Тайвань улсын Еилан хотод өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний Мягмар гаригт гүүр нурж, загасчдын завь дарагджээ. Нийт 140 м урттай, нэг нуман бэхэлгээтэй уг гүүр нурж буй нь орчны ажиглалтын камерт бичигдэн үлдсэн байна.
Шатахуун түгээгч том оврын автомашин зорчих үеэр гүүр нурж, загасчдын гурван завь дарагдаж буй нь бичлэгээс харагдаж буй юм. Шатахуун түгээх машин усанд унаснаасаа хойш удалгүй шатаж, өтгөн хар утаа баагиж эхэлжээ.
Урьдчилсан дүгнэлтээр, уг ослын улмаас зургаан филлипин, гурван индонез загасчин, шатахуун түгээгч машины тайвань жолооч, хоёр иргэн нийлээд 12 хүн шархадсан талаар Тайваний гал сөнөөх газраас мэдээлж байна.
Албаныхан ослын голомт руу аврах анги илгээсэн бөгөөд зургаан гадаад ажилчин бүхий гурван завины нэгийг үдэд гаргаж авсан боловч үлдсэн хоёр завийг гаргаж чадаагүй хэвээр байгаа аж.
Эх сурвалжууд "Ослоос хойш багагүй хугацаа өнгөрлөө. Осолд өртсөн зургаан гадаад ажилчны дөрвийнх нь цогцсыг олсон. Үлдсэн хоёр ажилчин амьд үлдсэн байж болох ч агаарын дутагдалд орж болзошгүй байна" гэж мэдээлжээ.
Тайваний гал сөнөөх газрын дарга Сү Сонг-И "Үзэгдэх орчин муутай, хүнд нөхцөлд аврах ажиллагаа үргэлжилж байна. Үлдсэн хоёр завийг гаргаж авахын тулд аврах ангийнхан бүх чадлаараа хичээж байна" гэж хэлсэн байна.
1998 онд баригдсан тус гүүр нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн Даваа гаригт тус бүс нутгийг хар салхи дайрч өнгөрсөн ч гүүр нурах үед цаг агаар тогтуун байжээ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: CHANNEL NEWS ASIA
Холбоотой мэдээ