хэргийг нь хэрэгсэхгүй болгох ёсгүй. Гэхдээ Ц.Нямдорж сайд 22 жил хууль зүйн салбарыг толгойлохдоо С.Зориг агсны хэргийг илрүүлж, захиалагчийг олох хүсэлгүй байна. Хэргийг илрүүлэхгүй удаах ямар шаардлага байгааг ойлгохгүй байна. \
С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГТ ЯЛЛАГДСАН ХҮМҮҮСИЙГ ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГ БОЛ ЭВЛҮҮЛЭГ ШҮҮ ДЭЭ
Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:
–Өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахгүй байна. Монголын хуульзүйн салбарыг 22 жил толгойлсон хүн Эрүүдэн шүүснийг нь мэдээгүй байдаг юм. Захиалагчийг нь зарлах болохоор л хэргийг үймүүлдэг. Түүний амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй гурван хүнийг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг кино зураг гэж харж байна. Эрүүдэн шүүсэн гэх тэр эвлүүлэгтэй кино зургийг үзсэн. Тэр бол эрүүдэн шүүсэн хэлбэр биш. Ийм кино зохиолоо болих хэрэгтэй. Эрүүдэн шүүсэн гэх тэр бичлэг эвлүүлэг байна билээ. Маш өндөр хүчин чадалтай камераар авсан. Шоронгийн камерт нягтрал сайтай камер байдаггүй. Эрүүдэн шүүлт гэж ярьж байгаа бол хөдөлмөрийн чадвараа алдсан өчнөөн мянган иргэн байна. Тэгвэл хэлмэгдсэн эдгээр иргэдийн өмнөөс Ц.Нямдорж, Батзандан, Л.Болд нар дуугарахгүй байгаа юм. Улс төрийн ашиг хонжоо харахдаа л тодорхой асуудалд дуугардаг, ард түмний нийтлэг эрх ашиг хөндөгдөхөд дуугардаггүй байж болохгүй. Одоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил тод зарла. “Нууц” гэдэг үгийн ард улс төр хийж тоглохоо одоо больцгоо гэлээ.
ЗАХИАЛАГЧИЙГ ИЛРЭХ ХҮРТЭЛ САНАА АМРАХГҮЙ
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн ах С.Баяр хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үедээ "Манай гэр бүлийн зүгээс хэргийн захиалагч илрэх хүртэл гомдолтой байгаа” гэдгийг онцолсон юм.
Төрсөн ах С.БАЯР:
-Аллага үйлдэгдээд 21 жил болж байна. Энэ хугацаанд С.Зоригийн ар гэр болсон бидний зүгээс төр засагт хандаж амь насыг нь хөнөөсөн хэргийг хурдан шийдвэрлэх талаас нь олон удаа хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл дүүгийн маань амь насыг хөнөөсөн хэрэг бүрэн шийдэгдээгүй байна. Бидний хувьд хэргийн захиалагч, аллагыг зохион байгуулсан эзэд олдохоос нааш санаа амрахгүй. Бидний хувьд гомдол тайлагдахгүй л байна. Хэргийн үнэн илэрнэ гэдэгт итгэсээр ирсэн. Энэ хэрэг бүрэн илэрч байж ар гэрийн хувьд төдийгүй ард түмний хүндэтгэдэг хүүгийнх нь харамсалтай тавилангийн эцсийн хариуг л сонсоно гэж бодож байна.
С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙН ҮНЭН ЗӨВ ИЛЭРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ
Монгол түмний хайртай хүү болох С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн хүмүүсийг сэтгэгдлийг сонсов.
МОАХ-ны хүндэт гишүүн Л.БААТАРСҮРЭН:
Өнөөдөр Монголын ард түмний түүхэнд бичигдсэн хар өдөр тохиож байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүс бол хэлмэгдсэн. Ард түмний олонх нь ч надтай адил бодож байгаа байх. Гэхдээ энэ хэргийн үнэн зөв илрээсэй гэж итгэхдээ бурхан болсон өдрөөр нь зул өргөж хүндэтгэл үзүүлэхээс илүүг хийх чадал надад даан ч алга. Хэзээ нэгэн цагт С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн үнэн зөв илэрнэ.
Иргэн Д.ЛОДОЙДОРЖ:
С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нь тодорхой гэдгийг ч ард түмэн мэдэж байгаа.
Гэхдээ улс төржүүлээд хэргийн үнэн зөвийг илчлэхийг хүсэхгүй байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй гурван хүнд хилс хэрэг тулгасан. Тэд амь насыг нь хөнөөсөн гэдэг нь худлаа гэж боддог.
Ардчиллын анхдагчдын нэг Б.АРСЛАН:
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Хууль зүйн сайд Ц.Нямдорж хамаатай гэж боддог. Хэргийг улс төрийн зорилгоор л нууцалж, илчлэхгүй байна. Жил ирэх тусам л С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг бүдгэрч, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэхээр ирдэг хүмүүс ч цөөрөх боллоо.
Ард түмэн хайртай хүүгээ алдсандаа үнэхээр их харамсдаг, хэргийн үнэн зөв олдоосой гэж хүсч байгаа шүү дээ. Гэтэл энэ хэргийг илрүүлэхийг улс төрчид хүсэхгүй байна. Нэрийг нь дурдаж шоу хийхдээ ашиглах сонирхолтой байна гэж хардаг. Нөгөө талаасаа С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдох ял эдэлж буй гурван хүн бол огт гэмгүй биш. Тодорхой хэмжээгээр буруутай.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ